Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 95 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см-т хүрээд байна. Мөн Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см даван тус тус үерлэж байна.
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.