Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралддаг байна. Энэ жилийн Улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэл Хүй долоо худагт эхэлжээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх болсон. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх аж.
Мөн унаач хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн. Мөн унаач хүүхдээс эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах юм байна. Эцэг, эх асран хамгаалагчын зөвшөөрөлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй аж.
Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ:
1.Уяачийн иргэний үнэмлэх
2.Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ
3.Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт
4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
5. Эцэг эхийн зөвшөөрлийн бичиг
6. Уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх