“Монголын цэрэг, армийн дуу, маршийн хаан” хэмээн алдаршсан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч П.Хаянхярваатай хөөрөлдлөө.
-Та сайхан зусч байна уу. Бие лагшин тунгалаг уу?
-Сайхан зусч байна аа, хүү минь. Энэ муу хөлнөөс бусад нь бурхны аврал, олон түмний дэм, ханийнхаа түшгээр гайгүй л байна.
-Хоёулаа ярилцлагаа таны цэрэг армитай амьдралаа холбосон замнал, хөгжмийн урлагт хөл тавьсан түүхээс эхлэх үү дээ?
-Одоогийн өндөрлөгөөс харахад миний бие цэрэг армид 40 жил алба хааж, улсад 50 гаруй жил ажиллаж, хөгжмийн урлагт өөрийн амьдралын 72 жилийг зориулжээ. Энэ урлагт анх хөл тавьсан нь санаандгүй явдал байлаа. Миний аав цэргийн хөгжмийн нэртэй удирдаач хүн байсан юм.
-Хэн гэж хүн байв?
-Дэд хурандаа Банзарын Пүрэвжав гэж армийн хөгжмийн албаны дарга (тэр үед байцаагч гэдэг байж) хүн байлаа. Аавтайгаа л өссөн болохоор байнга сонсдог цэргийн хөгжимдөө их ойрхон байсан хэрэг. Тэгээд ч аавынхаа ажил мэргэжлийг өвлөх хүсэл тэмүүлэл эрт төрсөн байх. Гэвч давжаа жижигхэн биетэй байсан болохоор цэргийн алба, түүний дотор цэргийн хөгжим хүүд минь хатуудна гээд аав маань дургүй талдаа байсан.
“Эрэг шурагт дуртай юм чинь миний хүү техникийн хүн бол” гэж аав намайг ятгана. Би өөрийн цөөхөн тоглоомоо эвдэж, бас яаж ийгээд босгочихдог хүүхэд байлаа л даа. Ээж минь харин өөр бодолтой, намайг дэмждэг байсан юм. “Хүү минь сонирхсон юмандаа л яваг” гэсэн бодолтой, түүнийгээ ч хэлдэг байлаа.
Үүндээ ч тууштай байж 1947 оны тавдугаар сарын 1-нд Ерөнхий сургуулийн хөгжмийн ангид хөтөлж очоод оруулчихсан. Эхний нэг сар ямар ч хөгжим барьж үзсэнгүй. Томчуудын гар хурууны үзүүрт гүйж, байн байн неваль (жижүүрийн туслах) хийх дуртай. Тэр нь надаас өндөр шахуу сэлэм зүүж явдаг болохоор сүртэй, сайхан санагддаг байж билээ.
Хүн сэлмийг ташаандаа зүүж явдаг бол би тэврээд л гүйчихдэг байлаа. (инээв) Хожим сонсоход хөгжмийн маань анхны багш, хөгжмийн нэртэй зохиолч Г.Таванцэрэг надад бариулах, сургах хөгжмийн зэмсгээ оноож чадахгүй сар болсон гэдэг юм. Нэг нь томдоод нөгөө нь хатуудаад байсан хэрэг. Гэтэл тэр зун манай хөгжмийн салаа Сүхбаатар өртөөнөөс нүүрс татах ажилд дайчлагддаг юм байна.
Надаас бусад нь ажилд явж, намайг байраа харуулахаар үлдээхдээ Таванцэрэг багш нэг калернет (модон үлээвэр хөгжим) бариулчихлаа. “Наадахаа сайн үлээгээд байж бай. Нэг л өнгө гарна, сайн чагнаарай” гэчихээд яваад өгсөн.
Долоо хоног хий чахарсан дуу л гараад байснаа уйгагүй үлээсний эцэст бага октавын ми гэдэг калернетийн дээд өнгө дуугарлаа шүү. Түүнд урамшаад өөрийн мэдэх хэд хэдэн дууг оруулж үзсэн чинь болж байна аа. Ингэж л хөгжмийн урлагт насаараа зүтгэх зам мөрөө эхэлж, улс хувьсгалын 26 жилийн ойн баярын парадад жагсч, концертын хөтөлбөрт нь оролцож байлаа.
Яармагийн Индэрийн талбай дахь баярын үйл ажиллагааг дуусгаад Буянт-Ухаад байрласан цэргийн зусланд ирээд амарч байтал “Жагсаад” команд өгч байна. Салаагаараа жагстал “Сурагч Хаянхярваа жагсаалаас гарч, урагш гурав алх” гэх юм. Зэмлүүлж шийтгүүлэх зүйл юу хийснээ бодоод нүдэндээ нулимстай зогсч байлаа.
Гэтэл жагсаалын дарга “Богино хугацаанд хөгжмийн зэмсгээ эзэмшиж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн сурагч Хаянхярвааг сайшааж, хувийн хэрэгт нь тэмдэглэж байна” гэлээ. Баярласан ч гэж жигтэйхэн. Хөгжмийн урлагаас хүртсэн миний анхны шагнал нь тэр сайшаалын үг байсан даа.
(Түүний сэтгэл ихэд хөдөлж байгаа бололтой. Уртаар санаа алдсанаа хэсэг санааширсан ч нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа)
-Хүн урмын “амьтан” болохоор нэг сайхан үг ч нисэхийг шахуулдаг нь жам юм даа. Түүнээс хойш мэргэжлийн тал руугаа явахад ямар сургууль соёл дүүргэдэг байв. Бодвол Орост л бэлтгэдэг байсан болов уу?
-Манай цэргийн хөгжим бараг 1990-ээд оны дунд үе хүртэл шавь сургалтаар боловсон хүчнээ бэлтгэдэг байлаа. Туршлагатай, ахмад багш хөгжимчид нь залуусаа дагалдуулан сургадаг гэсэн үг. Би ч ийм л сургалтаар Чүлтэм багшийгаа дагалдаж 1957 он хүртэл явсан.
Энэ хугацаанд Ерөнхий сургууль, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Цэргийн ансамбльд арван жил хөгжимчин байлаа. Аав ч овоо үнэлдэг болсон. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Цог генералд хүсэлт гаргаснаар би Москва хотын Цэргийн хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиосон юм.
Тухайн үед анхлан суралцагч гадаадын иргэнийг нэг жил хэлний бэлтгэл, хөгжмийн онолд сургадаг байсныг би хоёр сарын дотор гүйцээж, үндсэн ангид элсээд дөрвөн жил суралцаж төгссөн дөө.
-Будаг нь ханхалсан, хөгжмийн дээд боловсролтой хүн нөгөө “сразу майор” гэдэг шиг л ажилтай болно биз дээ?
-Сургуулиа төгсөөд 1961 оны зургаадугаар сард ирсэн чинь намайг хүлээж авч уулздаг хүн олддоггүй ээ. Улс хувьсгалын 40 жилийн ой болох гээд бэлтгэлээ базааж, зав чөлөөтэй албан тушаалтан байхгүй. Батлан хамгаалах яамны үүдийг нэлээд хэдэн өдөр сахилаа.
Үүдний жижүүр, ахмад цолтой хижээлдүү эр ч надаас залхах янзтай. “Дүү минь, чи наадмын дараа ирсэн нь дээр байхаа даа” гэж зөвлөж байна. Үнэндээ ч тийм бололтой юм. Тэр ёсоор наадам өнгөрөөгөөд иртэл “Наймдугаар сарын 19-нд Сайдын зөвлөлийн хурлаар оруулна” л гэж байна.
Тухайн өдөр нь Армийн хөгжмийн дарга Цэрэнпил хурандаа намайг дагуулаад явчихлаа. Тэндээс Цэргийн хөгжмийн найруулагчийн томилопт авчихсан, ахлах дэслэгч цолтой, давжаахан амьтан баяртай нь аргагүй гарч ирсэн. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд сэтгэл догдлон сууж байтал манай ансамблийн дуучин Ж.Долд гэж өндөр цагаан нөхөр гэрт ирдэг юм байна.
“За сургуулиа амжилттай дүүргэсэнд баяр хүргэе. Ажлын анхны өдөрт чинь зориулж нэг дууны шүлэг бичлээ” гэж байна. Тэр жилийн баяр наадам их сайхан болсон юм.
-Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Цэрэн аварга армийн байлдагч байхдаа наадамд түрүүлсэн гэдэг бил үү?
-Тийм. Хожим мэдэхнээ Цэрэн аваргад л зориулсан дуу байсан юм. Долд маань цэргийн дууны яруу найргийн мастер байлаа шүү дээ. Эхлээд би дууны ая бичиж үзээгүй гэдгээ хэлж баахан цааргаллаа. Гэтэл ээж маань “Чи нэгнийхээ урмыг бодоод ядахдаа шүлгийг нь уншаад үзээч” гэж байна.
“Дэлгэр нутаг аа хө Цэлгэр орон оо хө Хамгаалж сууна аа Хайртай нөхөдтэйгөө…” гээд шүлгийг нь уншихтай зэрэгцээд ая ороод ирдэг юм. Миний аяыг нь бичсэн “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” гэдэг дуу ингэж анх төрсөн түүхтэй.
Түүнийгээ Цэргийн ансамбль дээр авчраад хөгжмийн дагш Дарамзагдцаа үзүүлсэн чинь ганц хоёр ноот засч өгөөд “Удахгүй ард түмний дуу болно, наадах чинь” гэж урам хайрласан юмдаг. Үнэхээр тун удалгүй олон нийтийн дунд, түүний дотор цэрэг армийнхны сүлд дуу шахуу уран бүтээл болсонд баярлаж явдаг юм. Одоогийн та нарын хэлээр бол уншихтай хит болж байлаа. (ихэд инээв)
-Түүнээс хойш мөн ч олон дуу, цэргийн хөгжим, марш таны оюун ухаан, гараас гарсан байх даа. Багцаа байна биз?
-1949 оны өвөл Таванцэрэг багш намайг дуудаж “Хаянхярваа, чи гармон (баян хуур) сурах уу” гэж асуулаа. Зөвшөөрөөд Цэргийн ансамбль дээр анхлан хичээллэж эхэлсэн гармон хөгжмийн сургалтад хамрагдсан. Г.Бирваа багш 14 хоног биднийг чөлөө завгүй “нүдэж” Дарамзагд, Дамбийжанцан, Бадарч, Лувсан бид тав курсээ онц төгслөө.
Тэр үеэр Үлгэр жишээ үлээвэр хөгжим байгуулагдаж, би тэнд очсон нь хөгжмийн зохиол бичиж сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж боддог. Ялангуяа цэрэг эх орны сэдэвтэй дуу миний бүтээлийн 60-70 хувийг эзэлдэг нь ийм учиртай. Долд, Лувсан хоёрын үгэнд л голдуу ая хийсэн байдаг юм.
Гэхдээ цэргийн дууны үг цаг үетэйгээ нийцэж байхтай холбогдон зарим нь дуулагдахаа больж, түүх болж үлдэх нь бий. Харин марш, бүжгийн хөгжим, найрал хөгжмийн зохиол, дууны ая гээд бүхий л төрөл жанраар бичсэн бол байдаг юм. Тэдгээрийг барагцаалбал 4000 орчим бүтээл байгаа. Одоо ч хөгжим зохиож бичсээр л байна.
Ямар ч ажил мэргэжилтэй хүн байсан түүндээ үнэн голоосоо дуртай, хайртай байх ёстой юм билээ. Би энэ цэргийн хөгжимдөө шимтэж дурласны хүчинд амт, үр өгөөжийг нь бишгүй хүртсэн хүн. Саяхан зураач С.Саранцацралтын ярилцлагыг уншлаа. Тэр бүсгүй “Хүн өөрийн бүтээх зүйлийг тухайн цаг үедээ хийж, тэр цаг хугацаандаа л амьдардаг юм байна” гэж хэлсэн байна билээ.
Залуу хүн мөртлөө ямар их ухаантай юм бэ гэж бодсон. Түүн лүгээ адил би өөрийн үедээ амьдарч, энэ цаг үед бүтээлээ туурвиж, тэдгээр нь үүргээ гүйцэтгэсэн гэж ам бардам хэлж, сэтгэл дүүрэн явдаг юм. Би цэрэг армийнхаа хүчинд өдий зэрэгтэй явж, төдий тооны бүтээл туурвиж, Цэргийн ансамбль, Дуурийн театрыг удирдаж, төр засгийн хайр халамжийг ч бишгүй нэг хүртлээ. Товчхондоо, би өөрийн амьдрал, уран бүтээлдээ сэтгэл хангалуун байж наян насны босго даваад явж байна.
-Та Ардын хувьсгалын баяр наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд найрал хөгжмийг удирдаж байв уу?
-Томоохон олон баярын концерт, “Учиртай гурван толгой” дуурийн найрал хөгжмийг дохиж л явлаа. Яг Цэнгэлдэх хүрээлэнд бол 1972 оноос ойш зургаан жил найрал хөгжмийг ажил үүргийнхээ дагуу зохион байгуулж байсан. Тэр үед Армийн хөгжмийн даргаар ажиллаж байлаа.
Өнөөдөр эргээд бодоход би цэргийн хөгжимд хүчин зүтгэх хувьтай хүн! байж. Бирваа, Цэрэндорж, Таванцэрэг гээд хөгжмийн урлагийн оргил болсон олон сайхан багш нараар хөлөө дөрөөнд, гараа ганзаганд хүргүүлэх азтай юм байж. Бас амьд үлгэр дуурайл болсон аавынхаа ачийг мартаж огоорохын аргагүй юм.
Өнөөгийн хүүхдүүд эрхэлж буй ажил мэргэжлийнхээ чиглэлээр гадаад дотоодод суралцаж, өндөр мэдлэг боловсролтой болж байгаад баярладаг. Гэвч Монгол Улсынхаа түүх соёл, өв уламжлал, ядаж ажиллаж буй салбарынхаа үүсэл замналыг мэдэхгүй, сонирхохгүй байх шиг санагддаг юм. Түүнээс гадна амжилт ололт, гавьяа шагналд хүрсэн зарим залуу багшийнхаа тухай ер дурсдаггүйд гайхдаг. Түүхгүй улс, багшгүй алдартан, уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй юм шүү, хүүхдүүд минь.
-Танд баярлалаа. Удахгүй болох улс хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, урт насалж, удаан жаргахын ерөөлийг өргөе өө.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин