Наадмын дараа намар, Иргэд сайжруулсан түлш биш, нүүрсийг илүүд үзэж байна

Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглүүлэх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр олонх иргэд намар хүйт оронгуут нүүрсээ л түлнэ хэмээн ярьж байгаа ч сайжруулсан түлшийг нийслэл хотын хэмжээнд аль хэдийнэ нөөцлөөд эхэлсэн байна.
Учир нь Засгийн газраас өнгөрсөн хавар баталсан 62 дугаар тогтоолд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор зааасан юм. Нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг нийслэл дундын агуулахад нөөцөлж, улмаар зургаан дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Тусгал.мн хүйтний улиралд нүүрс хэрэглэдэг иргэдээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудаас гаргасан дээрх шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь асуусан юм.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч Б. Цэрэннадмид:
-Надад тэр шийдвэр энэ тэр нь хамаагүй ээ. Намар сэрүү орохоор нүүрсээ л түлнэ гэж бодож байгаа. Манай Гачуурт тосгон хотоос зайдуу учраас намар 8 сарын сүүл, 9 сарын эхээр гадаа жоохон хүйтрээд эхлэхэд л гэр дорхноо сэрүү орчихдог. Ер нь тэгээд нүүрнээс илүү сайн дулаацуулж чадах илчтэй түлш гэж байдаггүй юм.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч Н.Гүндсамбуу: Сайжруулсан түлш нь тийм сайн дулаацуулдаг, илч сайтай, тэгээд дээр нь үнэ ханш боломжийн юм бол хэрэглэж болж л байна.
Манайх жил бүрийн намар Багануурын нүүрсийг бөөнөөр нь худалдаж авдаг. Багануурын нүүрснээс илүү халааж чаддаг тийм сайн түлш юм уу гэж асуумаар байна л даа. Нүүрснээс хямд үнэтэй түлш юм бол худалдаж аваад хэрэглээд үзэж бололгүй яахав.
-Баянгол дүүргийн дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Баярцогт:
Манайх бол байрны айл л даа. Харин хоёр хөгшин маань Зурагтад хашаа байшинд байдаг юм. Намар 9 сард хүйт орохоос эхлээд хавар 5 сар гартал яг илүү ч үгүй дутуу ч үгүй хоёр портер нүүрс хэрэглэдэг. Нүүрснээс илүү сайн халаадаг түлш байдаг юм уу.
Би л мэдэхгүй юм байна. Бас л нэг бизнес хийх арга байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө утаагүй зуух гээд баахан зуух тараасан. Бас шахмал түлш гээд янз бүрийн түлш түлж үзсэн. Даанч тэр нь нүүрс шиг сайн халаадаггүй, дулаанаа барьдаггүй түлш байсан шүү дээ. Шууд ингэж ард иргэдээ бодолгүйгээр нүүрс түлэхийг хориглоно энэ тэр гэж болохгүй байх аа.
Тэр тушаал шийдвэрийг гаргаж байгаа дарга нар өөрсдөө дандаа дулаан байранд амьдардаг хүмүүс байгаа биз дээ. Хашаа байшинд, гэрт амьдардаг хүмүүс өвөл яаж шуухан өвөлждөг зовлонг тэр дарга нар өөрсдөө мэдэх юм уу. Би л лав намар хүйтрэхээр аав ээж хоёртоо сурсан дассан нүүрсийг нь авч өгнө гэж бодож байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин