Санхүүгийн зохицуулах хорооноос нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудад өнгөрсөн сард шалгалт хийж эхэлсэн. Шалгалтад 437 ББСБ-ыг хамруулан, үнэлгээ, дүгнэлт өгөх шатандаа үргэлжилж байгаа.
Харин энэ долоо хоногт хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дод хийх хяналт шалгалтын ажил эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 289 ХЗХ тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаж буй. Эдгээрийн 186 нь буюу нийслэлийн хоршоод шалгалтад хамрагдах юм.
Шалгалтаар хоршоодын үйл ажиллагааг бүхэлд нь бус салбарын болон нийтлэг хууль тогтоомжийн хэрэгжилт, тэр дундаа “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт ямар байгааг хянаж үзнэ.
Энэ оны тавдугаар сараас санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүй, зохицуулалтын орчин, үүний дотор олон улсын болон бүс нутгийн шинж чанартай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах талаар тодорхой заавар, чиглэл өгчээ.
Энэхүү сургалтын үр дүн, өгсөн заавар, зөвлөмжийн биелэлт ямар байгааг энэ удаагийн хэсэгчилсэн хяналт шалгалтаар нягталж, үнэлгээ дүгнэх аж.