Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт байдаг хирсний дархан цаазат газарт доод тал нь гурван хулгайн анчин арслангуудын зоог болсныг саяхан илрүүлжээ. Сибуя Гэйм Резерв дархан цаазат газрын ажилтан өнгөрсөн Мягмар гарагт хэсэг хүний тасарсан мөчнүүд, толгой зэргийг олсон байна.
Хэд хэдэн гутал, сүх, төмөр утас таслагч, дуу намсгагчтай буу зэрэг эд зүйлс хэвтэж байсан нь эдгээр хүмүүс хирсний ангуучид байсныг баталжээ. Тэр хавийн 70 гаруй км.кв талбайд нисдэг тэргээр хайгуул хийхэд өөр зүйл олдоогүй байна. Галт зэвсгүүдийг урьд өмнө нь хулгайн анд ашиглагдаж байсан эсэхийг цагдаа нар шалгаж эхэлжээ.
Уг мэдээлэл тарсны дараа байгаль орчны төлөө тэмцэгчид арслангуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна. Тухайлбал АНУ-ын жүжигчин Жэймс Вүүдс “Байгаль эх үргэлж ялдаг…” гэж твиттер хуудсандаа бичсэн бол Британий TV од Пирс Морган “Хөөрхий арслангуудын гэдэс битгий өвдөөсэй” гэж бичжээ.
Сибуя Гэйм Резерв нь заан, хирс, буффало, арслан, ирвэс зэрэг зэрлэг амьтдын өлгий нутаг юм. 2016 онд хулгайн анчид эндээс гурван хирс агнаж, эврийг нь тасдаж авсан байжээ. Хирсний эврийг Азийн зарим оронд уламжлалт эмийн түүхий эд болгодог ба Вьетнамд нэг килограм эвэр $100,000 хүртэл үнэ хүрдэг байна. Өнгөрсөн оны туршид 1,000 гаруй хирс Өмнөд Африкт хууль бусаар агнагдсан юм. Гэтэл 2007 онд ердөө 13 хирс хэлмэгдэж байжээ.
Тус улсад дэлхий дээр амьд байгаа 29,000 орчим тоо толгойтой хирсний 80 хувь нь байдаг тул хулгайн анчдыг соронзон мэт татдаг юм. Одоо Африкт 20,000 орчим цагаан хирс мөхлийн ирмэгт байгаа бол 5,000 орчим хар хирс устах онц аюултай түвшинд хүрээд байгаа. Баруун Африкийн хар хирсний дэд төрөл зүйл нь 2011 онд устаж алга болсон гэж үздэг юм.
Эх сурвалж: BBC
2 comments
Манай хулгайн анчдыг сүрэг чоно сүйрүүлээсэй.
SAIHAN MEDEE BAINA