Иргэд амралт зугаалгаар олон байгалийн сайханд зорчих нь ихсэж байна. Тиймээс иргэд юуг анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна. Зуны дэлгэр цагт иргэд амралт зугаалгаар байгалийн сайханд амардаг.
Тиймээс юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө өгье. Нэгдүгээрт, очсон газрынхаа онгон дагшин байгальд хог хаягдлаа тогтоосон цэг, тэмдэгтүүдэд хаях хэрэгтэй. Хэрэв тогтоосон цэг, сав байхгүй бол өөрсдийнхөө тээврийн хэрэгсэлд бохирдож, муудаж, асгарахгүй байдлаар авч яваад төв суурин газрын хогийн цэгүүдэд хаяхыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа уриалж байна. Хоёрдугаарт, гол усны аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Энэ жил хур бороо элбэгтэй байх учраас хоноглох газраа сонгохдоо аль болох өндөрлөг, дэнж ар майхан саваа барьж хоноглох, түлсэн түүдэг галаа заавал унтраах хэрэгтэй. “Чийглэг, бороотой байна, түймэр гарахгүй” гэж хандахгүйгээр нэгэнт асаасан гал, түүдгээ заавал унтрааж, дарж аюулгүй байдлыг хангаж аялж зугаалах нь зүйтэй гэж ард иргэддээ сануулж байна.
Гуравдугаарт, байгалийн дагалдах баялаг, самар жимсийг түүж хэрэглэх ёстой. Болц гүйцээгүй самар түүж хэрэглэх, худалдаалснаас болж өвчлөх магадлал байдаг учраас зөвшөөрөгдсөн цаг хугацаанд нь хуулийн дагуу зөвшөөрлийг нь аваад түүж, бэлдэж, ашиглах нь зүйтэй. Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсын 147 суманд тарваган тахлын голомттой.
БОАЖ-ын сайдын тушаалаар агнах хориотой ч манайхан амарч, зугаалж явахдаа тарвага агнах асуудал гардаг. Сонирхлоо дагаад буу шийдэм бариад дошин дээр хэвтэж байгаад баригдвал Зөрчлийн тухай хуулиар ашигласан техник тоног төхөөрөмжийг нь хурааж улсын орлого болгоно. Мөн агнасантай адилтган үзэж торгууль, нөхөн төлбөр тавигдана.
Иймээс иргэд санаандгүйгээр хууль зөрчих, сонирхолдоо хөтлөгдөж хууль бус ан хийхгүй байхыг зөвлөж байна. Одоо долоодугаар сарын дундаас эхлээд гүзээлгэнэ жимсний болц гүйцдэг. Тэгвэл гүзээлгэнэ түүхдээ тухайн орон нутгийн байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдаас Эрхийн бичгийг нь аваад, зөвшөөрөлтэй заасан газраас нь ахуйдаа зориулж түүхийг хуулиар зөвшөөрдөг.
Тиймээс байгалийн дагалдах баялаг түүхдээ хариуцсан байгаль хамгаалагчаас нь Эрхийн бичиг авч түүж, баялгийг зөв зохистой ашиглаж хэвших хэрэгтэй. Амралт зугаалгаас гадна иргэн, аж ахуйн нэгж өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор хууль бусаар мод бэлтгэх зөрчил гарч магадгүй.
Шаардлагатай бол тухайн орон нутгийн ойн ангиасаа зөвшөөрөл аваад эрхийн бичиг, гоожингоо төлөөд өвлийн бэлтгэлээ хангах, түлээ мод бэлтгэхэд нээлттэй. Хуулийн хүрээнд, нөөц тогтоосон газраас нь тухайн ойн ангийнх нь хяналтан доор иргэн бол ахуйдаа зориулж түлээгээ бэлтгэх боломжтой. Өвөлжөө, хаваржаагаа янзлах бол ойн мэргэжлийн байгууллагад хандаж, ойн арчилгаа цэвэрлэгээнээс гарсан модоор тэрийгээ засаж сэлбэх, өвлийн бэлтгэлээ хангах асуудал хуулийн хүрээнд нээлттэй байгаа гэдгийг хэлье.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин