Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу насанд хүрсэн хүн хоногт таван грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэх ёстой. Гэтэл манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь хоногт 5 граммаас илүү хэмжээний давс хэрэглэдэг аж.
Тодруулбал, Улаанбаатарчууд хоногт дунджаар 11.7 гр, Монгол Улсын баруун бүсэд амьдарч буй иргэд хоногт дунджаар 15.4 гр, хангайн бүсийнхэн 9.4 гр, төвийн бүсийнхэн 9.9 гр, зүүн бүсийнхэн 7.7 гр давсыг хэрэглэдэг байна.
Биед давс хэтрүүлж хэрэглэснээс натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна. Ингэж бөөрөөр кальцаа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч, яс амархан хугардаг. Давс усыг өөртөө татаж байдаг. Давс ихтэй хоол цай идсэний дараа хүний ам их цангадаг. Энэ нь биед орсон давс усыг өөртөө татаж байна гэсэн үг. Үүний улмаас хүмүүс нэмээд давстай сүүтэй цайгаа өөрийн мэдэлгүй уугаад байдаг аж. Ингэснээр судсаар урсах шингэн буюу цусны хэмжээ ихсэн, судсанд агуулагдах хэвийн хэмжээнээсээ давдаг учраас судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулан, артерийн даралт ихсэх өвчтэй болдог байна. Өөрөөр хэлбэл судасны хана хэврэгшиж, хагарахад амархан болж байна гэсэн үг. Нарийхан судсаар цусыг шахах гэж зүрх маш их ачаалалтай ажилладаг. Ингэснээр зүрхний булчин томрон хатуурч, булчингийнх нь цусан хангамж буурдаг.
Бидний идсэн давсны ихэнх нь гэртээ хийсэн хоолонд биш, харин худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг олон хүнсэнд агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Давстай юм идсэн хүмүүсийн ам цангадгийг мэдсэн кинотеатр, үзвэр үйлчилгээний газар, баар, ресторанууд нь чипс, давсалсан самар их зардаг. Өөрөөр хэлбэл эдгээрийг идсэн үйлчлүүлэгчдийн ам цангаж, ус, ундааг ихээр худалдан авдаг гэсэн үг. Ам нь ихээр цангасан хүүхэд, залуучууд ус уухын оронд гаазтай, сахартай ундаа, жимсний шүүс сонгодог байна. Энэ нь биед орох сахарын хэмжээг ихэсгэж, таргалах шалтгаан болдог байна.
Г.Нар