Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан.
Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байгаа аж. Энэ талаар ГБХЗХГ-ын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Энэхүү даатгал нь дан ганц Улсын их баяр наадмаар бус бүтэн жилийн турш даатгуулагч хүүхдийг осол гэмтэл, халдварт өвчин зэрэг бүх төрлийн эрсдлээс хамгаална.
2017 онд нийт 159 хүүхэд мориноос унан, бэртэж гэмтсэн бол 3 хүүхэд насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Уяачид болон эцэг эх уралдаанч хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалж, уг даатгалд заавал даатгуулах ёстой” гэв. Харин даатгалын үйлчилгээг “Номин”, “МИГ” даатгалын компани үзүүлэхээр болжээ.
Монголын морин спорт залуу уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, “Энэхүү шийдвэрийн дагуу уяачид уралдаанч хүүхдээ даатгалд хамруулаарай гэж эцэг эхчүүдэд уриалж байна. Түүнчлэн зарим уяачийн стандарт хувцас, хэрэгсэл худалдаж авах мөнгөгүйгээс болж хүүхдийн амь нас аюулд учирдаг. Тиймээс хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхээр болсон.
Хамгаалалтын иж бүрэн хувцсыг 20 мянга, тохойвч, өвдгөвч зэрэг хэрэгслийг 10 мянган төгрөгөөр түрээслэнэ” гэв. Үүнээс гадна даатгалын системийг сайжруулах ажил хийж байгаа аж. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдийн нөхөн олговрыг 20 хүртэлх сая төгрөг болгох талаар даатгалын компаниудтай ярилцаж байгаа аж. Ингэхдээ жилд нэг удаа төлдөг байсан 30 мянган төгрөгийн хураамжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэв.
Одоогоор энэ асуудлыг “МИГ” болон “НОМИН” гэсэн хоёр даатгалын компани зөвшөөрсөн байр сууриа илэрхийлжээ. Даатгалын компаниуд удаа дараа үнэлгээ хийж, уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100 мянга болгож, нөхөн олговор нь 20 сая байхаар тогтосон юм. Яагаад гэвэл хуучин хураадаг байсан хураамж нь хүрэлцдэггүй, зарим тохиолдолд унаж бэртсэн хүүхдийг газраар тээвэрлэх боломжгүй тул зайлшгүй шаардлагатай үед газраар биш, нисдэг тэргээр тээвэрлэх тохиолдол гардаг байна.
Иймээс эх орны хаана, ямар газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрыг бодитой хүрэлцэхүйц хэмжээнд хүргэх үүднээс ийнхүү хураамжийг нэмэгдүүлсэн гэв. Мөн ГБХЗХГ-аас өнгөрсөн жилийн баяр наадмаар хурдан морь унах хүүхдүүдийн цахим бүртгэтгэлийн системийг нэвтрүүлж туршсан.
Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой ажээ.