Дархан аварга Х.Баянмөнх бөхчүүдэд зориулан ил захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын үндэсний их баяр наадмын чимэг болж зүлэг ногоон дэвжээн дээр эр бие, эрэлхэг зориг гарган ясныхаа хөлсөөр ах дүүс болсон зодог шуудагны садан төрөл та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхны ерөөл дэвшүүлж мэндчилж байна. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт үзэл бодлын зөрчилдөөн та биднийг тойрсонгүй.
Гэхдээ ханий ч үзэл баримтлалыг үл ойшоон монгол хүний нинжин сэтгэл, хүнлэг ёс, гүндүүгүй сайхан носн нуруу, ёс суртахуун, эр зориг, золбоо хийморь, хоёр нүүргүй шударга үйлс, алдар гавьяа, өнгө зүс, нэр төрийг тээж явдаг заяагдмал үүргээ нэр төртэй биелүүлж зөвхөн зүлэг ногоон дэвжээн дээр барилдааны дүрмээ ямар ч зөрчилгүй биелүүлж, эр бяраа үзүүлж, ов мэх давамгайлсан зориг төгөлдөр сайхан барилдаанаараа наадамчин олноо баярлуулан цэнгүүлэхийг цагийн байдал та биднээс шаардаж байна.
Өвгөд дээдэс, үе үеийн аваргуудын хүч чадал, авьяас чадвараа сорьж, өргөн олон түмнээ цэнгүүлж явсан зүлэг ногоон талбайгаа ихэд дээдлэн бөх хүний хатан тэвчээр голч ухаан, хэзээ ч хувирч ганхахгүй ноён нуруутай байж шударга үнэнчээр монгол ёс суртахуунтай барилдах нь “Аварга” цол хүртсэнээс илүү нандин чанар гэдгийг ямагт санаж, өөртөө хэлж, биелүүлж байхыг сануулж, захиж зөвлөж байна.
Монгол орон даяар 330 орчим сум, 21 аймаг, төв цэнгэлдэхэд барилдах 512 бөх нийт 25 мянга орчим бөхчүүд бурхнаас заяасан үүргээ сайтар ойлгож, эзэн Чингис хааны гол хүч болж, хамтран зүтгэж, Хамаг монгол улс, хаан төрөө байгуулж явсан түүхэн улбаагаа дээдлэн, өөрийн жижиг эрх ашгаа умартан тэвчиж, төр ард түмний бат нэгпдэл болсон их баяр наадамдаа гялалзтал сайхан барилдахыг уриалж, сануулж, захиж байна.
Цаашид албан тушаал, эрх мэдэл, танил талаараа түрүү барьж, хууль шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг увайгүй үйлдэл, зөрчигдсөн эрх, олгогдоогүй цол, гүтгэлэг доромжлол, хуйвалдаан дарангуйллыг таслан зогсоож, бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно. Та бүхнийг хүндэтгэн ёсолсон: Даяар дурсагдах, далай даян, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, баяр наадмын манлай, улс даяар гайхамшигт дайчин дархан аварга, хорьдугаар зууны манлай шилдэг монгол бөх Доктор, Хорлоогийн Баянмөнх
2018.07.05