Хөлбөмбөгийн ДАШТ-нд Польштой хийсэн хэсгийн сүүлийн тоглолтод бөмбөгөө хадгалах, довтолгооноос зайлсхийх идэвхигүй тактик хэрэглэсэндээ Японы багийн дасгалжуулагч тоглогчдоосоо уучлал гуйжээ.
Японы баг хэдийгээр Польшийн багт хожигдож байсан ч тоглолтын сүүлийн хоромд цаг үрэх тактик хэрэглэж, эрсдлээс зайлсхийсний хүчинд “шударга өрсөлдөөн”-ий үнэлгээгээр Сенегалын багийн урд орж, хэсгээсээ шалгарах нөхцлийг хангасан юм.
Бямба гарагт 63 настай Акира Нишино сэтгүүлчидтэй Казань хотод уулзахдаа энэ тухай мэдээлсэн байна. Оноо, гоолын тоо, гоолын зөрүү, хоорондын тоглолтын харьцаа зэрэг бүх үзүүлэлтээрээ Япончууд баруун Африкийн өрсөлдөгчтэйгээ тэнцээд байв. Харин шийтгүүлсэн шар картны тоогоор Японы баг цөөн байсан юм. Хөх самурайнууд энэ тактикынхаа төлөө дотоод гадаадын хөгжөөн дэмжигчдэд багагүй шүүмжлүүлэв.