Улс төр ороо бусгаа, эдийн засаг дөнгөж тогтворжих шатандаа яваа энэ цаг үед мэргэжлийн судлаач, ажиглагч хүний нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх дүгнэлтийг уншигчиддаа хүргэхээр түүний араас удаан хөөцөлдсөн юм.
Тэгээд болзсон цагтаа гэрт нь орох үед тэр Америкийн Bloomberg сувгийг англи хэл дээр үзэж суулаа. Ширээн дээр нь Financial Times, Washington Post сонинуудаас гадна Time сэтгүүлийн дугаарууд овоолгоостой харагдана. Социализмын үеийн орос сургууль, дараа нь Монголдоо МУИС-ийн Санхүү, эдийн засаг, эцэст нь ХБНГУ-ын их сургуульд эдийн засагчаар сурсан тэрээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй нэгэн.
Чи тэгээд миний нэр усыг нууцлах юм байгаа биз дээ.
-Яагаад нууцална гэж. Ийм мундаг боловсролтой залуу харин ч эх орон, ард түмэндээ танигдаж, олны анхааралд өртвөл зүгээр юм биш үү?
-Монголд олны анхааралд өртлөө гээд надад ямар ашиг байгаа юм. Би тэгж үеийнхээ бусад залуус шиг эзэмшсэн мэргэжил боловсролоо ашиглаж улс төр хийж, аль нэгэн нам эвслийн нөмөр нөөлөгт багтаж явах ямар ч сонирхол алга. Дуугүй мөрөөрөө урдахь ажлаа хийгээд явж байвал барав.
-Тэгээд нэрээ нууцлая гэж байгаа юм уу?
-Нууцлахгүй, хамаг байдаг далан булчирхайг маань тоочоод, намайг олны танил болгох гэж байгаа бол би өөрт чинь ганц ч үг ярихгүй гэж хэлмээр байна.
-За яахав. Тохирлоо. Гэхдээ би өөрөөс чинь олон юм асуухгүй. Цөөхөн хэдэн асуултад л хариулт авъя гэж бодож ирсэн юм?
-За тэгье ээ. Болж байна.
-Яагаад ийм мундаг боловсрол эзэмшсэн мөртлөө эх орондоо ажиллаж, хийж бүтээе гэж боддоггүй юм бэ?
-Би outsorsing хийдэг. Гадаадын хэд хэдэн компанийн тайлан балансыг гаргаж өгдөг гэх үү дээ, манайхаар бол. Үнэнийг хэлэхэд миний үеийн гадаад, дотоодод сайн боловсрол эзэмшсэн залуус бүгд л сурсан мэдлэгээ улс төр лүү орж, албан тушаал, мөнгө болгож хувиргах сонирхолтой болчихож.
Гэвч би тийм хүн биш. Аав, ээж хоёр маань соц нийгмийн шилдэг сэхээтнүүд байлаа. Намайг бүр багаас минь худлаа битгий хэл, хулгай бүү хий. Өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр амьдар. Сайн унш, сайн сур л гэж сургасан. Хэрвээ чи миний ярилцлагын доор зургийг минь нэр устай цуг тавиад эхлэх юм бол би олны анхааралд өртөж эхэлнэ гэсэн үг.
Хэн ингэж олны анхааралд өртөхийг хүсдэг билээ. Улс төрд карьер хөөж, албан тушаалтнуудыг дагаж давхиж, мөнгө, эрх мэдэлд хүрэх гэсэн залуус. Харин надад тийм өчүүхэн ч сонирхол алга. Одоо хийж байгаа ажил, орлого минь наддаа хангалттай. Чи эх орноо хар. Бидний үеийн залуусын багадаа ярьж, мөрөөдөж байсан ирээдүй, эх орон чинь энэ мөн үү.
Товчхон хэлэхэд энэ миний аав, ээжийн мэдлэг боловсрол, хөлс хөдөлмөрөө зориулсан Монгол орон биш. Чи бидний аав, ээжийн үеийнхэн ийм нийгмийг бүтээхийн төлөө амь амьдралаа зориулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголынхоо урдаа барьдаг компаниудын тогтолцоог хар. Бүгд нэг хүнээс, эсвэл нэг гэр бүлээс хараат босоо тогтолцоотой. Төрийн байгууллагуудаа хар.
Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс биш, дандаа ууж идэх, баяжих сонирхолтой амбийцтангууд, амьгүй албатууд. Ийм эх орны төлөө чи намайг мэдлэг боловсролоо зориулсангүй гэж зэмлэхээр ирсэн бол хоёулангийн яриа нийлэхгүй юм байна даа.
–За тийм байж. Тэгвэл шууд л ярилцлагаа эхлэх үү дээ. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг товчхон дүгнэвэл?
-Эдийн засаг, улс төр, нийгмийн байдлыг бүхэлд нь би “Энэ бол дампуурал” гэсэн гуравхан үгээр тодорхойлмоор байна.
-Өөр нэг эдийн засагч 1930-аад оны үеийн Америктай зүйрлэсэн байна лээ?
-За боль доо. Юун гучаад оны Америк. Гучаад оны Америк чинь түр зуурын хямралд өртсөн л болохоос биш капитализм жинхэнэ утгаараа цэцэглэчихсэн. Миний яриад байгаа компанийн тогтолцоо өнөөгийн төрхөө олоод эхэлчихсэн тийм улс орон шүү дээ. Харин би өнөөгийн Монголыг аж үйлдвэрийн хувьсгал гарахын өмнөх европтой зүйрлэмээр байна.
-Арай хэтрүүлж байгаа юм биш үү. Капитализмд шилжээд 20 гаруй жил болчихлоо шүү дээ?
-Капитализм өөрөө яаж эхэлсэн юм бэ. Бас Маркс яагаад капитализмд засвар хийхийг хүссэн юм бэ гээд яривал урт түүх болно. Монголчууд өөрсдийгөө Америк, Европтой харьцуулж байгаа бол би ёстой хол хэвтэнэ гэж хэлмээр байна.
Бид баруун европ, АНУ-аас хөнгөхөн 50-70, магадгүй 100 жилээр хоцорч яваа. Юугаараа тэр вэ? Юм юмаараа. Зөвхөн эдийн засгийн хөгжлийн хувьд төдийгүй хүний хөгжил, ёс суртахуун, мэдлэг боловсролоороо. Нэг ийм үг байдаг юм. Нэг хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлтгэдэг.
Арав, хорин жилийн цаадахыг хардаг улс мод тарьдаг. Харин зуун жилийн цаадахыг хардаг улс хүнээ хөгжүүлдэг гэж. Хүнээ хөгжүүлэхгүйгээр, залуусаа мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай болгохгүйгээр гаднаас хэдэн тэрбум доллар зээлж ирээд ямар нэмэр байна аа. Их сайндаа л тэр нефтийн үйлдвэрээ барина биз.
-Нефтийн үйлдвэр гэснээс энэ үйлдвэрийг барьчихвал бид ОХУ-ын шатахуунаас хараат бус болох юм биш үү?
-Ямар хүчин чадалтай үйлдвэрээсээ л болох байх даа. Миний харж байгаагаар ОХУ-аас ойрын 10-15 жилдээ шатахууны хувьд хараат хэвээрээ л байх болов уу. Харин энэ шавыг нь тавьж байгаа үйлдвэрийн тухайд би энийг эрх баригч намын доторх бүлэглэлүүдийн өрсөлдөөн гэж харж байгаа.
Нэг бүлэглэл нь энэ үйлдвэрээр их мөнгө хийж, санхүүгийн хувьд хүчирхэгжих, сонгогчдоос үнэлгээ авах зорилгыг тавьж байна. Гэвч энэ нь шатахуун импортлогч компаниудын халаасанд явдаг нөгөө бүлэглэлийн улстөрчдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн яруу тод жишээ нь шатахуун түгээх станцууд үнээ огцом нэмж байгаагаар илэрч байна шүү дээ. Монголыг гаднаас шатахууны хараат байлгах сонирхол улс төрийн том бүлэглэлүүдэд эртнээс байсаар ирсэн нь нууц биш байх аа.
-Тэгвэл e-баримтыг юу гэж тайлбарлах вэ.Зарим хүн үүнийг дэлхийн хамгийн ядуу орнуудад туршдаг аргаа барсан арга гэж ярьж байна?
-Харин ч е-баримтын хүчинд Монголын эдийн засагт далд эргэлдэж байсан их хэмжээний хууль бус мөнгө ил гарч, эргэлтэнд орж байгаа гэж би хувьдаа харж байна.
Хэрвээ е-баримт байгаагүй бол Монголын эдийн засагт эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ үсрээд л 20-25 их наяд төгрөг байх байсан болов уу. Харин е-баримтын хүчинд 50 их наяд гэж тооцож болохоор байна. Гэхдээ би дэлхийн эдийн засгийг сонирхоод Монголыг төдийлөн сонирхдоггүй болохоор бусад эдийн засагчид надаас өөрөөр харж байхыг үгүйсгэхгүй. Е-баримт бол Япон маягийн систем л дээ. Япончууд амжилттай туршсан. Тиймээс зөвхөн ядуу улсуудад хэрэгжүүлдэг гэвэл өрөөсгөл болно.
-Оюутолгойн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх аа. Монголыг арабын баян орнууд шиг болгох их хөрөнгийг зүгээр тавиад туучихлаа гэж зарим эдийн засагч, улстөрчид хэлдэг?
-Ийм их хэмжээний баялагтай мөртлөө ядуурсан орнууд гэвэл хар Африкийн ядуу улсууд байна. Би хар Африк гэдгийг бүр тодотгож хэлье. Арчаагүй улсууд гэдэг утгаар хэлж байгаа юм. Гэвч тэр арчаагүй Африкт чинь зарим нааштай өөрчлөлтүүд гарч байна. Яг Оюутолгой шиг их хэмжээний баялгаа гадныханд саяхан болтол үнэгүй шахуу ашиглуулж ирсэн Ботсван гэх мэт орнуудын жишээ бэлхнээ байна.
Алмазын асар баялаг ордтой энэ улс байгалийн баялгаа төрийн мэдэлд авах, De beers гэх мэт гадаадын томоохон компаниудтай шинээр хэлэлцээ хийж, шинэ гэрээ хэлцэл байгуулсны хүчинд хар тивдээ хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг болоод хувирчихлаа.
Олсон мөнгөө сургууль, цэцэрлэг барихад зориулж байгаа тухай би чамайг орж ирэхээс өмнө дөнгөж саяхан Time сэтгүүлээс уншаад сууж байлаа. Харин манай Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоо, нөхцөл байдал Оюутолгой дээр дахин шинээр менежмент хийх хэмжээний чадавхтай биш байна. Энэ олон бүлэглэлүүдийн шунал, зөрчил тийм боломжийг олгохгүй.
С.Ганбаатараас өөр Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж ярьж байгаа хүн алга байгаа биз дээ. Тиймээс хамгийн зөв хувилбар бол одоо ажиллаж байгаагаар нь үргэлжлүүлээд ажиллуулаад, ашиглуулаад явах. Учир нь би дахин давтан хэлье. Ийм улстөрчидтэй, ийм тогтолцоотой улсад Оюутолгойгоо ашиглах үүнээс өөр гаргалгаа одоогоор алга. Систем бүхлээрээ өөрчлөгдөөд эхэлвэл өөр хэрэг.
Харин би энд нэг зүйлийг онцолмоор байна. Оюутолгойг зогсоох, гацаах сонирхол улс төрийн зарим бүлэглэлүүдэд байх шиг. Үүний цаана эрх баригч намын нэр хүндийг шавартай хутгаж, улс орны эдийн засгийг гацааж, улмаар үүгээрээ 2020 оны сонгуулийнхаа суртал нэвтрүүлгийг хийж, төрийн эрхийг авах далд сонирхол байж тун болзошгүй юм шүү.
-Тэгвэл Тавантолгойн тухайд юу хэлэх вэ?
-Нүүрсний үнэ унаад эхэлвэл яах уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Сая Дональд Трамп, Ким Жон Ун хоёр уулзалдчихлаа. Хэрвээ Умард Солонгост тавьсан эдийн засгаа хоригоо аажмаар бууруулаад эхэлвэл Хойт Солонгосчууд нүүрсээ Хятад руу экспортлох боломжтой болчихно.
Энэ улсыг сайн чанарын нүүрсний асар баялаг нөөцтэй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хятадууд Умардын нүүрсийг зөөгөөд эхэлвэл монголчууд Тавантолгойн нүүрсээ хямдарсан үнээр урд хөршдөө өгөхөөс өөр аргагүй болно доо. Би ингэж л харж байна.
-За тэгвэл банкны системийн тухайд. Банкууд бэлэн мөнгөний дийлэнх хувийг эргэлдүүлж байгаа шүү дээ?
-Миний ойлгосноор Монголд өнөөдөр 14 арилжааны банк идэвхтэй ажиллаж байна. Гэвч эрх баригчид эдгээр банкны дүрмийн санг дахиад хэдхэн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихэд л миний тооцоогоор талаас илүү нь үйл ажиллагаагаа явуулж чадахаа байна.
Ердөө таваас зургаахан банк л энэ хатуу босгыг давж чадах болов уу даа. Би юу гэж хэлэх гээд байна гэвэл одоо эрх барьж байгаа хүмүүст ийм замаар зарим банкийг дампууруулах, нөгөө аргаараа хувааж идэх сонирхол байхыг үгүйсгэхгүй. Зарим улстөрчдийн хэлж байгаа үг, хийж буй үйлдлээс ийм ашиг сонирхол анзаарагдаж байна л даа.
-Чи бидний эх орон хэзээ улс шиг улс болох юм бэ. Хар Африк хүртэл биднээс түрүүлээд эхэлчихлээ гэж хэллээ шүү дээ?
-Наадахыг чинь нөгөө сайн, муу хэлүүлээд байдаг нийтлэлч Баабар чи бид хоёрыг дунд сургуулийн сурагч байсан тэртээ ерээд онд өөрөө засгийн эрхийг барилцаж байхдаа яг голыг нь олоод хэлчихсэн шүү дээ. “Бид одоо байгаа системээ үндсээр нь өөрчлөхгүй бол ямар ч нэмэргүй юм байна” гээд. Машинаар бол мотороо бүхлээр нь солино гэсэн үг.
Гэхдээ манай нийгмийн үндсэн хөдөлгөгч моторыг бүхлээр нь өөрчлөхийн тулд хүний биологийн насаар тооцох юм бол нялх хүүхэд эхээс мэндлээд, олон жил амьдраад, тэгээд өвгөрөөд үхэх хэмжээний тийм хугацаа шаардагдана даа. Би бараг алдаж хэлээгүй болов уу.
Ийм нэгэн шударга, шулуун үгтэй мөртлөө маш өндөр боловсролтой. Тэр боловсролоо зөвхөн өөрийнхөө болон эхнэр, хоёр хүүхдийнхээ л төлөө зориулдаг 40 эргэм насны залуу Монгол, Европын хооронд яг л нүүдлийн шувуу шиг ирж очин амьдардаг. Намайг гэрээс нь гарахад Financial Times сониноо уншсаар үлдсэн тэрээр гадаадын компаниудтэй үнэ хөлсөө тохирч, харилцан ашигтай хамтарч ажилладаг гэсэн.
Өөрөө бол би тайлан, балансыг нь гаргаж өгдөг хэмээн даруухан хэлсэн ч ойрын хүрээллийн хүнийх нь хэлснээр консалтинг буюу зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Өшөө цаашилвал олон улсын бирж дээр Google, Facebook, AliBaba зэрэг томоохон компаниудын хувьцаагаар тоглодог гэсэн шүү.
Үүнийг батлах мэт намайг гэрт нь ороход Bloomberg-ээр хувьцааны ханш харж суусныг хэлэх хэрэгтэй. Эцэст нь түүний гол хүсэлт болох нэрээ нууцлахыг нь би хэрхэвч зөвшөөрөмгүй санагдаад байсан тул энэ залууг Х.Баттөмөр гэдэг гээд зарлачихъя. Харин тэр зургийг нь дарах боломжийг бидэнд огт олгоогүй юм.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин