Сумын алдарт уяач Г.Батболд даахиа үргээлгэсэн зээ хүүгийн хамт.
Хурдан морь унаад давхих нь битгий хэл, шилбүүрч унаж чадахгүй Х.Од-Эрдэнэ хүүг аав Г.Хангалхулан нь хээр дааган дээр мордуулж байхад нь найранд ирсэн хүмүүс юу ч хэлээгүйн дээр хориглоогүйг нутгийнхан нь ярьж байсан. Бүгд л “Гоё, сайхан байна. Эр хүн ийм л байдаг юм” гэж өхөөрдөж байсан болохоос “Чи хоёр настай хүүхдийг дааган дээр мордуулж болохгүй. Наад хүүхэд чинь амь насаа алдвал насаараа харамсаад ч барахгүй зүйл болно. Яг одоо буулга. Наадам нэгээр дуусч байгаа биш. Ийм нялх хүүхэд морь унуулж болохгүй шүү” гээд хорьж болиулах хүн байгаагүй гэсэн. Залуус, хойч үедээ үг хэлдэг ахмад настнууд хөдөөд байхгүй болсон нь эндээс харагдаж байна. Үеийнхэн нь ч нэгэндээ үг хэлэхээ больчихсон. Бүгд л өөр өөрийнхөө амийг бодож, дураараа аашилдаг үе Монголын хөдөөд ноёлох болсны гэрч бол энэ үйл явдал. Хэн ч үг хэлээгүй болохоор хоёр настай хүүхдээр морь унуулж болно гэж бодсон Г.Хангалхулан хээр дааганыхаа давхилыг үзэх гэж, магадгүй айрагдаж медаль авчих байх гэсэн горьдлого тээсэн бололтой. Тийм ч учраас зэрлэг цэнгэлийнхээ золиосонд хоёр настай хүүгээ гаргасан. Зөвхөн морь уралдуулах гэсэн хүсэл байсан болохоос хүүгээ бэртэж гэмтэх вий, амь насаа алдчих вий, мориндоо чиргүүлээд ороод ирэх вий гэсэн айдас Г.Хангалхулангийн толгойд орж ирээгүй ч байж мэдэх юм.
Сэтгэл судлаач Л.Болорчимэг: ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД АЙДАСТ АВТСАН БАЙНА УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДГИЙГ МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ БОЛОН ЭМЧЭЭР ДҮГНҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Бид О.Мөнхжаргалын гэрээс зээ хүүгийнхээ даахийг үргээх ёслол хийж, хууль журам зөрчиж даага уралдуулсан Г.Батболдын гэр рүү хөдөллөө. Х.Од-Эрдэнэ хүү бидний араас торойтол харсаар хоцорлоо. Наранд божийтол борлосон энэ нялх хүү амьд явах хувьтай байжээ. Даага нь давхиж яваад замын ховилд эвгүй гишгэх юм уу эсвэл хулгана, зурамны нүх цөмрөөд бүдэрч унасан бол гэж бодохоос ч айдас хүрч, дотор эвгүй оргих ажээ. Бас уралдааны замд ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй жаахан хүү хэрхэн айдаст автаж явсан бол хэмээн бодохоос ч гол зурж байна.
Сэтгэл судлаач Л.Болорчимэг “Бага насны хүүхдээр хурдан морь унуулсан хэрэг Дорнод аймагт гарсан. Хүү морь унах үед айдаст автаж уйлсан гэсэн. Дөнгөж оюун ухаан нь бүрэлдэж, ертөнцийн сайн сайхан болгоныг таньж ядан байгаа хүүхэд айж цочирдвол насан туршдаа сэтгэцийн өвчтэй болох тохиолдол ч байдаг. Тэгэхээр хоёр настай хүүхэд айдаст автсан байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн сэтгэл судлаач болон мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчээр үзүүлэх шаардлагатай. Багадаа айж, цочирдолд орсноос болж сэтгэцийн оёг өвчтэй болсон хүүхэд маш олон. Тэд эмчилгээ хийлгэж эдгэрэх магадлал маш бага хувьтай байдаг” хэмээн ярьж байсан юм.
О.Мөнхжаргал даага унаж уралдсан зээ хүү Х.Од-Эрдэнийн хамт
Г.БАТБОЛД: ДААГА УРАЛДУУЛАХ ГЭЖ БАЙГААГ СУМЫНХАН МЭДЭЖ БАЙСАН. ХЭН Ч БОЛЬ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын гуравдугаар багийн малчин Г.Батболдын гэрт очсон юм. Гэрийн эзэд биднийг очих үеэр хонио ноосолж байв. Г.Батболд болон гэрийнхэн нь “Зээ хүүгийнхээ даахийг үргээж, даага уралдуулснаас болж их л асуудалд орж байна. Сүүлдээ хүн ирэхээр за ямар хүн ирж байгаа бол гээд айдаг болж байна” гэсээр угтсан юм. Хоёр нас гарантай жаахан хүү өвөөгийнхөө өвөр дээрээс салахгүй суух ажээ. Сумын алдарт уяач Г.Батболдынх зуу гаруй хоньтой, саалийн хэдэн үнээтэй, 50 гаруй адуутай айл гэнэ. Хэдэн удмаараа морь уяж байгаа юм байна. Г.Батболд ч аймагтаа морь айрагдуулчихдаг. Мөн сумын наадамд уясан морь нь түрүүлж айрагдчихдаг уяач гэнэ. Үүнийг нь батлах мэт гэрийнх нь хоймрын унинд дүүрэн медаль уяатай байна лээ. Сумын алдарч уяачаас яагаад хууль зөрчиж хурдан морь уралдуулах болсон талаар ярилцлаа.
-Дорнод аймгийн Засаг дарга захирамж гаргаж, зургадугаар сарын 1 хүртэл хурдан морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргасан байдаг. Тэгсэн та үүнийг зөрчөөд даага уралдуулчихсан байна лээ?
-Энэ асуудлаас болоод олон газраас манайд ирсэн. Бас хуулийн дагуу хариуцлага хүртэл хүлээчихээд л сууж байна. Хаа байсан холоос зориод ирж байгаа хүмүүст яг юу болсон бэ гэдгийг үнэн зөвөөр ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Миний охиноос гарсан энэ хүү хөгшин бид хоёр дээр байдаг юм. Зээ хүүгийн даахийг хэзээ үргээх талаар ламаас асуусан тавдугаар сарын 18-ны билэгт сайн өдөр авах хэрэгтэй гэсэн юм. Ингээд өдөр судраа тохироод хүүгийнхээ даахийг үргээхээр болсон. Манайх тийм ч олон малтай айл биш. Гэхдээ монгол ёс байдаг. Намайг бага байхад хүүхдийн үс авахдаа гол усаараа цугларч бэсрэг найр наадам хийдэг байсан. Тэр уламжлал ёс заншлаа дагаад л даага уралдуулахаар болсон. Сумынхаа таньж мэддэг уяач нарт даага уралдуулна гэж хэлсэн. Сум даяар л зар тарсан байна лээ. Энэ үеэр ямар ч хүн морь уралдуулж болохгүй гэж хэлээгүй. Өвөл л хэвлэл мэдээллийн хэрэгслээр морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргаж байсан талаар хэлж байсан. Түүнээс өөр нэг ч хүн ирээд хууль дүрэм зөрчиж байна. Уралдаан хийж болохгүй гэж хэлж, сануулаагүй. Миний хувьд хэд хэдэн алдаа гаргасан байгаа юм. Хууль, дүрэм журам чангарчихсан гэдгийг мэдээгүй явсан байна. Төр хуулиа мөрдөж ажлаа хийвэл хурдан шуурхай юм билээ. Би даага уралдуулах гэж байгаа гэдгээ сумынхаа Засаг даргын Тамгын газар, Морин спорт уяачдын холбоонд албан ёсоор мэдэгдээд зөвшөөрөл авах ёстой. Үүний дараа унаач хүүхдүүдийн хувцас хэрэглэл зэргийг шалгаад явуулах дүрэм журамтай болсон байна. Үүнийг мэдэлгүй шууд уралдаан хийснээс болоод энэ бүх асуудал үүслээ. Юм мэдэхгүйн гай гэж энэ байх. Уг нь зээ хүүдээ үсний найрнаар өвөө маань даага уралдуулж байсан гэсэн сайхан дурсамж үлдээе гэж бодсон юм. Түүнээс аагаа багтаасан баян цатгаландаа даага уралдуулж, бай шагнал өгөөгүй юм.
-Та хоёр настай хүүхэд даага унуулж уралдуулж байгааг тухайн үед мэдсэн үү. Яагаад болиулаагүй юм бэ?
-Би нутгийн дүүг даага уралдуулахаар хөтлөөд ирж байгааг харсан болохоос тийм нялх хүүхэд унуулж байхыг нь хараагүй. Даага давхиад ирсний дараа тийм асуудал болсныг мэдсэн. Үүнээс болоод улс даяар шуугиан болж байна. Дараа нь үүсэх асуудал ийм хурцаар тавигдана гэдгийг мэдээгүй явсан. азаар тэр хүү унаж бэртэлгүй ирсэнд баярлаж байна. одоо хууль ямар чанга болсон гэдгийгойлгож мэдсэн. Хоёр настай хүүхэд даага унаж байгааг мэдсэн бол би шууд л болиулах байсан. Гэхдээ даага уралдуулсан асуудлыг буруутгаж шийтгэж байгаа нь буруу зүйл гэж бодож байна. Ер нь амьдралтай шийдвэр гаргах хэрэгтэй байх. Таван сар гээд л цас орохгүй, зуны эхэн сар гараад ногоо ургадаг. Энэ үед уралдааныг хориглох нь буруу. Тийм болохоор уралдаан хийх товыг амьдралтай шийдэж өгмөөр байна. Миний хувьд зуны эхэн сар гарчихсан байхад л уралдаан хийсэн. Ямар өвөл хийсэн биш. Тэгэхэд шийтгэх арга хэмжээ авсан гэв.
Хоёр настай хүүхдийг дааган дээр уяж, баглаж байгаад уралдуулсан хэрэг явдал Баянтүмэн суманд ингэж л өрнөсөн байна. Монголын хөдөөд төр засаг ажлаа огт хийдэггүй нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Уг нь шинээр батлагдсан хуулийг олон нийтэд цагдаагийн байгууллага орон нутгийн захиргаатай хамтран сурталчилан таниулах ёстой. Хэрэв хууль зөрчвөл ийм ял шийтгэл оноодог гэдгийг ойлгуулах нь тэдний ажил. Энэ ажил орхигдож байгаагаас малчид хуульгүй юм шиг л амьдарч, эрх дураараа авирлаж байна. Мөн залуу малчдад хуулийн мэдлэг олгох, XXI зуунд дэлхий нийт хүүхдээр хурдан морь унуулах нь эрхийг нь зөрчиж буй ноцтой асуудал болсон гэдгийг ойлгуулах цаг нь болжээ. Монголын төр хуультай, хүүхдийн эрхийг зөрчвөл хамгаалдаг болсон гэдэг нь хоёр настай хүүхэд хурдан морь унуулсан энэ үйл явдлаар илэрч байгааг илүү олон хүнд хүргэх хэрэгтэй.
Бид сайхан амьдралыг цогцлоон босгохоор хөдөө хөхөрч, гадаа гандаж, адууны дэлэн дээр өдөржин давхиж яваа Г.Хангалхулан гэх 20 гаруйхан настай залуугийн мууг үзэх гээгүй юм шүү. Монголын хөдөөд олон мянган залуус яг л түүн шиг хууль, хүүхдийн эрхийг төр засаг хэрхэн хамгаалж байдгийг мэдэхгүй амьдарч байна. Тэдэнд шинээр батлагдаж байгаа хууль, журам, тогтоолыг хэрхэн биелүүлэх, хууль дагахгүй бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ гэдгийг ойлгуулах цаг болсныг энэ үйл явдлаар харуулахыг зорьсон нь энэ. Г.Хангалхулан Х.од-Эрдэнэ хүүгээ одоо биш гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх үед морь унуулж сургах ёстой гэдгийг сайтар ойлгосон биз ээ. Тэр цагт аав, хүү хоёр цэцэгт хөндийгөөр хурдан морьдоо давхиулж айраг, түрүү хүртэж баярлаж зогсох буй за.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
3 comments
iim nyalh amtniig morin deer morduulchihaad bayarlaj baysaj baidag , ene hedeeniihen chin yamar teneg bolchihson yum be
Адгуус. Тэнэг үхэр Монгол.
Малнаасаа дор болцон эргүү юмнууд нялх хүүхдийн амиар зугаа хийж байдаг. Тэр уралдсан морь нь энэ хүмүүсээс дээр эсэн мэнд аваад ирж