Улсын баяр наадам хаяанд ирчихлээ. Энэ цаг дор хурдан хүлгүүд уяндаа живхэрч, хүчит бөхчүүд эр биеэ чангалж бэлтгэлээ базаагаад, эрхий мэргэчүүл нумаа эвшээлгэн оноо цэцэлж байнам. Наадмын тухай яриа төсөөлөл гэрт, гадаагүй хөврөх.
Тэр дунд наадмын бөх яадаг бол. Х.Баянмөнх тэргүүтэй зарим аваргууд ер нь ямар ая зан гаргаад байна вэ гэсэн зовинол наадамчид, бөх сонирхогчдын сэтгэлд байсаар байна. Тэгэхээр юуны өмнө олон түмэндээ наадам ямар болох тухайд бүү санаа зов. Битгий эргэлз. Улсын баяр наадмыг төр, засаг гардан зохион байгуулдаг болохоор төрийн хэрэг хэмээн үзэх учиртай. Монгол Улсын Шадар сайдаар толгойлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллаж байна. Бүх үйл ажиллагааг зохицуулсан Баяр наадмын тухай хууль бий. Бас бөхийн салбар хороо гэж байна. Энэ хороог энэ жил Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан даргалж байгаа. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хорооныхон бас хуулиа мөрдөж наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах үүрэгтэй болохоос биш хэн хэн барилдсангүйв гэж тооцохгүй. Заасан хугацаанд бүртгүүлсэн бөхчүүд л барилдахыг хуульчилсан. Үүнийг л мөрдөнө. Түүнээс биш Х.Баянмөнх аваргын шантааж маягаар хэлж байгаагаар элдэв явдал гарахгүй. Гаргах ч үгүй. “Бөхийн салбар хороонд Л.Чинбатыг оруул. Тэгэхгүй бол төрийн наадам их хохирол амсана. Миний ард мянган бөх байгаа шүү” гэсэн үгийг тэр амнаасаа унагасан. Энэ л олон түмэнд эргэлзээг төрүүлээд байгаа юм. Бас УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс түшээ хүнд баймгүй овилгогүй зан гаргаж удаа дараа Бөхийн өргөө рүү хүч хэрэглэсэн халдлага зохион байгуулж байгаа дархан аварга А.Сүхбатын үйлдэл ард түмний дургүйцлийг хүргээд байна.
Ингээд байвал түүнийг Д.Гантулга, Д.Мурат нартай хөтлөлцүүлээд явуулмаар юм. Монгол түмний хайр хүндэтгэл шингэсэн тэр дархан аварга цолыг нь хураавал таарна гэсэн үг хэлэх хүн олон байна. Тэр занаж зүхсэн маягийн үг удаа дараа хэлсэн. Баяр наадмын өмнө болдог сорилго барилдааныг зохион байгуулах сургаар А.Сүхбат өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 20-иод залууг турхиран дахин Бөхийн өргөөнд халдаж хаалга, үүдийг нь эвдүүлсэн байх юм. Тэгснээр Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авч сорилго барилдаан хийж чадахгүй боллоо.
Ер нь хэн нэгэн аль нэг газрын эд хөрөнгөд хууль бусаар халдаж эвдэлж хэмхэлж явна гэдэг ёс зүйгүй төдийгүй танхайрал болдог. Үүнийг А.Сүхбат уг нь мэдмээрдээ. УИХ дээр түүний ярьдаг юм нь ердөө Туул голын бохирдол. Тийм ээ. Ярих л ёстой сэдэв. Харин сахилаа мартсан лам гэгчээр төрийн түшээ хүний нэр төрд харшилсан хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж явах юм. Эрхэмд хандаж хэлэх юм бол ээ дээ А.Сүхбат минь элдвийн аашаа гэж л захимаар байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэр хоёр УИХ-ын танхимд “нэг ангийн” хоёр. Гэтэл төрийн түшээ хүний үүрэг зорилгод хамаагүй нэг холбооны хэрүүлээс болж бие биеэ хялалзан суугаа нь өрөвдөлтэй ч юм шиг.
Бас нэгийг хэлэхэд Х.Баянмөнх аварга хэдэн арван бөх барилдуулахгүй байг л дээ. Тэглээ гээд наадмын 512 бөхийн тоо хүрэхгүй гэх зовлон байхгүй болсон цаг. Дээлтэй бүхэн барилддаг, дэлтэй болгон уралддаг монголчууд шүү дээ. Улсын баяр наадамд арвантаа түрүүлсэн их аварга маань наадам бойкотлох маягийн юм хэлнэ гэж хэн санах вэ. Гэтэл тэр хэлсэн л байгаа юм. Нэр хүндээ шавартай хутгалаа аварга. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм журмын дагуу уг агентлагийн зөвшөөрөлтэй лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жил баяр наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээс ч аргагүй. Дэлхийн жишиг тийм.
ОХУ-ын тамирчдыг допингоос болж өвлийн цагаан олимпод оролцох баг, тамирчдыг улсынхаа тугийн дор жагсахыг хориглосон. Уг шийдвэрийг оросууд эсэргүүцээгүй. Ёсоор л шийдвэрийг дагаж оролцсон. Бас талбайн теннисний “хатан хаан” гэгддэг алдарт тамирчин Мария Шарапова мөн л сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо гэнгүүт үг дуугүй зодог тайлсан байдаг. Өөр олон тамирчнаас допинг илэрч медалиа хураалгасан нь зөндөө л бий. Гэтэл манай зарим бөх “Би өвчний улмаас ийм эм, тариа хэрэглэсэн. Түүнээс биш хориотой эм хэрэглээгүй шүү” гэж буруутан биш болох гэж шүүхэд хандсан нь нэг биш. Энэ бол тамирчин хүний хувьд ёс зүйгүй явдал. Монголд өнөөдөр буруутан байхгүй мэт солгой ойлголт бий болсны уршгаар ийм хууль, дүрмээс гажууд юм гараад байгаа юм.
Өөр нэгэн хор уршгийг хэлэхэд аваргуудын хоорондын хэрүүл, маргаанаас болж алс нь бөх хүн сонгуульд нэр дэвших хийгээд сонгогдох замыг хаах аюул бий. 2020 оны УИХ-ын сонгуульд үзээд алдая гэсэн бодолтой бөхчүүд байж л таараа. Тэд Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын зам дээр асгасан “хог шороо”-нд бүдэрч мэднэ. Ийм хохирол гарч магадгүй гэсэн болгоомжлол байна. Тэрнээс биш хэсэг бусаг бөх барилдсангүй гээд наадам хохирохгүй ээ. Улсын нэг том цолтой бөх бөхийн зүтгэлтэн найздаа “Нутгийн их аварга элдэв хэрүүл, уруул хийгээд лай болж байнаа хө. Гэхдээ миний хувьд улсын баяр наадамдаа барилдалгүй яахав. Манай галд надтай адил бодолтой бөхчүүд бий” гэсэн байналээ. Тэр бөх хүний залуу нас үдийн нар шиг богино. Тиймээс нэг жилийн наадам өнжинө гэдэг алдаа болно гэж хэлж л дээ. Наадам болдгоороо болно. Бүү эргэлзээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
4 comments
Зөнөг ихэдсэн Баянмөнх байсан байгаагүй ардын наадам болдогоороо болно. Наадамаас өмнө хар хэл нь татаасай харваад унаасай Наадам дээр үзэгдвэл баярладаг ард олон намбагүй өвгөн аврагыг ад үздэг болжээ. Нэрээ шороотой хутгасан түүнийг нээрээл шороонд булуулаасай гэж хараах нь холгүй болжээ. Далан настанд даруулга хэрэгтэйг дархан аврага хүн ойлгохгүй юм даа.
Баянмөнх хуучин хүргэнтэйгээ бөхийн өргөөг авч яах юмбэ,юу хийх гээд үхэх гээд байнаа,насаараа бөхийн хөгжлийн эсрэг явлаа одоо зөнөг залгаад юу ярихаач мэдэхгүй болжээ,өнөөдөр хар аваргыг тоох хүн байхгүй болсон,сүхбат мэдлэг боловсролгүй хоосон толгой ард түмний хөрөнгийг эвдэж хэмхэлж хууль зөрчихийг ийм удаан хараад суухуу,сүхбатыг шийтгэх ёстой,гантулга,муратын хойноос явуулахёстой,УИХ-д дахин хоосон толгойтууд бүү ороосой.
usan tolgoit SVHBATaa gej.
Монгол хүн үүд хаалгаа өшиглөж эвдэх, талийгаачын ажил явдал дуустал хэл ам хэрүүл хийх, өр зээлээ нэхэх гэх мэтийг цээрлэдэг. Ийм энгийн ёсоо мэдэхгүй үл тоосон бөхийн нэр хүндийг унагасан, нутаг орныхоо нэр нүүрийг барсан Баянмөнх, Сүхбатаас болж Монгол бөхийн тэнгэр нь хаях бий .Алдарт аварга Мөнхбатын ажил явдал дуусаагүй байхад бөхийн өргөө рүү дайрч давшилсан Бүрэнтөгс, Батсуурь нараас аварга цол, амны хишиг нь ардаа гарсан аз нь хаялаа хөөрхий.