Нийгэм

Монголчууд оршуулгын ёс горимоо өөрчлөх шаардлагатай юу?

Бидний амьдран суудаг нийслэл хотын маань хүн ам нэг саяыг аль хэдийнэ давж Улаанбаатар дэлхийн томоохон метрополис хотуудын тоонд албан ёсоор багтаж орсон. Гэвч өдөр ирэх тусам хүрээгээ тэлж буй манай хотын өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг нь оршуулгын газрын зах замбараагүй тэлэлт юм. Зөвхөн нийслэл хотод гэхэд л оршуулгын газрын хамрах талбай жилд 10 гагаар нэмэгдэж байгаа гэсэн албан ёсны судалгаа гарчээ. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг айлын нохой хүний ясаар хооллодог, хүүхдүүд нь гавлын ясаар бөмбөг тоглож байсан, өөд болоод удаагүй хүнийг шөнө дөлөөр ил тавьчихаад зугатдаг гээд сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүд ч гарах болсон.

Уг нь монголчууд бид эрт дээр үеэс бурхан болоочийгоо хүндэтгэлтэйгээр оршуулж, нутаглуулдаг, оршуулгын газар амьдрах нь бүү хэл хажуугаар нь өнгөрөхдөө маань уншаад өнгөрдөг ёс заншилтай ард түмэн. Бүр Хүннүгийн үеэс эхлээд өөд болоочийг нутаглуулахдаа авс болон булшинд нь тухайн хүний хэрэглэж байсан үнэтэй цайтай эд зүйлсийг хийхээс эхсүүлээд унаж байсан морь, тэжээж байсан нохойг нь хүртэл хамт оршуулдаг эртний уламжлал бий.

Гэвч сүүлийн жилүүдэд өрнийн соёл нэвтэрснээр талийгаачийг нутаглуулах уламжлалт зан үйлээс гадна чандлах гэх мэт өөр зан үйл нэвтрэх болсон. Цаг үеэ дагаад оршуулгын ёсыг үйлдэх арга ажиллагаануудад ч ихээхэн өөрчлөлт гарах боллоо.

Тэгвэл хүнээ оршуулж чадахаа байсан, дээр нь ихэсийн газрыг хүндэтгэх нь битгий хэл дэргэд нь хашаагаа бариад амьдардаг болсон энэ цаг үед бидэнд тунгааж бодох зүйл олныг хэлж, сануулсан нэгэн арга хэмжээ саяхан болж өнгөрсөн юм.

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Буяны зан үйлийн холбоо төрийн бус байгууллага, МУИС-ийн Түүхийн тэнхимээс хамтран “Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлалт орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Бага хурлын үеэр эрдэмтэд болон буяны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын зүгээс манай нийслэл хотын өнөөгийн нөхцөлд оршуулгын зан үйлийг хэрхэн хийж гүйцэтгэх, хуулинд ямар зохицуулалтуудыг хийж болох талаар саналаа солилцож, зарим шинэ саналыг дэвшүүлсэн. Тусгал.мн тус бага хуралд оролцсон зарим эрдэмтэд болон зохион байгуулагчдаас цөөн асуултад хариулт авсан юм.

588f4c06a1977283d2a72d7d672d0b2f Монголчууд оршуулгын ёс горимоо өөрчлөх шаардлагатай юу?

МУИС-ийн  Археологи, антропологийн тэнхмийн доктор, дэд профессор У.Эрдэнэбат: Оршуулгын байгууламж, булш гэдэг бол талийгаачийн нөгөө ертөнцөд амьдрах орон гэр нь юм.

Таны илтгэлийн сэдэв их сонирхол татахуйц байлаа. Ийм илтгэл тавихын тулд судалгаа их хийсэн байх даа?

Хүннүгийн үеийн эртний язгууртнуудын булшийг судлаад үзэхэд монгол гэр, орон сууцны хэлбэрийг дуурайлгаж булш бунхнаа хийсэн тохиолдол түгээмэл байдаг. Энэ нь бидний өвөг дээдэс булш, оршуулгын байгууламжийг талийгаачийн нөгөө ертөнцөд амьдрах орон гэр хэмээн үздэг байсантай шууд холбоотой. Ингээд зогсохгүй язгууртны булшинд гэрийн үүдэвч гэж тусдаа хэсэг байдаг. Мөн оршуулгын тасалгаан дахь авсны ханыг монгол гэрийн хана дуурайлгаж сараалжин хэлбэртэй хийсэн тохиолдол ч олон бий. Бас тахилын онгоны эзнийг гэртээ хойморынхоо өмнө сууж буй мэтээр дүрсэлж хийсэн байдаг бол зарц, шивэгчин, шадар туслахуудыг нь эзнийхээ өмнө сөхөрч, бохирч сууснаар дүрсэлсэн байдаг. Энэ бүхэн манай өвөг дээдэс нөгөө ертөнц рүү очиж буй хүндээ ямар их хүндэтгэлтэй ханддаг, оршуулгын зан үйлийг хэчнээн чухалчилж хийдэг байсны тод жишээ юм.

Өвөг дээдсийн эртний энэ уламжлалыг орчин үетэйгээ яаж хослуулах ёстой юм бэ. Уламжлал, орчин үе хоёр зөрчилдөөд байгаа юм биш үү?

Ганцхан монголчууд биш, бусад ард түмний хувьд ч ялгаагүй оршуулгын зан үйл гэдэг чинь их хүндтэй, чухал үйл явдалд тооцогдсоор ирсэн. Орчин үед бид хүн оршуулах зан үйл, үйл явцыг заавал хууль гаргаж мөрдүүлэх ёстой. Учир нь манай өвөг дээдэс бүр Чингис хааныхаа үеэс эхлээд оршуулгын зан үйлийг төрийн хуулиар хуульчлан мөрдүүлсээр ирсэн. Өнөөдрийн манай хууль тогтоомжид дутуу зүйл олон бий. Жишээ нь бөөгийн зан үйлийг дагаж талийгаачаа нутаглуулна гээд зүтгэвэл яаж зохицуулах уу, бурхны шашны ёс заншлаар нутаглуулна гэвэл яах уу гэх мэтийг хуулинд тусгаж өгөхөд буруудахгүй. Гэхдээ уламжлал, ёс заншил, бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэсэн, нарийн зүйл заалттай хууль байх учиртай.

475af3f812ea87544231cc96cd96e9aa Монголчууд оршуулгын ёс горимоо өөрчлөх шаардлагатай юу?

“Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн, “Улаанбаатар Буян” компанийн захирал Г.Идэрмаа: Хүн болгоны халгадаг, ярихаас зайлсхийдэг сэдвээр анх удаа илэн далангүй ярилцлаа

Оршуулга бол манай ард түмний ярихаас цээрлэдэг сэдэв. Энэ арга хэмжээг зохион байгуулах зайлшгүй шалтгаан байсан гэж бодож байна?

Ганц нийслэл хот гэлтгүй улсын хэмжээнд оршуулгын газар өөрөө маш хүнд асуудал болчихлоо. Юуны түрүүнд зах хязгааргүй газрын тэлэлт явагдаж байна. Дээр нь далд болон ил задгай оршуулга ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлээд эхэлчихлээ. Тиймээс бидний оршуулгын уламжлал ямар байсан юм бэ гэдгийг заавал хөндөж, судалж гаргах ирэх шаардлагатай болж байна. Ингэж судалж гаргаж ирснээрээ орчин үеийн нөхцөлд юуг нь авах уу, юуг нь гээх үү. Яаж уламжлал, шинэчлэлээ хослуулах уу гэдгээ шийдэх боломжтой болно. Хүн болгоны ярихаас зайлсхийдэг сэдвээр анх удаа мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид илэн далангүй ярилцаж байна гэж хэлж болно.

Монголчуудын оршуулгын зан үйл бусад улс үндэстнүүдтэй харьцуулахад илүү нүсэр болдог юм шиг санагддаг?

Тийм ээ. Эрт дээр үед их нүсэр оршуулга хийдэг байсан нь үнэн. Гэхдээ орчин үед хөнгөн, хялбараар хийж байгаа нь энэ гээд биднийг өнгөрөн одож буй хайртай хүмүүстээ хүндэтгэлтэй хандахгүй байх хандлага их ажиглагддаг болчихлоо. Түүхийн баримтаас үзэхэд бидний өвөг дээдэс бурхан болоочдоо ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ.

Оршуулгын зан үйлийг өөрчлөх шаардлагатай юу. Өөрчлөхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

Өөрчилье, шинэчилье гээд өнөөдөр байгаа зан заншлаа үгүйсгэхдээ гол нь биш юм аа. Оршуулгын газрын энэ их зах замбараагүй тэлэлт, ил задгай дураараа оршуулдаг үйл явцыг цэгцлэх замаар шинэчлэл хийх учиртай юм. Ингэхийн тулд одоо байгаа замбараагүй оршуулгын газраа хотоосоо гаргаж, нүүлгэн шилжүүлээд оронд нь цэцэрлэг барих, эсвэл угаасаа гаднын хөгжилтэй орнуудын жишгээр маш гоё цэцэрлэгт хүрээлэн дотор цэвэрхэн, боловсон оршуулгын газраа байгуулах гэх мэт нэг бус арга байгаа.

Жилд улсын хэмжээнд хэдэн хүнийг оршуулдгаас хэдэн хувийг нь чандарлаж байгаа вэ?

Улсын хэмжээнд  жилдээ 17 мянга орчим хүн нас бардаг. Үүнээс Улаанбаатар хотод 7500 орчим хүн нас барж байна. Хотод нас барагсдын 22 хувь нь чандарлуулах үйл явцыг сонгож байгаа. Энэ бол гаднын орнуудтай харьцуулахад харьцангуй бага тоо. Манай компанийн хувьд Англи улсын стандартаар баталгаажуулсан 1000 хэм хүртэл халдаг тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Ийм нөхцөлд талийгаачийн шарил дутуу шатаагдах ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс гадуур хүмүүсийн дунд яригдаад байгаа дутуу шатаачихдаг гэх яриа ор үндэсгүй юм шүү. Бид Австрали зэрэг өндөр хөгжилтэй улсуудад зохиогддог олон улсын хурал, зөвлөгөөнд тогтмол оролцож, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байгаа. Ер нь бол чандарлах нь монголчуудын хувьд шинэ зан үйл огт биш. Манай өвөг дээдэс эртнээс талийгаачаа чандарладаг уламжлалтай  байсан гэдгийг хэлмээр байна.

fd1a25bdb485cfd6ab287cf815cea1b9 Монголчууд оршуулгын ёс горимоо өөрчлөх шаардлагатай юу?

Доктор, дэд профессор Д.Даваасүрэн: Талийгаачийг ил тавих нь тийм ч муу зүйл биш. Ингэснээр сүнсийг нь тэнгэрт гарах боломжийг олгож байгаа хэрэг

Оршуулгын уламжлалт ёс заншлыг орчин үетэй нийцүүлэх болсон гэж илтгэл тавьсан эрдэмтэд үзэж байна. Та эрдэмтнээс гадна шашны төлөөллийнхөө хувьд үүнтэй санал нийлэх үү?

Санал нэг байна. Хуучин уламжлал, зан заншлаа тэр чигээр нь хадгалах гэхлээр хот суурин газрын иргэншилтэй холбоотой олон бэрхшээл гарч ирж байна. Жишээ нь талийгаачийн алтан хайрцагыг нь нээхэд урд зүгт оршуул гэж буудаг. Гэтэл манай нийслэл хотын урд зүгт Богд уул байгаа шүү дээ. Богд ууландаа бид хүн нутаглуулдаггүй биз дээ. Дээр үед бол хаашаа ч харсан өргөн уудам тал нутаг байсан учраас хаана ч хамаагүй тавьчихдаг. Тас шувуу аваад явчихдаг байж. Тиймээс өөрчлөх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.

Дээр үед хүмүүс бурхан болоочоо нутаглуулахдаа лам нарын үгийг нэг бүрчлэн дагадаг байсан. Орчин үеийн хүмүүс бид лам нарын үгийг заавал дагах ёстой юу?

Талийгаачийн алтан хайрцагийг шинжиж үзээд нээж байгаа хүнийг шинжээч гэж нэрлэдэг. Шинжээчид өөрт нь асар их хариуцлага ноогддог. Хэрэв шинжээч бурхан болоочийн алтан хайрцагийг буруу нээвэл хор хохирол нь ар гэрийнхэнд нь гэхээсээ илүүтэй шинжээчид өөрт нь буцаж ирдэг. Тиймээс өөрөө буруудахгүйн төлөө алтан хайрцагийг заавал үнэн мөнөөр нь нээх хэрэгтэй болдог. Харин зарим хүмүүс шинжээчийн хэлсэн үгнээс зөрөөд буруудах тохиолдол бий. Чиний жил болохгүй байна, чи битгий газар луу нь хамт яв гэж хэлсээр байтал миний дотнын хүн юм чинь гээд зүтгэсээр байгаад оччихдог. Үүнээс нь болж дараа нь гай барцад тохиолддог.

Бурхны шашинд чандарлах болон ил тавих зан үйлийг юу гэж үздэг юм бэ. Зарим лам нар чандарлаж болохгүй гэж хэлдэг?

Хот суурин газрын нөхцөлд ил тавих боломжгүй гэдэг болчихлоо. Гэвч бурхны шашны ёсоор бол тийм жилтэй хүнийг тэгж ил тавина, ийм бол чандарлахад тохиромжтой гэх мэтээр ялгаатай байдаг л даа. Ил тавих чинь өөрөө муу зүйл биш. Газар ухаж хөндөлгүйгээр байгалиа цэвэрхэн үлдээж чадаж байгаа нь монголчуудын нүүдэлчин уламжлал дахь нэг чухал соёл юм шүү. Ил тавьснаараа талийгаачийнхаа сүнсийг хүндэтгэж, тэнгэрт гарахад нь тусалж байгаа хэрэг. Бид өөд болоочийн биеийг нь газарт булж, оршуулж чадахаас сүнсийг нь оршуулж чадахгүй. Тэгээд ч хүн болгоныг ил тавина гэж байхгүй шүү дээ. Зарим нэг хүнийг л ил тавих шаардлагатай болдог.

Эрт дээр үеэс оршуулгын зан үйлийг уламжлал, ёс заншил, шашны ёс горимтойгоо нарийн уялдуулж хийдэг байсан бидний өвөг дээдэс ил тавихаас гадна газарт булах, чандарлах, усанд онголох, мөн занданшуулах зэрэг бурхан болоочийгоо нутаглуулах олон янзын аргыг мэддэг байжээ. Бид бүхний бахархал болсон эзэн Чингис хааны онгоныг дэлхийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн баг өнөөдрийг хүртэл нэг бус удаа сүүлийн үеийн багаж техникийн тусламжтайгаар хайгаад хайгаад олж чадаагүй байгаа нь монголчууд ихэс дээдсийнхээ булш, онгоныг хэчнээн өндөр түвшинд нууцалж, ямар их хүндэтгэлтэйгээр оршуулж чаддаг байсны илрэл гэлтэй. Тиймээс оршуулгын зан үйл орчин үеийн чиг хандлага руу шилжиж байгаа энэ цаг үед бид бүхэн уламжлал, ёс заншлаа хэрхэн өнөө үетэйгээ уялдуулж, хадгалж авч үлдэх вэ гэдэг том асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

13 Сэтгэгдэлтэй

  1. Монголд оршуулах зан үйлийн цогц үйлчилгээ хэтэрхий үнэтэй бн. 18 сая орчмын багц гэхэд машин нь өөр айлтай давхацсан гээд цагаас хоцрох тохиолдлууд гардгийн билээ, машин нь хувь хүний бдг л нэг микро. Тийм үнэтэй бол машинууд нь хүрэлцээтэй арай өөрөөр бэлдсэн бвал зүгээр санагдсан ямартаа ч таалагдаагүй 12 саяа өгсөн хүмүүс их л гомдолтой яридгийн билээ үйлчилгээ муу үнэндээ тохироогүй гээд.

  2. … гээд зүтгэвэл яаж зохицуулах уу , …нутаглуулна гэвэл яах уу , … нөхцөлд юуг нь авах уу ,юуг нь гээх үү ГЭЖ БИШ ,зохицуулах вэ , яах вэ , авах вэ , гээх вэ ГЭЖ БИЧДЭГ БАЙСАН ЮМ ШҮҮ .

  3. Монголд энэ зан үйл бизнес болчихжээ . Асар өндөр ашигтай бизнес болгоод хувиргачихжээ хөөрхий

  4. Идэрмаа ашгаа олчихсон одоо үнээ буулгаа. Арай дэндүү ялгавартай болж байна. Үхсэн хойно алтан авсанд ороод яах юм.

  5. Шарил чандарлах гэдэг хүний үхэл хагацал дээр цэцэглэж байгаа хамгийн ашигтай бизнес яах аргагүй мөн.

  6. Өөд бологсдыг нутаглуулахад өвөг дээдсийн хамгийн чанд сахидаг зан үйл бол зүг чиг, газар орон байлаа. Өнөөдөр шинжээчийн нээсэн тэр зүг чиг нийслэл хотод яг таарч байгаа болов уу? Нийслэл хотыг тойрсон оршуулгын тоотой хэдэн газар дөрвөн зүг найман зовихсод байгаа билүү. Шинжээнд хойд зүгт тавь гэж гархад л асуудал үүснэ дээ. Нийслэлийн чанх хойд зүг аль вэ гэдгээ ч үл мэдэх болсон энэ цагт эцгийнхээ газрыг алдаж тавиад амьдрал ахуй нь нэг л болохгүй яваа хүмүүс ч байгаа ч юм билүү.

  7. Өөд бологсдыг нутаглуулахад өвөг дээдсийн хамгийн чанд сахидаг зан үйл бол зүг чиг, газар орон байлаа. Өнөөдөр шинжээчийн нээсэн тэр зүг чиг нийслэл хотод яг таарч байгаа болов уу? Нийслэл хотыг тойрсон оршуулгын тоотой хэдэн газар дөрвөн зүг найман зовихсод байгаа билүү. Шинжээнд хойд зүгт тавь гэж гархад л асуудал үүснэ дээ. Нийслэлийн чанх хойд зүг аль вэ гэдгээ ч үл мэдэх болсон энэ цагт эцгийнхээ газрыг алдаж тавиад амьдрал ахуй нь нэг л болохгүй яваа хүмүүс ч байгаа ч юм билүү.

  8. Элэнцэгнийх нь Хүннү вэ? Хариуцлагын асуудал ярьж байхад. Элэг хөшмөөр юм. 21-р зууны монголын оршуулгын соёлд хаа хамаатай манай тооллын өмнөх Хүннүчүүд ямар хамаатай билээ? Энэ бол зүгээр л бэлэн онигоо. 21-р зууны монголчуудын.

  9. Энэ Түвдийн бурангуй ёсыг орхимоор байх юм. Ил задгай тавьж хайртай хүмүүсээ нохой шувуунд идүүлэх нь хир тааламжтай вэ. Хайрлан үнсдэг байсан аав,ээжийнх нть толгойг нохой зуугаад явж байна,зулгааж байна гээд бод доо.

  10. Idermaa gedeg xvn Buyanii vil geed bgaa bolovch xeden sayaiin xairtsag ene ter geed busdiin ui gashuu zovlongoor biznes xiideg xvn bna lee arai l vnetei vneldeg yum bna lee. biznes baij bolox baivch arai sanagdsan shvv. busdiin ui gashuu zovlongoor biznes xiij busdiig ingej shulj baij olson mongooroo xvvxdvvddee xool avch ogoxdoo idvvlj suuxdaa yu boddog bol xemeen emzeglej bailaa. ene xvnii muug vzex gesen bish vne xansh ni arai l yum bsan. oort ui gashuu toxioldox ved vvniig xvmvvs mederdeg.

  11. Taliigaachiig il tavihiig bolimoor bna. Huduu nutagt neg saihan gazar amarch zugaalahaar ochohod hunii gavliin yas busad yas hugluruud bj bh yum. Yas uldeheesee umnu ni ter havi ter chigeeree umhiirch, yalaa batgana shavsan muuhai unertei zerleg amitan durveheer boldog.

  12. Lam nar taliigaachiig ter zugt garga gedeg tend ni orshuulgiin gazar bhgui, huduuniihun durtai gazraa hun nutagluulj bna. Hotod ungursun hunii ar ger gazriig unetei avdag, huduu unegui durtai gazraa orshuuldag. Lam nar amni zorgoor zug zaahaa bolimoor bna.

  13. Идэрмаа хатан минь үнээ маш их буулгаа,чи хангалттай оршуулгаар баяжлаа,хүний зовлонгоор цадах болоогүй юу,энэ байдалдаа дүгнэлт хийх болсон шүү.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close