Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.
Хан-Уул дүүргийн иргэн П.Очирпүрэв нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдлийг хотын даргад танилцууллаа. Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологи 1.5-3 м/куб хүртэл хог цуглуулах хүчин чадалтай юм. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Тухайлбал Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Сан оргиу” үйлдвэрт торхыг, шуудайг мөн жилд 240 мянган шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын үйлдвэр 3 мянган ширхэг шуудайг 14 хоногт үйлдвэрлэх боломжтой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын хогны асуудал бол том асуудал. Улаанбаатар хотын хогийг боловсруулах чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Морингийн даваанд барилгын материалын хогыг дахин боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх төсөл юм. Мөн концессын гэрээгээр Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр байгуулах юм. 2020 онд нийслэл хотод ил задгай, ландфилын аргаар хог булшилдаг байдлыг зогсооно. Энэ ажилд хог цуглуулах ажил их чухал. Бид хамтран ажиллах хүсэлтэй байна. Гэвч тендэр болон гэрээ хэлцлийн шатны олон ажил бий. Бидэнд туршилтын байдлаар ашиглах загвар үзүүлэхийг санал болгоё. Нийслэл хотод эхний ээлжинд төвийн хэсгүүдэд хэрэгжүүлэх боломжтой юм. Холбогдох байгууллагууд иргэнтэй хамтран крантай машины асуудлыг хэрхэн шийдэх шийдлээ олоорой. Туршилтын журмаар хэрхэн хэрэглэгдэж буйг судалж үзье. Ирэх 2019 онд хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” хэмээгдэх түүхэн дурсгалт өвийн талаар Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ нийслэлийн Засаг даргад хүсэлт тавилаа. Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх энэ байшин иргэн Б.Мөнх-Эрдэнийн хувийн өмч бөгөөд тухайн газарт барилга барьж бизнесийн үйл ажиллагаа явуулахаар 2013 оноос хүсэлт тавьж байгаа юм. Гоожингийн өндөр хэмээх байшин нь соёлын өвд бүртгэлтэй учир зөвшөөрөл олгогдохгүй байгаа бөгөөд уг барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл буулган зөвшөөрлийг олгож шинэ барилга барих нөхцлийг хангаж өгөхийг хүслээ.
Уг байшин 1913 онд Намнансүрэн ерөнхий сайдын үед баригдсан. 1916 онд Сангийн яам байрлаж байсан. БСШУС-ын яам болон НИТХ-ын 2007, нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар нийслэлийн соёлын өвд бүртгэсэн байдаг.
Түүх соёлын дурсгалт газар гэж үзсэн учраас асуудлыг НИТХ-д асуудлыг танилцуулахаар боллоо. Нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл хасах талаар саналыг авч ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг уг газрын үнэлгээг бодитоор үнэлж иргэний асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд даалгалаа.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Үүсэлмаа тухайн дүүргийн 20 дугаар хороо “Туулын Улаан эрэг гэх газарт” “Цагаан Алигирмаа” ТББ байгуулан Туул голын эрэг дагуу цөлжиж байгаа газрыг зүлэгжүүлэх, ойжуулах зорилгоор мод тарих ажлыг хийж байгаа. 0.36 га газарт 17 сая төгрөгийн өртөг бүхий мод тарьж хүн, малаас хамгаалах зорилгоор хашаа барьсан байна. Хашааг буулгуулах талаар удаа дараа албан хүсэлт ирж байгаа учир мод тарих ажлыг үргэлжлүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэж өгөхийг нийслэлийн удирдлагад уламжиллаа.
Газар эзэмших хүсэлт гаргасан газар НИТХ-ын тогтоосон ундны усны хамгаалалтын бүс гэж тогтоогдсон хэсэгт хамаарч байгаа учир зөвшөөрөл өгөх боломжгүй гэж газрын албаны зүгээс хэллээ. Мод тарих асуудлыг Байгаль орчны газартай хамтран шийдвэрлэх боломжтой. Мөн тухайн хэсэгт ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа гэлээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Улсын онцгой хамгаалалттай бүсэд хамаарч байгаа учир газар эзэмших эрх олгохгүй. Хүссэн хүн бүр дуртай газраа хашаа хатгаж байгаа нь буруу зүйл юм. Харин мод тарих санаачлагыг бид дэмжиж манай газрын зүгээс иргэдтэй хамтран ажиллах тал дээр гэрээ байгуулж ажиллахад бэлэн байна” гэлээ.
Мод тарих санаачлага өрнүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр мод тарьж байгааг сайшааж байна. Тиймээс холбогдох байгууллагуудтай холбогдож хамтран ажиллах гэрээ байгуулан дэмжлэг авах хэрэгтэй. Төсөлд хамрагдаж мод тарих санаачлагаа үргэлжлүүлээрэй. Мөн тарих модныхоо төрөл зүйлд анхаарах хэрэгтэй гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.
Шатрын болон оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хотын нийтийн эзэмшлийн талбайн өнгө төрхийг сайжруулах үүднээс шатар, оюун ухааны спортын талбай эсвэл гудамжтай болох талаар иргэн Б.Чинзориг санал хэллээ. Шатрын спортыг хөгжүүлэх, нийслэлийн гудамж талбайг тохижуулах, жуулчдыг татах энэ санаачлагыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Залуучууд хөгжлийн газар, Нийтийн биеийн тамир спортын хороо дэмжиж байгаагаа хэллээ. Холбогдох байгууллагуудтай хамтран тохижуулж амжилттай хэрэгжвэл бичил цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны дунд тохижуулах тал дээр хамтран ажиллахаа хотын дарга хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2 comments
ЭСГИЙ ГЭРЭЭСЭЭ САЛААГҮЙ ХОТЫГ ИХ ХОТ ГЭЖ ТЭНЭГТДЭГ МАЛ МОНГОЛООС ӨӨР ХАА Ч БАЙХГҮЙ.
Хөдөөний БАтболд юу хийх вэ дээ. Авчирсан хүн нь шээдэг, авилгач ххх