Хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ

Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхээлтэй болох, амь насаа алдах нь ихэссэн. Таван жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алджээ. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л Говьсүмбэр аймгийн Баянтал суманд “Дүнжингарав-2018” уралдааныг хууль бусаар зохион байгуулснаас болж 16 хүүхэд мориноос унаж гэмтсэн. Тэгвэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд зээ хүүгийнхээ даахийг үргээх найр хийхдээ, даага уралдуулсан байдаг.
Энэ үеэр хоёр настай нялх үрээ олигтой ч цагааширч, хөлийнх нь ээдрээ гүйцэд гараагүй эмнэг шахуу хээр даагандаа мордуулж, эмээл дээр нь уяагаар хүлж уралдуулсан нэгэн эцгийн хэрэг дуулиан тарьж олны дургүйцлыг хүргэсэн билээ. Дааганы уралдаанд хээр даагаа сойсон Г.Хангалхулан хоёр настай хүүгээ машиндаа суулгаад уралдаан болох газарт очсон байна. Гэвч даага уралдах өдөр сургуулийн хүүхдүүд улсын шалгалт өгч таарсан тул унаач хүүхэд нь ирж чадаагүй байна. Зарим уяаж даагаа уралдуулж чадаагүй буцсан аж.
Харин Г.Хангалхулан хүүхдээ унуулахаар шийдэн эмээлийг нь янзалж, дөрөө сурыг нь богиносгож хүүгээ эмээлтэй нь хөдөлгөөнгүй болтол нь хүлсэн байсныг наадамчид хэлжээ. Энэ тухай “Өдрийн сонин”-д мэдээлснээр хоёр нас гурван сартай Х.Од-Эрдэнэ хүү уралдааны замд “Ээ дээ ээ дээ” хэмээн ээжийгээ дуудан уйлж байсан гэнэ. Хүүгийн уйлах дуу хүүхдүүдийн гүүглэх хашхираан дундаас илүү чанга сонстож байжээ. Таван километр замд хүүгийн унаж явсан даага гурван ч удаа үлийний нүхэнд бүдэрчээ. Дааганы уралдаан үзсэн хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ. Ийм жаахнаасаа даага унаад эхэлж байгаа юмуу. Тэр нүүрийг нь хараад байгаарай, халтайгаад битүү шороо болчихсон байна” гэж өхөөрджээ.
Харин бяцхан хүүгийн эх Н.Отгонцэцэг энэ талаар “Наадам болсон өглөө хүүгээ дагуулаад явсан. Би хонио хараад үлдсэн юм. Тухайн үед хүүхдээрээ даага унуулах талаа юу ч хэлээгүй. Миний санаанд ч тийм зүйл огт бодогдоогүй. Тэгээд удалгүй ирсэн, бай авсан гээд л ирсэн. Тэгэхдээ даага унах хүүхэд олдохгүй хүүхдээрээ унуулчихлаа гэсэн. Эхэндээ тоглож байгаа юм байх гээд итгээгүй. Хүүхдийн маань бие зүгээр байсан. Яагаад нялх үрээ дааган дээр мордуулаад явуулсан гэдгийг одоо бодоод ч ойлгохгүй байгаа. Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ” гээд хүүгээ эсэн мэнд хүргээд ирсэнд баярлаж байна хэмээжээ. Энэ явдалын дараа хүүгийн эцэг г.Хангалхулан ээжид нь хүүгээ бага байхад нь адуунд ойртуулахгүй гэх ам өчиг өгчээ.