“В” хэсгийн сүүлийн хоёр тоглолтод Португал Ирантай, Испани Мороккотой тэнцсэнээр хасагдах шатанд ОХУ Испанитай, Португал Уругвайтай тоглохоор болов. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтоо амжилттай дуусгасан Португальчуудын хувьд Ираны шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтдоо 1:1 харьцаагаар тэнцэж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаар болж байна. Уг нь тэдэнд хэсэгтээ тэргүүлэх боломж бүрэн байсан юм.
Тэдний хувьд сүүлийн тоглолт нэлээн барцадтай, ялангуяа тус багийн “од” Кристиано Рональдуд хүндхэн өдөр тохиов. Тэр ДАШТ-ий ээлжит гоолоо хийх боломжоо алдсан юм. Нэгдүгээр үеийн сүүлийн минутад Португалийн багийн хамгийн ахмад тоглогч Рикардо Карезма Ираны хаалганы дээд буланд 16 метрийн зайнаас цохиж эхний гоолыг хийснээр тэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Ираны хамгаалагч Эхсан Хажсафи Рональдогийн довтолгоог торгуулийн талбай дотор алдаа гаргаж зогсоосны улмаас шар карт авч, торгуулийн цохилтоор шийтгүүлсэн билээ. Улмаар 83 дахь минутад Кристиано Рональдо Ираны тоглогч Мортеза Пуралиганжигийн нүүрэнд тохойлдож, шар карт авсан юм.
Түүний гаргасан алдааг улаан картаар шийтгэх ч боломжтой байв. Гэвч Парагвайн шүүгч Энрик Какерес видео бичлэгийг (VAR) шалгасны дараа энэ шийдвэрийг гаргасан билээ.
Тоглолтын 92 дахь минутад Португалийн тоглогч торгуулийн талбай дотор бөмбөгөнд гар хүрч, улмаар Ираны довтлогч Карим Ансарифард торгуулийн цохилтоо гоол болгож чаджээ. Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөж, хоёр баг нэг, нэг оноо нэмж авсан юм. Энэ хэсгийг тэргүүлсэн Испаний баг ирэх Ням гарагт ОХУ-ын шигшээ багтай тоглох бол Португальчууд Уругвайн шигшээ багтай Бямба гарагт тоглоно.
Энэ хоёр баг хэсгийн тоглолтоос авсан оноогоор тэнцэж байгаа ч Испани зургаан гоол, Португаль таван гоол хийсэн тул Испаний шигшээ баг нэгдүгээр байраар шалгарч байна.
Тоглолтын онцлох үр дүнгүүд:
Португальчууд түүхэндээ дөрөв дэхь удаа хэсгийн тоглолтоос шалгарч байна. Тэд 1966, 2006, 2010 онуудад шалгарч байсан.
Ираны шигшээ баг ДАШТ-д таван удаа оролцохдоо бүгдэд нь хэсгийн тоглолтоос шалгарч чадсангүй. (1978, 1998, 2006, 2014, 2018 онуудад)