Өнөөгийн стресс, бухимдлаар дүүрэн нийгмээс өөрийгөө чөлөөлж, сэтгэл хангалуун, тайван амьдарлын хэмнэлд сургах зорилготой “Sound Therapy” буюу дуун авиа, энергийн эмчилгээний төв үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ талаар тус төвийн багш, бясалгалаар анагаагч Л.Маандатай ярилцлаа.
-Дуун авиа, энергийн эмчилгээ гэхээр их сонирхолтой санагдлаа. Эмчилгээний төвийнхөө талаар уншигчдад дэлгэрэнгүй танилцуулбал?
-Энэ оноос эхлэн бид үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж хоёр жилийн өмнөөс судалгааны ажлууд хийгдсэний үндсэн дээр байгуулагдсан. Ер нь энергийн эмчилгээ гэдэг маань өөрөө Дорнын олон өрний олон судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Үүнийгээ дагаад Sound Тerapy буюу дуу авиа, энергийн эмчилгээ нь хүмүүст эерэгээр нөлөөлж, бодитой үр дүнд хүргэдэг.
Судалгааныхаа явцад тодорхой хэмжээнд 300 орчим хүнийг сургалтандаа хамруулсан. Энэ ажлын маань үр дүн маш сайн гарсан учир бид “Sound Therapy” дуу авиа энергийн эмчилгээний төвөө нээхээр болсон юм.
Дуу, авиа гэдэг энэ ертөнц, дэлхий дээр үүссэн анхны энерги гэж эрдэмтэд үздэг. Тодорхой хэмжээний дуу, авиа хүнийг эдгээдэг бол, таагүй дуу авиа хүнийг стрессдүүлж ядраадаг гэх мэт нөлөөлөл нь их байдаг учраас энэ чиглэл дэлхий дахинд шинээр түрэн гарч ирж байна.
Эмчилгээнд маань багшийн ур чадвараас гадна, зөвхөн энэ эмчилгээнд хэрэглэгддэг тусгай хөгжмийн зэмсгүүд бий. Тухайн багш үйлчлүүлэгчиддээ зориулж сургалтынхаа хэв маягийг тааруулна гэсэн үг л дээ. ОХУ-д байрлах олон улсын төвдөө багш нарыгаа бэлтгэж, тусгайлан сургадаг.
-Дуу авиан эмчилгээ Монголд байх ёстой шалтгаан нь юу вэ?
-Жишээлбэл,сүүлийн үед хүн бүр дотроосоо тайвшрал, амар амгаланг мэдрэхийг хүсдэг. Завгүй, хөдөлгөөн ихтэй, өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг шаарддаг цаг үед амьдарч байна. Энэ бүхнээс үр дүнтэй, энгийнээр ангижирч, амар амгалан болоход монголчуудад маань дуун авиа энергийн эмчилгээ шаардлагатай юм байна гэж бодсон.
-Сүүлийн үед хүмүүс йога, бясалгалаар их хичээллэх болсон. Дуун авиа, энергийн эмчилгээ бусдаас юугаар давуу вэ?
-Жишээлбэл, Дорно дахины бясалгалын олон арга техникүүд бий. Гэхдээ хүн дан ганц нүдээ аниж суугаад олон зүйлээс ангижирна гэдэг энэ үед нэлээд хүндрэлтэй болсон.
Тийм учраас дуун авиа, энергийн эмчилгээ маань хүн болгонд тодорхой хэмжээнд хүрч, долгион, давтамж нь энерги болж очдог учир энгийн юм шиг мөртлөө амьдралынх нь эрч хүчийг сэргээж, гүнд нь хүрдэг гэдэгээрээ илүү давуу талтай.
ҮРГЭЛЖ САЙХАН ЗҮЙЛИЙГ БОДОЖ, ӨӨРТ ТААШААЛТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ ЧАДВАЛ АЗ ЖАРГАЛ АМТАГДАЖ ЭХЭЛНЭ
-Стрессийг үүсгэдэг олон хүчин зүйл байдаг. Монголчуудын хувьд ямар хүчин зүйлээс шалтгаалж стресс, бухимдал үүсээд байна?
-Завгүй амьдрал, ажил гэх мэт олон хүчин зүйл бий. Сүүлийн үед хүмүүс аз жаргалын тухай гэхээс илүү, чухал биш зүйлд анхаарлаа хандуулдаг болсон юм шиг. Гэтэл доторх хүн маань илүү тайван, амгалан, аз жаргалтай амьдралын таашаалыг хүсээд байдаг. Тиймээс бид илүү нам гүм, аниргүй орчин, хөгжим, бүтээлч байдал, өөрийн дуртай зүйлээсээ мэдрэх ёстой юм шиг.
Тэгэхээр тодорхой нэг өдөр ч юм уу, цаг минутыг өөртөө зориулж, өөрийгөө сонсоод, доторх хүнээ хөгжүүлэхэд зориулах ёстой. Ийм байвал илүү зөөлөн, эерэг, зөв хандлагатай хүн байж чадна.
Хүмүүс ер нь ажлаа тараад аливаа дугуйланд хамрагддаг учир, манай төвийн хувьд оройн ангуудыг голдуу явуулахаар төлөвлөөд байна. Мөн хүүхдүүдийн хувьд энэ эмчилгээ нь их үр дүнтэй.
Сүүлийн үед гудамжинд алхаад явж байхад гунигтай харцтай хүүхдүүд их олон болсон. Хэрсүү, эсвэл их олон зүйл боддог болчихсон мэт. Стресс, бухимдал гэдэг дан ганц томчуудад биш, хүүхдүүдэд хүртэл нэлээд ажиглагддаг. Үүний шалтгаан нь гэр бүлийн уур амьсгал, орчин. Томчууд нь өөрсдөө уур бухимдал ихтэй, энэ байдлаа хүүхдүүдэд харуулаад байхаар бага насны хүүхдүүдэд их дарамт тулгардаг.
Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүдүүддээ их анхаарч, юу хүсэж мөрөөддөгийг нь асууж, ажиглаж байх ёстой. Бид дээр дурьдсан судалгааны ажлынхаа хүрээнд сэтгэлийн зовлон, таагүй байдлыг ихээхэн мэдэрсэн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж, энэ сургалтаа явуулахад эерэг үр дүн гарсан. Тиймээс хүүхдүүд манай сургалтад хамрагдсанаар хурдан хугацаанд эерэгээр өөрчлөгддөг.
-Хүн өдөр тутмын амьдралдаа юунд анхаарсанаар стрессдэхээс сэргийлж, амар тайван байж болох вэ?
–Хүн сайхан зүйлийг бодож, өөрт таашаалтай зүйлээ хийж чадвал илүү жаргалтай болж эхэлнэ. Тухайлбал, дуртай хөгжмөө сонсох, өөрийнхөө энергийг бүтээлчээр ашиглаж чадвал харьцангүй аз жаргалтай амьдарч болно.
Аз жаргал, амьдралын кайфыг юунаас мэдэрч болохоор байна. Түүнийгээ л хий.Бидний дотор маш их нөөц боломж, потенциал нуугдаж байдаг. Амьдралын энергийг тэтгэх дуу авиан нөлөөлөл их чухал. Өвчтэй, эсвэл эрүүл байх нь тодорхой дуу авиан хэлбэлзлээс шалтгаалдаг.
Йогын ухаанд тархины тал хэсэг билгийн мэлмий нээсний дараа ажиллаж эхэлдэг гэж үздэг. Доод хүрднүүд ажиллаж эхлэх үед зүүн тархи ажилдаг үндсэн хувилгаан нарын сүлжээ дээд хүрднүүд ажиллах үед баруун тархи идэвхждэг.
Йога, бясалгалын гол зорилго нь хүний бүрэн дүүрэн нөөц боломж, потенциалаа нэмэгдүүлэн эрч хүчтэй байлгахад чиглэдэг.
Эх сурвалж: zaluu.com