Үндэсний их баяр наадам болоход 16 хоног үлджээ. Үүнтэй зэрэгцээд хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, даатгалын асуудал хөндүүр сэдэв болдог.
Өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрийн дээд хэмжээ нь 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон, нөхөн сэргээх үйлчилгээнд хаанаа ч хүрэлцэхгүй мөнгө.
Цаашид даатгалын нөхөн олговрын хэмжээг бодит байдалд нийцүүлэх үүднээс хурдан морь уяачдаас авах даатгалын хураамжийг нэмэгдүүлэх болжээ. Даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 саяд хүргэлээ.
Өмнө нь унаач хүүхдийн даатгалын хураамж 30 мянган төгрөг байсан юм. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын цахим бүртгэлд хурдан морь унаач 1500 орчим хүүхэд бүртгэлтэй. Тэдний 70 орчим хувь нь хөлсөөр морь унадаг аж.