Дэлхийд

Төсвийн мөнгөөр тансагласан хэргээр Израйлийн ерөнхий сайдын эхнэр буруутгагдав

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн эхнэр Сара Нетаньяху төсвийн мөнгө завшсан, олны итгэлийг эвдсэн хэрэгт буруутгагдаж байгааг тус улсын хууль зүйн яам өчигдөр зарлажээ.

59 настай, сэтгэл зүйч мэргэжилтэй Сара Нетаньяху задгай замбараагүй хэрэглээгээрээ байнга хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байдаг нэгэн.

Тэрбээр 2010-2013 оны хооронд ерөнхий сайдын амьдардаг төрийн хамгаалалттай өргөөнд үнэтэй ресторануудаас нийтдээ $100,000 орчмоор хоол захиалан хүргүүлж байсан гэнэ. Хууль ёсоор ерөнхий сайдын өргөөнд тусгай тогооч ажилладаг тул гаднаас хоол захиалах хориотой байдаг. Зардлаа төсвөөс гаргуулж, зориулалтыг нь нуун далдлах хуйвалдааныг өргөөний албан хаагчидтай хийсэн нь илэрчээ.

Хууль зүйн яамны мэдэгдэлд “төсвийн хөрөнгийг зориулалтын бус зардалд хулгайгаар зарцуулсан” гэж тайлбарасан байна. Хэрвээ Сара Нетаньяхугийн буруутайг шүүх тогтоовол дээд тал нь таван жил шоронд хорих шийтгэлтэй. Гэхдээ ийм зүйл болох магадлал бага гэнэ. Ерөнхий сайдын гэргийд тулгасан хэргийг өмгөөлөгч нь ”худлаа, зохиомол хэрэг” гээд “зөвхөн худал мэдээлэл, гуйвуулсан баримт дээр суурилсан төдийгүй ерөнхий сайд Нетаньяхугийн нэр хүндийг унагах гэсэн явууллага” гэж хариу тайлбар хийжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close