Урин дулаан цаг ирсэн энэ үед орон нутагт иргэд усанд осолдох, боогдох тохиолдлууд гарсаар байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ энэ сарын 19-нд 18:00 цагийн үед усанд осолджээ.
Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Нууц тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км-т/ тус сумын харьяат иргэн Ж /18 настай, эрэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/ нар, 300 толгой бог малтай “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 95 км зам туулан 19:50 цагт очиж, нэг цаг ажиллаж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их бүлан багийн “Цагаан-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн А /48 настай, эрэгтэй/, А /48 настай, эмэгтэй/, Ж /48 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, нар “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:35 цагт очиж, 10 минут ажиллаж, дөрвөн хүнийг аюулгүй газарт гаргажээ.