Онцгой байдлын албанаас ойрын үед дуу цахилгаантай бороо орохыг сэрэмжлүүлж байна. Үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ зургадугаар 19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолджээ. Уг дуудлагыг зургадугаар сарын 19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авав. Аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн таван алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 автомашинтай осолдсон газраас 200 метрийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй.
Зургадугаар сарын 20-ны өдрийн 21:40 цагт түр зогсоогоод өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж алга болсон гэх дуудлагыг зургадугаар сарын 17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Зургадугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг түр зогсоов. Зургадугаар сарын 20-ны өдрийн 20:40 цагт тухайн иргэний цогцос тус багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандал дээр гарч ирснийг аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай зургадугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагт Дэлгэрхаан сумын чиглэлд явж зургадугаар сарын 21-ний өдрийн 01:40 цагт очиж мөн өдрийн 07:30 цагт уснаас гаргаж тус аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.