Бараг 50 сая төгрөг “уучихаад” байгаа эдгээр ажил Баян-Овоо сумын хөгжил, иргэдийн ахуй амьдралд ямар нөлөө үзүүлэхийг засаг ноёноос асуумаар байна Монгол Улсын Ерөнхий сайдын чихнээс хонх уяж хийсэн ажлыг нь үнэгүйдүүлж байгаа хэд хэдэн аймаг байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.

Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хувьдаа орон сууц авахын тулд аймгийнхаа төсөвт 52 сая төгрөг суулгасан нь илэрч хэвлэлээр дуулиан тарьж байлаа. Мөн Засаг даргын хажуугаар аймгийн цагдаа, шүүхийн дарга нарт буцалтгүй тусламж нэрээр мөнө төсөвлөсөн нэх асуудал ч олон нийтийн дургуйцлийг төрүүлэх болсон юм.

Гэтэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Баянхогорийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар гэгчийн үрэлгэн зан олны шүүмжлэлийг хүлээлээ. Тодруулбал, Ж.Хатанбаатар 2018 онд 50 шахам сая төгрөгийг огтын шаардлагагүй ажлуудад цохон, төсөвлөсөн нь илэрчээ.

Тэрбээр өөрийнхөө албан өрөөний урсгал засварт таван сая, тавилгажуулахад 16 сая, ганц шүүгээнд 11.9 сая, автомашиныхаа засварт 8.5 сая, ЗДТГ-т компьютер авахад 20 сая төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байна. Уг нь Монгол Улсын төсөв санхүү тааруу байгаа учраас 2019 оныг хүртэл бүх нийтээр хэмнэлтийн горимд шилжсэн. Тэгээд ч орон нутгийн төсөв хуваарилалт хэзээ ч олигтой байгаагүй тухай сумдын удирдлагууд гомдоллон ярьдаг.

Бүр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт, цахилгааныг шийдэх гэж жил бүр асуудал дэгддэг ч мөнгөгүй гэх шалтгаанаар орон нутгийн хөгжлийн тухай яриаг хойш тавихаас аргагүйд хүрдэг билээ. Гэвч дээрх жишээнээс харахад, төсөв хүрдэггүй дээ биш, түүнийг захиран зарцуулах сэтгэл, чадваргүй Засаг дарга нар л гол асуудал бололтой. Бүхэл бүтэн гурван өрөө байрыг сайхан засаж, тохижуулахад 10 сая төгрөг элбэг хүрэлцдэг.

Гэтэл сумын Засаг даргын өрөө нэг бол нурсан балгас шиг болсон, эсвэл 4 өрөө байртай тэнцэхүйц биш л бол 16 сая төгрөгөөр засна гэж байхгүй. Дээр нь Засаг дарга бүр шүүгээнд 11.9 сая төгрөг төлөөд байвал төсөв тэр чигээрээ эдний хэрэгцээг хангахад зарцуулагдах биз ээ. Үүнээс гадна, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бусад төрийн албан хаагчид өндөр үзүүлэлттэй компьютерийн шаардлага байхгүй.

Тиймээс Ж.Хатанбаатар даргын компьютерт зарлагадахаар төсөвлөсөн 20 сая төгрөгийн зарцуулалтын задаргааг шаардахаас өөр арга байхгүй. Хамгийн гол нь, бараг 50 сая төгрөг “уучихаад” байгаа эдгээр ажил Баян-Овоо сумын хөгжил, иргэдийн ахуй амьдралд ямар нөлөө үзүүлэхийг засаг ноёноос асуумаар байна. Баян-Овоо сумын хувьд аймгийн хойд хэсэгт оршдог.

Алтны шороон ордын нөөцтэй учраас уул уурхайн компаниуд, хувиараа ашигт малтмал олборлогчид энд олон бий. Тэгвэл яг үнэндээ “нинжа”-тай сумууд бэлэн мөнгөн дээр хэрхэн туйлдгийг одоо мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс орон нутгийн томчууд өөрсдийн хүнээ ийм сумдад хуваарилан, Засаг даргын албыг авч өгдөг болсоор удаж байна.

Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатарын хувьд энэ албыг авах гэж дээрээс ихээхэн чангаалгаж, түлхүүлсэн нэгэн. Тэрбээр 2016 онд сумын Засаг даргад нэр дэвшиж АТГ-т материалаа хүргүүлсэн. Харин АТГ-аас Ж.Хатанбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баянхогор аймгийн прокурорт хэргийг шилжүүлж байжээ.

Гэтэл 2017 оны тавдугаар сарын 07-нд энэ хэргийг хүчингүй болгосон нь хачирхалтай. Хамгийн анхаарал татмаар нь, АТГ-аас ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан албан бичиггүй байхад 2017 оны тавдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргалын тушаалаар Ж.Хатанбаатарыг Баян-Овоо сумын Засаг даргаар шууд томилогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, аймгийн прокуророос түүнд хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосны маргааш нь л тушаал гарч, мань эр Засаг ноён болсон байна. Гэхдээ түүнийг ийнхүү Засаг даргаар томилсон нь илэрхий хууль зөрчсөн шийдвэр болсон тул 2017 оны аравдугаар сард Ж.Хатанбаатарыг албан үүргээс нь чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан.

Харин аймгийн удирдлагуудад хууль, шүүхийн шийдвэр огтоос хамаардаггүй нь тодорхой болж, Ж.Хатанбаатарыг энэ оны гуравдугаар сард дахин Засаг дарга болгохоор сумын ИТХ-д нэр оруулжээ. Тухайн үед АТГ-аас мөн Ж.Хатанбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээх тодорхойлолт ирсэн ч аймгийн Засаг дарга Б.Батжаргал түүнийг зүтгүүлсээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд дахин Засаг дарга болгосон байна.

Тэгэхээр Ж.Хатанбаатарын хуулийг үл тоон, төсвийг шаардлагагүй ажилд зарцуулахаар тусгасныг түүний ард аймгийн Засаг дарга Б.Батжаргал байдагтай холбон тайлбарлаж болох нь ээ. Одоо Баян-Овоо сумынхан алт ухахгүй л бол амьжиргааг нь залгуулах өөр ажлын байр, төсөл хөтөлбөр огт байхгүй.

Сумын бүх дэлгүүр, үйлчилгээний газар “нинжа” нарын орлогоор л ажлаа явуулдаг гэхэд болно. Тэгэхээр шороон ордны нөөц дуусчихвал чухам яаж амьдрахыг хэлж мэдэх хүн энд алга. Харин Засаг даргынх нь хувьд энэ асуудлыг анхаарах нь бүү хэл бүрэн эрхийнхээ хугацаанд ахиухан хөлжөөд авъя гэсэн шиг аашилж байгаа нь энэ бололтой.

Энэ байдлаас үүдэж төсвийн ерөнхийлөн захирагч нарын үрэлгэн байдлыг Монгол Улсын орлого хангаж дийлэхгүй байдалд хүрэх нь. Хамгийн гол нь, хууль хяналт чангарч байгаа ч төсөв үрэгчдийн тлл энэ мэтээр хүрээгээ тэлсээр. Өмнө нь төрд байгаа томчууд л улсын мөнгийг идэж, шамшигдуулсан, хувьдаа завшсан хэрэгт хутгалддаг байсан.

Бүр төрөөс төрсөн тэрбумтнууд гэх хэлц үг ч бий. Гэтэл одоо энэ хэлц орон нутгийн удирдлагуудад ч хамааралтай болжээ. Орон нутгийн хувьд тухайн газрын хүмүүсийг аль нам, хэн гэгч даргад “хамаардаг”-ийг хэн хүнгүй мэддэг. Тэгвэл Ж.Хатанбаатарыг яахын аргагүй Б.Батжаргалын хүн гэж хэлэлцдэг юм билээ. Иймд Ерөнхий сайд, холбогдох хууль хяналтын байгууллага энэ асуудлыг анхааралдаа авч, орон нутгийн засаг захиргаанаас гаралтай баячууд, АТГ-ын шийдвэрээс дээгүүрт ажилладаг Засаг дарга нарыг толгой дараалан шалгах цаг болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн