Бэлтгэсэн:Т.Энхбат Ж.Сувдмаа
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болсныг дээр дооргүй ярьж буй. Олон зүйл нуршилгүйгээр нэг үзүүлэлтээс энэ нь илэрхий харагдана. Уул уурхай улсын төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг гэхээр энэ салбар ямаршуухан далайцтай болсон нь ойлгогдох биз. Ганц “Оюутолгой” компанийн төлсөн татвар улсын нийт хөрөнгө оруулалтыг дангаараа дааж байна. Энэ онд улсын төсвөөс орон даяар 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн нь уул уурхайн салбарын хамгийн том компанийн нэг жилд төлсөн татвартай дүйж буй.
Нутагтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй, тэр ч бүү хэл эрслэн тэмцэнэ гэж иргэд нь ярьдаг Ховд аймагт энэ онд улсын төсвийн 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийнэ. Ашигт малтмалын олборлолтоос жийрхсэн хязгаар нутгийнханд уул уурхайн салбараас олсон үр өгөөж эдийн засгийн аль нэг сувгаар дамжин хүрч байгаа нь тодорхой. Уул уурхайгаас жигшин зугтаж, нутгаасаа ашигт малтмал олборлуулахгүй гэх болсон ховдчуудад хөгжлийн өөр ямар шийдэл бий вэ?
Ховд бол мал аж ахуй, газар тариалангийн аймаг. Тэднийх Алтайн үзэсгэлэнт байгаль, эрт цагаас хүн төрөлхтөн амьдран суусныг илтгэх эд өлгийн зүйл, олон ястны өв соёл, онцлог, түүхийн дурсгалдаа тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлэхээр зэхжээ. Баруун бүсийн нэрийн хуудас болдог “Ховд” их сургуулийг төгссөн багш ажилгүй, гудамж метрлэж байхад геологи хайгуулын чиглэлээр тэнд суралцсан залуусыг нь уурхайнууд булаацалддагийг тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Нямдорж ярив.
Уул уурхай угаасаа ажиллах хүч, хөрөнгө оруулалт, шинэ технологийг сорон авдаг салбар. Эл салбар хөгжиж буй орон бүр ийм замыг туулдаг. Хүн төрөлхтөн үүнийг “Голланд өвчин” гэж хочилдог юм. Уул уурхайн мэргэжилтэй хүмүүс нь бусдаас урьтаж ажилтай золгож байхад ч ховдчууд сөрөн зогссоор. Юутай ч энэ аймгийнхны “хоол”-нд уул уурхай гэсэн орц багтахгүй нь бололтой.
ШҮЛС АСГАРУУЛСАН БОЛОМЖ
Баруун бүсийн малчид зах зээлийн гачигдалтай. Малаа худалдъя гэхээр тэр бүр борлохгүй зовлон болно. “Аймгийн төв рүүгээ хэдэн хонь ачаад очихоор ченжүүд сорчлоод авчихдаг. Шигшигдэж хоцорсон хэдийгээ буцаагаад л ачаад явдаг” гэж Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн малчин Д.Мөнгөн-Эрдэнэ ярилаа. Уул уурхайг эсэргүүцдэг түүний өсөж, төлждөг баялаг нь борлогдохгүйгээс гадна үнэд хүрдэггүй нь гачлантай.
Ховдод тарган эр хонь намар 70-хан мянган төгрөгийн ханштай байдаг гэнэ. Нас гүйцсэн эм ямаа 25-30 мянган төгрөгөөр чүү ай үнэлэгддэг аж. Гэтэл тэднийхээс баруун тийш 300 км-ийн цаана Шинжаан-Уйгарт хонь 1000 гаруй юанийн үнэтэй. Өнөөгийн ханшаар хөрвүүлбэл, 380 мянган төгрөг гэсэн үг. Тэднийхээс хойш мөн л 300 км орчим яваад, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс руу мал, мах экспортолсон ч ялгаагүй өндөр үнэд хүрэх гэнэ.
Манхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ядамжав “Хоёр хөрш рүүгээ мах экспортолдог болчихвол малчдын амьдрал дээшлэх гээд байна” гэж бидэнтэй бодлоо хуваалцсан. Хэрэв мах экспортолж эхэлбэл баруун бүсэд мал үнэд хүрэх боломж харагдаж байгаа биз. Даанч манай мал сүрэг сүүлийн жилүүдэд шүлхийд дарлуулах болж, хөрш орнууд биднээс зай барин, экспорт гацсан нь тоогүй.
Ховд аймагт махны үйлдвэр эрхэлдэг “Жаргалант шанд” компанийн захирал Н.Нямдорж Шинжаан-Уйгараас махны бизнес эрхлэгчдийг нутагтаа урьж, хамтран ажиллах санал тавихад зочид нь манай малын эрүүл мэндэд муу дүн тавьжээ. Тэрбээр “Хоёр хөрш рүүгээ мах нийлүүлэх өргөн боломж бий ч малын өвчин гэдэг айхтар сааданд тээглэчихээд, урагшлахгүй байна. Малчдаа, түүхий эдийн бизнес эрхлэгчдийг дэмжье гэвэл төрөөс нэн түрүүнд хийх ёстой чухал ажил бол махны экспортыг идэвхжүүлэх” гэсэн.
Тус аймагт эднийхээс гадна махны бас нэг үйлдвэр байдаг ч хоёул хүчин чадал бага, улирлын чанартай үйл ажиллагаатай. Аймгийн төвд зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр байнгын ажиллагаатай, хүчин чадал өндөр, махны том үйлдвэр барихаар хэдэн он дамжин ярьж байгаа ч бодит ажил бололгүй өдий хүрчээ. Малаа эрүүлжүүлээд, мах экспортлох гэрээ хэлцэл хийчихвэл одоогийн үйлдвэрүүд нь байнгын ажиллагаатай, том үйлдвэр ч бий болно. Малчдын амьжиргаа ч дээшилнэ. Том зах зээлтэй хаяа залган оршиж байгаа нь баруун бүсийнхэнд давуу тал, шүлс алгаруулсан боломж. Гэвч тэд үүнийгээ ашиглаж чадахгүй, шүлсээ залгисаар л сууна.
“Уйгарчуудын бослогоос шалтгаалаад Шинжаанд улс төр нь тогтворгүй, үймээн ихтэй учраас хамтарч ажиллахад хэцүү” гэж аймгийн Засаг дарга Д.Галсандондог ярьсан. Энэ нь баруун бүсийнхнийг Шинжаан-Уйгарынхантай арилжаа наймаагаа өргөжүүлэхэд ч саад болдог гэнэ. Ховд аймгийн “Их буян” худалдааны төвийн наймаачин Х.Наранцэцэг “Шинжаан бол асар том зах зээл. Гэхдээ манайхан хяналт шалгалт, дотоод үймээнээс нь эмээгээд тийш худалдаа хийхээр зүглэдэггүй. Олон очиж, арга эвийг нь олсон над мэтийн цөөн хүн л тийш явж худалдаа хийж байна” хэмээсэн. Шинжааны дотоод үймээн намжиж, манайхан малаа эрүүлжүүлээд, мах экспортлох тамга даруулчихвал баруун бүсийнхэн гадаад зах зээлд хөл тавьж, халаасаа түнтийлгэх боломж хангалттай бий аж.
УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨӨР АШИГ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцалд 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эл бүтээн байгуулалтыг хийснээр баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүч авах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хараат байдлаас ангижирна гэсэн үг. Энэ нь цахилгаан станцын гол давуу тал. Харин ховдынхон бас нэг боломжийг олж харсан нь усан цахилгаан станцын ойролцоо газар тариалан хөгжүүлэх. Тэд цахилгаан станцын усан санг ашиглан, усалгаатай газар тариалан эрхлэх төсөөллөө хэдийнэ гаргажээ.
Хязгаар нутгийнхан Ховд, Буянт голын бэлчрийн үржил шимт хөрсөнд хүнсний ногоо тариалж ирсэн. Тариалсан тарвас нь амт чанараараа улсдаа зартай. Тэднийх жилд 20 мянган тонн хүнсний ногоо хурааж, баруун гурван аймгийнхаа хэрэгцээг бараг хангадаг гэсэн. Хэрэв тариалангийн талбайгаа томруулчихвал баруун таван аймгаа ч хангах хүнсний ногоо хураах боломжтой гэсэн эерэг төсөөлөл тэдэнд бий. Ховд аймгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, уул уурхайгаас ангид хөгжих нэг гарц нь эл төсөл аж. Усалгаатай газар тариалан эрхэлж заншсан, гантайд ч арвин ургац хураадаг тэдэнд Шижигтийн хавцалд байгуулах усан цахилгаан станц томоохон дэмжлэг болох нь гарцаагүй.
ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ “ТАВАН ОД”
Олон ястны өлгий энэ аймагт жилд 15 мянган жуулчин зочилдог гэсэн багцаа тоог төр захиргааны байгууллагынхан нь танилцуулсан ч аялал жуулчлалаас нутгийнхан хэр хэмжээний орлого олж байгаа нь бүрхэг аж. Тус аймгийнхан одооноос аялал жуулчлалын салбартай “тулж ажиллах”-аар төлөвлөөд буй. Дээр дурдсанчлан утаагүй үйлдвэрлэл гэгддэг аялал жуулчлалыг уул уурхайгаас ангид хөгжих бас нэгэн гарцаа гэж тэд тодотгож буй. Тиймээс “Гурван цэнхэр төвтэй таван од” төсөл хэрэгжүүлэхээр зэхжээ. Нийтдээ 12 сая ам.долларын өртөгтэй уг төслийг хэрэгжүүлснээр ховдынхон жуулчлалаас жилд нэг тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоололтой сууж байна.
Хадны 40 мянган зурагтай Гурван цэнхэрийн агуй нь Ховдын төдийгүй Монголын түүхийн үнэт дурсгал билээ. Манай орны есөн гайхамшгийн нэгд багтсан энэ газраас Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудаар дайран өнгөрөх аяллын таван чиглэлийг орон нутгийнхан гаргажээ. Тухайлбал, Баянзүрхийн буган хөшөөний цогцолбор, Бодончийн хавцал, Хар ус нуур, Харуул овоо, Сутай хайрхан, Байтаг богд уул гэх мэт үзэсгэлэнт, түүхэн газруудаараа гадаад, дотоодынхныг аялуулж, орон нутгаа сурталчлах нь. Таван одтой зочид буудлынх шиг тухтай, найрсаг үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээр жуулчдыг “соронздох” том зорилго дэвшүүлсэн учраас төслөө “таван од” гэж бэлгэшээн нэрийдсэн тухайгаа нутгийнхан ярьсан юм.
Байгаль эхээс харамгүй заяасан үзэсгэлэнт тогтоц, түүхэн, дурсгалт газруудаас гадна тэнд эзэн суусан 13 ястны өөр өөр ахуй, соёл жуулчдыг баруун хязгаар руу хөтлөх тод жим болно гэж ховдынхон итгэдэг. Тиймдээ ч уул уурхайнхан сүйтгэчих вий гэж хайрлан, хамгаалдаг Мөнх цаст Алтайн уулсын сүр хүч, дагшин байгалиараа жуулчдыг татахаар “Гурван цэнхэр төвтэй таван од” төсөл хэрэгжүүлэх болсныг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог дуулгасан. Алтайн нурууг тойроод БНХАУ, ОХУ, Монголын нийт 60 сая хүн амьдардаг аж. Тэд баруун бүсээр аялах жуулчдын олонхыг бүрдүүлэх магадлал үүсчээ. Шинжаан-Уйгар, Алтайн Бүгд Найрамдах Улстай олон улсын чанартай хатуу хучилттай замаар холбогдсон нь ийм боломж нээсэн гэж хязгаар нутгийнхан ярьж байна.
БҮСИЙН ТУЛГУУР БИШ ТУЛГУУР
Ховд аймгийг баруун бүсийн тулгуур гэж зарласан. Хэдийгээр Ховдын байршил баруун таван аймгийн төвд оршин, газар нутгаар нь баруун бүсийн босоо тэнхлэг болон “Мянганы зам” дайран өнгөрч, дэд бүтцийн зангилаа болдог ч нийгэм, эдийн засгийн манлайллын хувьд учир дутагдалтай. “Ховд” их сургуульд Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгаас хүүхдүүд суралцдаг. Багш бэлтгэх гол суурьтай энэ сургуулийн төгсөгчдөд ажлын байр олдохгүй нь зовлон болжээ. Баруун бүс багшаар “цатгалдсан” гэдгийг тус сургуулийнхан хүртэл хэллээ. Энэ нь эл сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүсийнхээ онцлогт тохируулан, эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлд анхаарч, уялдуулах шаардлага нэгэнт бий болсны нотолгоо юм.
Бүсийн оношилгоо, эмчилгээний гэх статустай эрүүл мэндийн төв Ховдод бий. Эднийх бас л зовлонтой. Баруун таван аймгийнханд бүү хэл ховдчууддаа ч хүрч ажиллаж чаддаггүй гэнэ. Бельгийн Вант Улсын буцалтгүй тусламжаар БОЭТ-д гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Гэвч муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэгчээр өнөөхийг нь суурилуулах шинэ эмнэлэг байхгүй гэсэн ялихгүй шалтгаанаас болоод энэ санаачилга гацсан байна. Хэрэв хязгаар нутгийнхан шинэ эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөө суурилуулчихвал эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирч, “жинхэнэ” статусаараа ажиллах боломжтой гэсэн.
Ховдод бас нэг бэрхшээл бий нь баруун бүсийнхэнд үйлчлэх томоохон худалдааны төвгүй. Тус аймгаас 200 км зайд оршдог Баян-Өлгийн наймаачид ч Улаанбаатарыг зорьж, бараа, бүтээгдэхүүнээ татаж байна. Муу ч, сайн ч “Бүсийн тулгуур төв” хэмээх гуншинтай аймагт хямд үнээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг “Нарантуул” шиг худалдааны төв байх нь зүй ёсны шаардлага. Хэрэв ийм төвтэй болчихвол хэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэн байж хаа холын Улаанбаатарыг зорих билээ.
Өндөр хүчин чадалтай, мах боловсруулах үйлдвэр Ховдод байхгүй нь тус аймаг эдийн засгийн хувьд бүсийнхээ тулгуур болж чадахгүй байгааг бүрэн илтгэнэ. Баруун бүсийн тулгуур төв гэсэн статустаа ядаж нэг алхам ч болтугай ойртох гэж байгаагаа таниулах гэсэн үү, цементийн үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө төр захиргааны байгууллагынхан нь дуулгасан юм. Шинээр барих үйлдвэр нь баруун гурван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хүчин чадалтай байх гэнэ.
Баруун бүсийнхэн жилд 120 мянган тонн цемент Шинжаан-Уйгараас импортолдог. Энэ мэтээр үйлдвэрлэл эрхэлбэл уг нь бүсийн тулгуур төв нэрээ хамгаалж, нийслэлчүүдийн толгойн өвчин болоод буй төвлөрлийг саруулахад ч үлэмж нөлөө үзүүлнэ. Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Баруун бүсийн удирдлагууд аль аймаг нь ямар үйлдвэр барихаа тохиролцохоор болсон. Ижил төрлийн үйлдвэр баривал нэгийгээ татаж унагах гэмтэй” гэж ярьсан. Боддог л бодол.
Уул уурхайгаас жийрхэн, мал аж ахуй, газар тариалангийнхаа үр ашгийг улам нэмж, аялал жуулчлалыг орлогын нэгэн сувгаа болгохоор зэхэж буй хязгаар нутгийн өнөөгийн төрх хийгээд хөгжлийн төсөөлөл нэг иймэрхүү.
Эх сурвалж:
1 comment
уул уурхайг эсэргүүцэж байгаа бол улсаас өгдөг санхүүжилтийг зогсоох хэрэгтэй. өөрсдөө аймгаараа бие даагаад амьдарна биз. наад олон төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэрийг улсын төсвөөс гаргапаг. төсөв татвараас бүрддэг. татварын 60-80% уул уурхайгаас орлрг юм шүү малуудааа