Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд айсуй. Хотын иргэд гэр хорооллын саарал утаанаас салж, модод гөлөглөж, байгаль дэлхий өнгө нэмэн сэтгэл тэнийх цаг хэдийнэ болжээ. Урин дулаан цаг ирэхээр нийслэлийнхний очих дуртай газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Эл газар нийслэлчүүд төдийгүй гаднын жуулчид, хөдөө орон нутгаас ирэгсэд олноор цугладаг.
Манай сонины сурвалжлах баг өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Хаврын зөөлөн салхи сэвэлзэж, хаа нэг өлгийтэй хүүхэд тэвэрсэн аав, ээжээс өөр холхих хүнгүй эл хульхан байв. Цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоол урьд нь хариуцах хүнтэй, төлбөртэй байсан бол энэ удаа асууж сураглах, төлбөр мөнгө авах хүнгүй байлаа.
Хүрээлэнгийн үүдээр ороход бүх зүйл нэг л дүнсгэр байгаа нь уйтгартай аж. ганц нэг хүнсний бүтээгдэхүүн худалдах буфет онгорхой харагдана билээ. Арга ч үгүй биз. Тавдугаар сар гарч, мод, цэцэгс өнгө алаглаж, нарны илч наашлах хараахан болоогүй байна. Шинээр тавьж байгаа дугуйн зам, ногоон байгууламж, амарч суух газар барьж, байгуулж буй нэгээхэн ч зүйл нүдэнд торсонгүй. Шинэ даргатай болж халаа сэлгээнд өртсөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ийн дүнсийнэ.
Уг нь хүүхэд, хөгшдийг угтах бэлтгэлдээ орж, өнгө зүсээ сайжруулж байх ёстой газар хөсрийн царайгаа засах янз алга. Байгалийн жам хойно зүлэг нь ногоорч, тарьсан модод нь цэцэглэх байх. гэхдээ л сандал, бас бус зүйлээ будаж тордож өнгийг нь сэргээхээс эхлээд ажил баймаарсан.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2009 онд байгуулснаас хойш өдгөө долоон жилийг үджээ. Энэ хугацаанд хэдэн хөшөө, баримал босгож, дугуйн замыг өргөтгөснөөс өөр хийсэн зүйлгүй хэвээр. Өнгөрсөн жил гэхэд усан оргилуур, цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн ажилд нийт гурван тэрбум орчим төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл “Чонын элч” хөшөө, чийрэгжүүлэх талбай буюу цөөн хэдэн төмөр төхөөрөмж, Сөүл хотын нэрэмжит ой гэгдэх бетонон хашаатай, сүүдрэвчтэй элстэй талбайг л байгуулжээ.
Төсөвлөсөн энэ их хөрөнгө мөнгөөр энэ байтугай зүйл хийж, цэцэрлэгт хүрээлэнд өнгө нэмж болохоор. Ингээд бид энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ямар байдлаар ажиллах, эмх замбараагүй жижиглэн худалдааг хэрхэн зохицуулах талаар тодруулахаар шинэ дарга С. Эрдэнэтуултай холбогдож уулзах цаг товлосон боловч тэрбээр ирсэнгүй.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цогцолбор. Тус газрыг зорих хүмүүсийн тоо нийслэлийн иргэдээр хязгаарлагдахгүй.
Жилийн 250 өдөрт нартай байдаг Монголын цэлмэг тэнгэрийг харах гэж ирсэн жуулчдын саатах газрын нэг. Аяллын хөтөч, тайлбарлагчдын жуулчдад үзүүлэх тоотой хэдэн газрын нэр дээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн багтсан байна билээ.
Манай оронд өнгөрсөн жил 440 мянга орчим жуулчин ирсэн гэх статистик мэдээ бий. гаднынхан манай цэцэрлэгт хүрээлэнг хараад халагладаг ч байж магадгүй. Учир нь иргэдийн тав тухыг дээд зэргээр хангасан төгс тохижилттой газар биш болохоор тэр. Ядаж ойр хавьд нь явган хүний гарц алга. Зүүн гар талаас машины урсгал орж ирж байгаа учраас нэлээд анхаарал, болгоомжтой байхгүй бол хүүхэд байтугай том хүн ч осолд өртөж, гэмтэх эрсдэлтэй байна.
Дээр нь нам гүм орчин, тайван байх ёстой газар зуны цагт яг л “Нарантуул” зах руу орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зохион байгуулалтгүй, эмх амбараагүй худалдаа, үйлчилгээнд хүмүүс бухимддаг болсон. Хүсэлт, гомдол гаргасан ч хүлээж авч буй нь ховор байдаг аж. Энэ мэтчилэн нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин үеийн тохилог орчныг бий болгохоор зорьж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зорилт, зохион байгуулалт нь алд дэлэм зөрсөөр ирлээ.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын цэцэрлэгт хүрээлэн манайхаас хавь илүү сайхан. Зүлгэн дээр суугаад амарч тухлах эрх чөлөө тэнд л бий. Харин манай цэцэрлэгт хүрээлэн иргэдийг зүлгэн дээр сууж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Энэ мэтээс эхлээд болов- сорч бойжих болоогүй байна.
НОГООН БАЙГУУЛАМЖААР ГАЙХУУЛАХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Канад улсын Монерал хотын “Jardin Botanique” цэцэрлэгт хүрээлэн 75 гектар талбайтай, 22 мянга орчим төрөл зүйлийн мод, бут сөөгтэй бөгөөд 695 мянга орчим нэг наст ургамал ургадаг байна. Тус хүрээлэнгийн ургамлыг 31 хэсэг болгон төрөлжүүлсэн бөгөөд жилийн аль ч улиралд үзэж сонирхох боломжтой хүлэмжийг байгуулжээ. Үүгээр ч зогсохгүй тус газар явган хүн, дугуйны нарийн замаас өөр цементэн замгүй ногоон байгууламж зонхилсон байдаг.
Иргэдээ амраахад зориулсан хиймэл нуураас гадна тухалж цайлах зүлгийг тарьж ургуулжээ. Жилийн дөрвөн улиралд амарч, зугаалах ая тухтай орчныг бүрдүүлж чадсан байна. Манайх ч гэсэн ганцхан зуны улиралд өнгө нэмдэг хүрээлэн биш жинхэнэ утгаараа цэцэрлэгт хүрээлэн болох хэрэгтэй байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж тийм ч том талбайг эзэлдэггүй. Харин эсрэгээрээ дугуй, гүйлт, явган хүний гээд цементэн зам ихэнх талбайг нь эзэлнэ. Үүгээр ч зогсохгүй төмөр баримал, хөшөө ч цөөнгүй бий.
Амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрөөх гэж зорьж очсон хүмүүсийг шорлог хийх нэрээр гашуун утаагаар утаж, энд тэнд- гүй “хоёр мянгаар 12 сум шидээд хүссэн тоглоомоо аваарай”, “хүүхдээ суулгаад үзээч нэг тойроход 3000 шүү”, “хөөсөн чихэр аваарай”, “халуун зайдас байна” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдаачид, төв хаалганаас эхлэн намхан тавиур дээр хүүхдийн анхаарлыг татахаар өрсөн нүд эрээлжлэм, өнгө өнгийн тоглоомууд худалдаж хар зах дээр яваа мэт санагдуулдаг нь түвэгтэй.
Шөнө оройн цагаар эл худалдаа илүү нэмэгддэг. Гэтэл Унгар, австри, Швейцарь зэрэг улсын цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс амарч, зугаалах, гэр бүлээрээ чөлөөт цагаа тайван өнгөрүүлэх гэж ирдэг. Харин Монголын цэцэрлэгт хүрээлэнд алжаал тайлахаар очсон хүмүүс ядарч сульдаад буцдаг гэхэд хилсдэхгүй.
Г. Оюунтөгс