Ахмад настанд олгож буй “Насны хишиг” талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас өнөөдөр /2017.02.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.22-т “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Насны хишиг олгох журмыг Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан.
118 МЯНГАН АХМАД НАСТАНД “НАСНЫ ХИШИГ” ОЛГОНО
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт ирсэн мэдээллээр 118 мянган ахмад настанд “Насны хишиг” олгох нэрс гарчээ. Үүнээс 114 мянган ахмад өөрсдөө бүртгүүлж нэрээ баталгаажуулснаар банкин дээр очин мөнгөө авахаар болжээ. Харин үлдсэн дөрвөн мянган ахмад настан хараахан бүртгүүлж амжаагүй байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш одоог хүртэл бүртгэлд хамрагдаж чадаагүй байгаа ахмадуудад дараа нь нөхөж олгох юм. “Насны хишиг” олгох журамд бол тухайн оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө бүртгэлд хамрагдсан ахмадуудад мөнгийг олгохоор тусгажээ. Үүнээс хойш бүртгүүлсэн ахмад настан дараа жилд “Насны хишмг”-ээ авах юм. Харин одоогоор бүртгэлд хамрагдаагүй байгаа дөрвөн мянган ахмад зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн тохиолдолд энэ ондоо багтааж, “Насны хишиг”-ээ авах боломжтой.
Ахмадууд өөрийн оршин суугаа Хөдөлмөр халамжийн хэлтэс дээр очин бүртгүүлэх ёстой. Заавал өөрийн биеэр биш итгэмжлэгдсэн хүн нь очих боломжтой юм байна. Зарим ахмад бүртгэлд хамрагдаагүй байгааг харахад гадаадад ч байж магадгүй гэдгийг албаныхан хэлж байв.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААС ӨМНӨ ХОЁР ДАХЬ ТЭТГЭМЖЭЭ АВНА
2017 онд төсөвт 20.5 тэрбум төгрөгийг “Насны хишиг”-ийн зардалд зориулан тусгажээ. 120 мянга орчим ахмад настанд жилд хоёр удаа 50.0-250 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд ийнхүү дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Халамжийн санд одонтой эхчүүдийн мөнгө, алдарт одонтой ахмадуудын мөнгөний санхүүжилт оржээ. Ахмад настанд жил хоёр удаа насны хишгийг олгохтой холбогдуулан удаах дэмжлэгийг Үндэсний их баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 1-ээс өмнө олгохоор төлөвлөж байгаа аж. Улсын хэмжээнд нийт 114.424 ахмад насны хишиг олгох жагсаалтыг банкуудад илгээж, 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгааг албаныхан онцолсон. Эдгээр бүртгүүлсэн ахмад хоёрдугаар сарын 20-оос эхлэн “Насны хишиг” авч байгаа бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн банкуудад сар шинийн өмнө ахмадуудад үйлчилж байгааг хэлж байв.
Ахмад настанд “Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт оруулснаар Билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.