Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Элит” хотхоны нэгэн айлд мөрийтэй тоглож байсан залуус руу зэвсэгт этгээдүүд халдаж үймээн дэгдээсэн хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч дуулиан тарьж байв. Олныг цочирдуулсан энэ хэрэгт “шош” хочит Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, Н.Билэгтбаатар, М.Амартүвшин, С.Галбадрах, Д.Алтангадас нарыг сэжиглэж, цагдаагийн байгууллагаас шалгасан.
2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарсан эл хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт болж гэмт этгээдүүдэд 6-11 жилийн ял тус тус оноолоо. Хан-Уул дүүргийн шүүхээс Н.Ариунгэрэлд найм, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт зургаа, М.Амартүвшинд долоо, Н.Билэгбаатарт 11 жил хорих ялаар шийтгэж Д.Алтангадасыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болов. Тэднийг шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэглэн дээрэмдсэн гэм буруутайд тооцсон юм.
Хэргийг сануулбал, гэмт этгээдүүд мөрийнд тавьж байсан байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт дээрэмдэхдээ хоёр хүнийг хүнд, наймд нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг.