Сүүлийн өдрүүдэд дэлхий дахины анхаарлыг татаад байгаа сэдэв бол АНУ-ын хил дээр эх, эцгээсээ тусгаарлагдсан цагаач хүүхдүүдийн асуудал юм. Өндөр хөгжилтэй, хүний эрхийг дээдэлдэг энэ улсын хилийг хууль бусаар давах гэсэн латин америкийн цагаачид олон жилийн өмнөөс Цагаан ордны толгойны өвчин болсоор өдий хүрсэн.

Гэвч Нэгдсэн Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар хүний эрхийг зөрчсөн гэмт хэрэгт унахгүйн тулд цагаачдын асуудлыг үл ойшоосон дүр эсгэсээр ирсэн нь ч бас нууц биш. Харин хатуу, зарчимч зан чанартай Дональд Трамп Америкийн Ерөнхийлөгч болсноор латин америк, тэр дундаа Мексикийн цагаачдыг хууль бусаар эх орондоо оруулах “зөөлөн буулт хийлт”-д цэг тавихаар шийдсэн юм.

Чанга, хатуу бизнесмэн байсан Трамп бүр 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас “Би хууль бус цагаачдыг Нэгдсэн Улсын хилээр чөлөөтэй давахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж, Америк, Мексикийн хилийг чулуун ханаар тусгаарлана гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Түүний энэ байр суурь Ерөнхийлөгчийн сонгуульд олон сая уугуул америкчуудын саналыг өөртөө татахад маш чухал нөлөөг үзүүлсэн билээ.

Зөвхөн уугуул америкчууд төдийгүй хоноц хоноцдоо дургүй гэгчээр цагаач мексикчүүд болон латин америкчууд олноор оршин суудаг Техас мужид Трамп, Хилларигаас хамаагүй олон санал авч, олны гайхашралыг төрүүлснийг ч хэлэх хэрэгтэй. Ингээд мань эр Ерөнхийлөгч болонгуутаа хэлсэн амандаа хүрч Америк, Мексикийн хилийг тусгаарласан өндөр хэрмэн ханыг босгож эхэлсэн хэдий ч хана босгож амжаагүй хэсгээр латин болон төв америкийн цагаач нар үйл олноороо өдөр алгасалгүй тус улсын хилийг хууль бусаар зөрчсөөр байгаа юм.

Ингэж хууль бусаар хил зөрчигчдийн хамгийн эмзэг асуудал нь олон тооны бага насны хүүхдүүд хоёр улсын хилийн наана цаана эцэг эх, ар гэрийнхнээсээ тусгаарлагдсан явдал. Ядаж байхад арван нас ч хүрээгүй цагаач хөвгүүн АНУ-ын хил дээр эцэг, эхээсээ тусгаарлагдаад зогсохгүй амь насаа алдсан нь энэ өдрүүдэд хүний эрхийг дээдлэгч улс орнуудын зүгээс тус улсын эрх баригчид, тэр дундаа Дональд Трампыг шүүмжлэх шүүмжийн галыг ноцоож өглөө.

Хэдийгээр Сингапурт Ким Жон Унтай хийсэн түүний уулзалт энэ шүүмжийн галыг бага боловч намжаагаад байсан ч өнөөдрөөс дэлхийн хэвлэлүүд ахиад л шуугиад эхэллээ. Учир нь нөхрийнхөө чанга, хатуу, зарим талаар харгис ч гэж хэлж болохоор цагаачлалын бодлогыг дэмжиж тэргүүн хатагтай Мелани Трампын хийсэн мэдэгдэл дэлхий дахинд, ялангуяа хэвлэлийнхэнд огтоос таалагдсангүй.

Хэзээнээс нааш Дональд Трампын үгний өөг анддаггүй CNN-ийн сэтгүүлч нар Америкийн тэргүүн хатагтайг цагаач нарын талаар өөрийн байр суурийг илэрхийлж мэдэгдэл хийгээд дуусав уу үгүй юу түүнийг “Цагаач хүүхдүүдийг үзэн ядагч тэргүүн хатагтай” хэмээн цоллоод амжлаа. Бүр “Тэргүүн хатагтай цагаач хүүхдүүдийг хараад нүд нь хорсдог” хэмээн тус телевизийн тоймч нар шууд нэвтрүүлгийн үеэр ярьсан нь дэлхийн хэвлэлүүдийн өнөөдрийн гол шуугиан болж байна.

Үнэн хэрэгтээ Мелани Трамп “Би хилийн наана цаана тусгаарлагдсан бага насны цагаач хүүхдүүдийг өрөвдөж байгаа ч цагаачлалын талаарх нөхрийнхөө байр суурийг дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч хэвлэлийнхэн бол хэвлэлийнхэн шүү дээ. Тэр дундаа Дональд Трампыг Ерөнхийлөгч болсон цагаас нь хойш түүний талаар нэг ч өөдтэй үгийг амнаасаа унагаж байгаагүй CNN-ийн тоймч, сурвалжлагч нарыг яалтай билээ.

Трампын цагаачлалын талаарх хатуу бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан намын зарим улстөрчид түүнийг сонгуулиар цагаач нарт дургүй олон сая уугуул америкчуудын саналыг авахын тулд хий хоосон амлалт өгсөндөө бантаад одоо ингэж хатуу ширүүн зан гаргаж байна хэмээн шүүмжилдэг бол Ерөнхийлөгчийг дэмжигч улстөрчид хэтэрхий олон жил таван тивийн есөн жорын хүмүүст үүд хаалгаа нээлттэй байлгасан америкчууд бид хууль бус цагаач нартай тэмцэх цаг болсон гэж үзэж байгаа юм.

Гэхдээ Трампын цагаачлалын бодлогыг зөвхөн уугуул америкчууд төдийгүй цагаач нар өөрсдөө олноороо дэмжих болсныг ёстой л хоноц хоноцдоо дургүй, хонуулсан нь хоёуланд нь дургүй хэмээх зүйр үгтэй адилтган тайлбарлахаас өөр аргагүй мэт. Учир нь нэг мексик цагаач арай гэж хэдэн долларын цалинтай ажил олдгийн даваан дээр өөр нэг латин америк нөхөр гарч ирээд ажлын байрыг нь булаацалдаад унадагтай үүнийг холбон тайлбарлаж болно.

Юутай ч “хатуу самар” нөхрийнхөө цагаачлалын бодлогыг дэмжиж үг хэлснийхээ төлөө тэргүүн хатагтай Мелани “Цагаач хүүхдүүдийг үзэн яддаг эмэгтэй” хэмээх цол гуншинг хүртээд амжлаа. Ганцхан CNN-ээр тогтохгүй европ, латин америкийн олон хэвлэлүүд Меланиг “Харгис тэргүүн хатагтай”, “Хүүхдэд дургүй эмэгтэй хүн” гэхчлэн ёжтой үгээр шүүмжилж эхлээд байна.

Эх сурвалж: CNN, Google

By updown

One thought on “Тэргүүн хадагтай Мелани Трамп Цагаач хүүхдүүдийг үзэн яддаг уу?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн