Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болох хэлэлцээр явж байна. Бүртгэл удахгүй шийдэгдэх гэнэ. Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар ямар хөрөнгө оруулагчийг татах вэ гэдэг нь тодорхой болох юм.
Өнөөдрийн байдлаар Лондон хотод гадаадын 250 гаруй орны банк үйл ажиллагаа явуулж буй буй бөгөөд олон улсын банкны зээлийн 17 хувь төвлөрч байна. Тус улсын гадаад худалдааны тэнцэл 2015 онд 60 тэрбум фунт стерлингийн ашигтай гарчээ. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Их Британи Умард Ирланд Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Гадаад худалдааны сайд Марк Гарние айлчиллаа. Айлчлалын хүрээнд Монголын хөрөнгийн биржид зочлон, биржийн арилжааг нээлээ. Тэрбээр манай улсад анх удаа айлчилж байгаа юм.
Британи улс нь санхүүгийн болон зөвлөх үйлчилгээний экспортоороо дэлхийд тэргүүлэгч орон юм. Тус улсын Гадаад худалдааны сайд Марк Гарние өөрийн биеэр манай улсад айлчилж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхол эргээд сэргэж байна гэж Монголын хөрөнгийн биржийнхэн үзэж байна.
Монголын Хөрөнгийн бирж нь 2011 онд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд амжилт гарсны нэг нь хөрөнгийн зах зээлийнхээ бүтцийг шинэчилж чаджээ. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хэд, хэдэн хуулийг шинэчлэн батлуулж, өөрчлөн батлуулж чадсан байна.