Энэ эм нь өвчин намдаах ба халуун бууруулах үйлчилгээтэй. Толгой өвдөх сарын тэмдгийн үед ууц нуруугаар хөших зэрэг зөөлөн өвдөлтийг дарахын тулд хэрэглэдэг элбэг олдоцтой, харьцангуй хямд эм юм. Жирэмсэн эмэгтэйчүүд ба хөхүүл эхчүүд хүүхдэд хэрэглэхэд хор аюулгүй боловч өндөр тунгаар их хэрэглэвэл элэг хордуулж хордлогод гепатит үүсдэг болох нь тогтоогдсон. Мөн архи ууж буй үед болон архинаас шартсан үед хэрэглэж болохгүй. Элэг ба бөөрний архаг эмгэгтэй хүнд энэ эмийг хэрэглэхийг хориглодог.
Өөр өөр худалдааны нэрээр худалдаалагдаж байдаг олон нэрийн парацетамолыг таньж мэдэхгүй улмаас давхцуулан хэрэглэж эмийн хордлогод орох тохиолдол гардаг. Тухайлбал: Манай оронд парацетамол 20 гаруй өөр нэршлээр худалдаалагдаж байгаагийн заримыг нь дор жагсаан бичлээ. Үүнд: минигрипп, миксагрипп, миксафлу, терафлу, тиленол, алкафен насал, снип, цитрамон-П, фервекс, филко-пара, цефекен-Д, далерон, ринколд, седалгин-нео, эффералгин коулд, колдакмин, саридон гэх мэт байна.
Та эдгээр бүх нэрийг тогтоох боломжгүй, тэгэх хэрэг ч үгүй бөгөөд санамсаргүйгээр давхардуулан худалдан авч хэрэглэхгүй тулд эмийн хайрцаг дээр байдаг олон улсын нэршлийг уншаад сурчихад л хангалттай.