Монголд багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг 41 их, дээд сургууль байна гээд бод доо. Хэдэн сургууль, цэцэрлэгтэй болоод тийм олон багшийн хэрэгцээ гарав гэж та магадгүй гайхах биз. 2017 оны эхний байдлаар манай улсад төрийн болон төрийн бус өмчийн 1357 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээг дагаад сүүлийн жилүүдэд хувийн цэцэрлэгийн тоо оноос онд 20, 30-аар нэмэгдэх болсон ч энэ нь хаа хамаагүй анагаахын сургуулиуд цэцэрлэгийн багш бэлтгэхээс аргагүйдээ тулах шалтгаан биш гэдгийг албаныхан хэлэв.
Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хувь, хувьсгалынх нийлээд ерөнхий боловсролын 803 сургуульд 534 617 хүүхэд суралцсан гэдэг яамны мэдээллээс үзэхэд ч байгууллагын тоо тэгтлээ огцом өсөөгүй байгаа юм. Гэтэл яагаад хуулийн сургуулийнхан бага ангийн багш бэлтгэж, уул уурхайн инженер, техникчид бэлтгэх зорилгоор байгуулсан газрууд хүртэл ардын багш нарыг олноор “үйлдвэрлээд” байна вэ.
Үүнийг их эелдгээр тайлбарлавал дээд боловсролын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлээ яаж судалж, тэрхүү судалгаагаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг мэдэхгүй байна гэж хэлж болохоор. Угтаа бодит байдал дээр оюутнуудыг сургалтын төлбөр төлөгч “мөнгөний хүүдий” гэж зоосны нүхээр хардаг их, дээд сургуулиудын хувьд төгсөгчдөө амьдралд бэлтгэх, ажилтай золгуулах нь тийм ч чухал бус байсаар ирсний уршиг энэ. Монголын 97 их, дээд сургууль, МСҮТ, Политехник коллежуудад багшлах боловсон хүчнийг нэмж тооцоод ч манайд тийм олон багш үнэндээ хэрэггүй. Ийм байхад ганган дипломтой ажилгүйчүүдийн тоо яаж цөөрөх билээ. Өдгөө манай их, дээд сургууль төгсөгчдийн 30 гаруй хувь нь л мэргэжлийнхээ дагуу ажилд орж байгаа тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга хэлсэн нь цаанаа ийм учиртай буюу.
Одоогоор улсын хэмжээнд бакалаврт суралцаж буй 155 мянга гаруй оюутан бий. Энэ хавар дахиад 40 гаруй мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Ирэх намар гэхэд төгсөгчдөөс хэд нь ажлын байртай болсон байх вэ гэдэг асуултын хариуг шарсан мах андахгүй шар зурхайч байгаад ч тааж мэдэхэд бэрх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг жил болгон гаргадаг ч сургууль сургуулиар нь задаргаа хийдэггүй учраас өнөөдүүл нь өөрсдийгөө айргийн тавд хурдалж байна уу, эсвэл баян ходоод хавьцаа “сүүл мушгиж” явна уу гэдгээ мэддэггүй. Сургуулиуд төгсөгчдийнхөө араас хөөцөлдөж, хэн хэн хаана ажилд орж вэ гэдгийг мэдэж байх ёстой ч манайд энэхүү мөшгих судалгаа гээч зүйл саяхнаас л дуулдаж эхэлсэн.
Төгсөнгүүтээ ажилтай золгож буй цөөн тооны төгсөгчдөдөө ч дүн шинжилгээ хийдэггүй шалтгаанаа манайхан хүн хүч, хөрөнгө мөнгө дутагдалтай гэж тайлбарладаг нь аргацаасан хэрэг гэлтэй. Угийн гайгүй сайн сурлагатай хүүхэд манайд элссэн учраас эрчээрээ яваад болчихов уу, эсвэл хөтөлбөрийнх нь агуулга чанартай, зах зээлийн мэдрэмжтэй байсан тулдаа төгсөгч маань ажил олгогчийн шаардлагад нийцэв үү гэдгийг адаглаад сургууль мэдэж байх нь зүйн хэрэг баймаар.
Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн чанарын магадлан итгэмжлэлийн шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажил манайд ид хийж байгаатай холбоотойгоор энэ талын шахалт шаардлага ч шинээр тавигдах болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулийн төгсөгчид ажил, амьдрал, нийгэмд хэр хурдан хөлөө олж, ямархуу үр бүтээлтэй ажиллаж байна вэ гэдгээр дээд боловсролын чанарыг хэмждэг олон улсын жишиг рүү монголчууд явж буй аж.
Тиймээс АХБ-наас хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд “Ай эр ай эм” хэмээх байгууллага Монголд анх удаа энэ талын судалгааны аргачлал боловсруулж, 2015-2016 онд зургаан сургуулийг сонгон туршиж үзсэн байна. 2015 онд улс орны эдийн засаг арай тэнхээтэй байсныг ч хэлэх үү, сонгогдсон зургаан сургуулийн төгсөгчдийн 70 шахам хувь нь ажилтай болсон гэдэг эерэг үзүүлэлт гарч байж. Харин дараа жил нь энэ үзүүлэлт багагүй буурчээ.
“Их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлээ яаж судалж, өнөөхөө сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал одоохондоо манайд шинэ тутам зүйл. Энэ бол хүссэн хүсээгүй их, дээд сургуулиудын өөрсдийгөө хэмжих гол хэмжүүр, цаашлаад оршин тогтнох, эсэх гээд өрсөлдөх чадварын илэрхийлэл болоод буй. Тиймээс дотоод, гадаадын найман зөвлөхтэй баг хоёр жил ажиллаж, анагаах, боловсролын салбарын голдуу зургаан сургуульд туршилт хийсэн. Дээрх сургуулиуд төгсөөд 1-3 жил болсон төгсөгчдийнхөө араас мөшгих судалгаа хийснээс гадна ажил олгогчдын сэтгэл ханамж ямар байгааг судалсан юм.
Судалгааны дүнг ХНХЯ болон Үндэсний статистикийн хорооны мэдээлэлтэй харьцуулан, сургуулиуд өөрсдөө хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх аргачлал боловсруулснаа холбогдох бүх байгууллагад хүргүүлсэн. Энэхүү судалгааны аргачлалыг их, дээд сургуулиуд илүү үр дүнтэй ашиглаасай гэсэн үүднээс өвөл гурван сарын сургалт зохион байгууллаа” хэмээн судалгааны багийг ахалсан З.Манлайбаатар ярив.
…Яагаад хуулийн сургуулийнхан бага ангийн багш бэлтгэж, уул уурхайн инженер, техникчид бэлтгэх зорилгоор байгуулсан газрууд хүртэл ардын багш нарыг олноор “үйлдвэрлээд” байна вэ. Үүнийг их эелдгээр тайлбарлавал дээд боловсролын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлээ яаж судалж, тэрхүү судалгаагаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг мэдэхгүй байна гэж хэлж болохоор…
Их, дээд сургуулиуд өнөөдөр хэнийг хүлээж аваад, хэн болгож амьдралд бэлтгэн гаргах вэ гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт учраас хөтөлбөрийн агуулгаа боловсруулахдаа ажил олгогчдыг оролцуулах, тэдэнтэй байнгын холбоотой байж, урт хугацаанд түншлэхийн давуу талыг ойлгуулахад уг сургалтын зорилго оршжээ. Санхүү, эдийн засгийн их сургууль, Тээврийн дээд сургууль, “Шихихутаг” хууль зүйн сургууль гээд зарим нь эхнээсээ хөтөлбөрийн агуулгаа боловсруулахдаа ажил олгогчдоо байлцуулан, санаа оноог нь сонсдог болсон гэхээр онол, практик хоёрын зай ойртох цаг айсуй гэлтэй.
Судалгааны дүнгээр Монголын их, дээд сургууль төгсөгчдөд нийтлэг ажиглагдаж буй дутагдал нь харилцааны ур чадвар гэдгийг ажил олгогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, манай залууст асуудлыг өөрөө бие даан шийдэх, үзэл бодлоо илэрхийлэх, манлайлах, бусадтай ойлголцон багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвар их дутагддаг аж. Мэргэжлийн ур чадварыг ажлын талбарт гарахаар нь суулгаж болно, харин хувь хүний төлөвшил, хандлага, харилцааны ур чадварыг шат шатны боловсролын байгууллага суулгаж өгөхөд анхаарах шаардлагатайг тэд сануулжээ.
Үнэхээр ч ирээдүйн чадварлаг мэргэжилтэнд байх ёстой 10 шинжийн долоо нь хувь хүний чадамж, сэтгэлгээний хөгжил, хүмүүжил төлөвшил, хандлага, дадалтай холбоотой чадварууд байх болсон. Тиймээс салбарын яамныхан дээд боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлд либерал арт буюу хувь хүний хөгжил төлөвшлийг түлхүү тусгаж, ирээдүйн мэргэжилтэнд шаардлагатай олон талын ур чадвар суулгахад анхаарч буйгаа дуулгана билээ.
Гагцхүү яамны бодлого сургуулиудад хүрч очихдоо яаж буухыг таашгүй. Багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг өнөөх 41 сургууль бүгд чанартай сургалт явуулж байна уу гэдэг нь эргэлзээтэй болохыг яамны эх сурвалж өөрөө хэлж байгаа хойно. Гэхдээ одоо төгсөгчдийн мөшгих судалгааны ачаар үүнийг багцаалдах боломжтой. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг ч хэрхэн хийх аргаа тэд ядаж гадарладаг болж эхэлсэн.
Тэгэхээр одоо манай их, дээд сургуулиуд хэр зэрэг чанартай, борлуулалттай “бүтээгдэхүүн” зах зээлд нийлүүлж буйгаа өөрсдөө тандаж мэдэх боломж нээлттэй гэсэн үг. Өнөө маргаашдаа ажил олгогчдын хүсээд байгаа эрэлтийн дагуу сургуулиуд төгсөгчдөө бэлтгэж сураад, цаашид ирээдүйд бий болох эрэлт хэрэгцээг урьдчилан тооцож, түүнд зориулан сургалтын хөтөлбөрийн агуулгаа чиглүүлдэг болох биз ээ.
Эх сурвалж: