Эрүүл мэнд

Эрүүлийг хүсвэл өлөн бай

Та өлсөж чаддаг уу?. Хэрэв үгүй бол та өнөөдрөөс эхлэн эрүүл мэндээ бодож өлсөж сураарай. Энэ нь тийм ч хэцүү биш. Бидний ихэнх нь олон цагаар хоол идээгүй үедээ толгой эргэж, ходоод өвдөж байга юм шиг мэдрэмж төрөх үед өлсөж байна гэж ойлгодог нь эндүүрэл аж. Өлсөх, цангах хоёр нь адил мэдрэмж төрүүлдэг тул ингэж бодоод л эхэлбэл бүлээн ус уугаад үзээрэй. Гэхдээ зөв аргаар өлсөж, эрүүлжих нь хамгийн чухал юм шүү. Ингээд Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандахын хоол сойлтын талаар хэрхэн зөвлөснийг уншигчиддаа хүргэе.

Зарим хүмүүс нэг дайралтаар гээд шууд л олон хоногийн хоол сойлт, өлсөлт хийж бүх л хорыг гадагшлуулахыг хүсдэг. Энэ бол туйлын буруу. Хоол сойлтын үед биед юу болдог вэ? Гаднаас хоол тэжээл авахаа болимогц бие махбод маань амьд оршихын тулд энергийн өөр эх үүсвэр хайж эхэлдэг. Өөрөөр хэлбэл дотоод горимд шилжинэ. Мэдээж эхлээд нөөц буюу өөхөө хэрэглээд эхэлдэг. Өөхний нөөц дуусмагц булчин руу орж эхэлнэ. Эндээс эхлээд энэ нь эмчилгээний чанартай хоол сойлт биш, өлсгөлөн болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл эрүүлжиж сэргэх биш, амьд үлдэхийн тулд бие маань зовж, байгаа бүхнээ хэрэглээд эргэж сэргэхийн аргагүй хор хохирол учирч эхэлж байгаа гэж ойлгож болно. Иймээс утга учиргүй олон хоног сойх хэрэггүй. Хоол сойлтын үед дан ганц цэвэр ус л уудаг. Мэдээж олон янзын хувилбар байдаг л даа. Хоол сойлтын эхэн үед илэрдэг нийтлэг реакци бол толгой өвдөх явдал. Тэгвэл аяга усанд чимх далайн буюу цэвэршүүлээгүй давс хийгээд ууна.

Хамгийн тохиромжтой эхлэх арга бол 7 хоногт 1 удаа бүтэн хоногийн сойлт хийх. 24 цагийн гэсэн үг. Ийм байдлаар 1-2 сар болоод долоо хоногт 2 удаа 24 цагийнх эсвэл шууд 2 хоногийн сойлт буюу 48 цагийн сойлт хийж болно. Цөөн бус хүн анх эхлээд шууд 10 буюу түүнээс дээш хоногийн сойлт хийхийг оролдоод түүнээсээ болж дахин сэргэшгүй өвчин олж байсан гашуун түүх байдаг.

Миний нэг танил сэтгэл хөдлөлөөрөө шууд 7 хоног хоол ч үгүй ус ч үгүй хатуу сойлт хийгээд элэг нь асуудалтай байснаа мэдэхгүйгээс болоод бие нь муудаж, түүнээс хойш байнгын улаан нүдтэй, их л эв хавгүй туранхай, ердөө таргалдаггүй болчихсон юм.  Ядаж байхад өндөрийг хэлэх үү. Түүний ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг яривал их урт түүх болно. Тэгээд ч зарим хүнд дэмий сэтгэгдэл төрөх байх.. Тэгэхээр анх удаа хоол сойх гэж байгаа хүн байгаа бол бага багаар болгоомжтой эхлэх хэрэгтэй.

Америкийн эмч Пол Врэгг (Paul Bragg)-ийн бичсэн Өлсөхүйн гайхамшиг (The Miracle of Fasting) гэдэг номыг олон хүн уншсан байх. Уншаагүй бол олж уншихыг зөвлөе. Дээр хэлсэнчлэн 1 хоногийн сойлтоос эхлээд сар тутам 1 хоногоор нэмж болно. 7 хоногт 1 хоног хоол сойход нийлбэр дүнгээрээ жилд 50 хоног болно. 2 хоног сойно гэвэл жилд 100 орчим хоног болно. Яагаад хоол сойлт хэрэгтэй вэ гэвэл хоол сойлтын үед бие маань өөрийгөө эрүүлжүүлэх боломжтой болдог. Бидний бие хамаг энергиэ идсэн ууснаа шингээхэд дийлэнхийг нь зарцуулдаг. Тиймээс ч хоол идсэний дараа, ялангуяа мах их идсэний дараа ихэд ядарч нойр хүрдэг шүү дээ. Хоол идээгүй, ходоод хоосон байх үед бие тэрхүү хэмнэсэн энергиэ өөрийгөө эрүүлжүүлэх, нөхөн төлжүүлэх, хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэдэг.

Эхлээд илүүдэл давс, салстууд гадагшилдаг. Дараа нь элдэв хорт бодисууд ээлж дараалан гарч эхэлдэг. Хамгийн хэцүү, цэвэрлэхэд төвөгтэй зүйл бол хүнд металлууд байдаг. Тэдгээр нь ихэвчлэн эм эмийн бодис, бас вакцинд ихээр агуулагддаг. Тэгэхээр энэ сайн эм гээд элдэв хүнд хор эмчийн заавар зөвшөөрөлгүйгээр дур мэдэн залгихаа больсон нь дээр.

нэг чухал зүйл бол хоол сойлтын үед биед өсөлтийн даавар ялгарах процесс идэвхждэг. Энэхүү даавар нь хүний биед 30 наснаас хойш үйлвэрлэгдэх нь эрс багасдаг. Уг даавар нь ялгарснаар насанд хүрэгчид нэмж өсөж бариад байхгүй л дээ. Харин биеийн эд эсүүд өсөж төлжих, шинээр нэмэгдэх, хуучирч өтөлсөн эсүүдийг хурдан задрах процесийг дэмждэг. Энэ нь гол эрүүлжүүлэгч хүчин зүйл гэж ойлгож болно.

Хоол сойлтын үед бамбайн эсвэл бөөрний дээд булчирхайн асуудалтай, шижинтэй улсууд гойд анхаарах учиртай. Гэхдээ энэ нь сойлт хийж огт болохгүй гэсэн үг биш. Хоол сойлтын үед цусанд кетонын бие (Ketone bodies) олширдог. Бас глюкоз маш багасдаг. Үүнийг шилжилтийн үеийн эхний хямрал, симптом гэж ойлгож болно.

Дээр хэлсэн өсөлтийн даавар нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтонд маш сайн нөлөөтэй байдаг. Тиймээс л гэгээрлийг хүссэн их багш нар бүгд л мацаг барьсан байдаг. Эцэст нь хэлэхэд эрүүлийг хүсвэл өлөн бай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close