Мод тарьж ургуулах гэж нэг шинэ хэвшил монголд тогтох гэж олон жил дуншиж байна. Нүүдэлчин ахуй сууринд шилжих үйл явц удаан үргэлжлэх бөгөөд билчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд бүгдээрээ суурьшчихна гэжбайхгүй. Гэхдээ л суурьшил эсгий хот байхаас үүсэж эхэлсэн бөгөөд хамгийн ойлгомжтой жишээ манай улсын хүн амын бараг тал хувь нь нийслэлдээ цугларч, аймгийн төвүүд, бас том том суурин газар хаа сайгүй үүсч, хотжиж үйл явц эрчимтэй явагдаж байна. Үүнийг дагаад суурин амьдралын хэв маяг тогтож, амьдарч буй орчноо тохижуулан цэцэрлэгжүүлэх гэж оролдох боллоо. Хот суурин газрын нийтлэг жишиг тэр. Хот, сууринг үнэлдэг хэмжүүр нь тийм байдаг. Нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлсэн талбайн хэмжээ, хотын ногоон байгууламж, ерөнхий төлөвлөгөө, ландшафт энэ тэр гээд хот байгуулалтын ажил өөр өөрийн хэмжүүр, нэр томъёо, шалгуур шаарддаг. Үүний нэг нь орчноо цэцэрлэгжүүлэх ажил. Нэг үеэ бодоход хүн бүрийн амнаас экологи, агаарын бохирдол, мод сөөг тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал, бүх нийтээр мод тарих өдөр гэх мэт үгс байнга гарч, тэр чиглэлээр ажилладаг болжээ. Энэ сайн хэрэг. Монголчууд экологижиж байгаа нь тэр. Гэхдээ нүүдэлчин ахуй сууринд амархан хэвшчихдэггүй бололтой. Мах цусанд нь шингэсэн араншин тийм амархан устаж үгүй болохгүй, бас тийм ч амархан дадал заншил болохгүй. Өчигдөрхөн хонь хариулаад цэцгэн дээгүүр гишгээд явж байсан малчин залуу өнөөдөр Улаанбаатарт ирээд цэцгэн дээгүүр гишгээд Сүхбаатарын хөшөөний гинжин дээр суугаад савлаж байх нь үүний нэг жишээ. Тэр хүнд хөдөөх цэцгэн дээгүүрээ алхдаг зан нь хэвээрээ байна гэсэн үг. Хотод явж байгаа машиныг харахаар бас л дүр тийм зураг харагдана. Шууд л жолоогоо татаад эргэдэг адуучны дүр төрхтэй. Тийм учраас хотод түгжрэл үүсээд, эсвэл нэг нэгэнтэйгээ очиж наалдаад байгаа нь тэр. Хоёр адуучны унаж явсан морь мөргөлддөггүй.
Тэнд унасан хүн, унуулсан морь гэж хоёр ухаант амьтан явна. Харин машины тухайд жолооч л ухаантай болохоос одоохондоо мөргөлдөхөөс зайлсхийдэг ухаалаг машин арай гараагүй байна. Иймэрхүү араншинтай хотод таримал мод ургамлыг дайрах, дээгүүр нь туучих бол одоохондоо асуудал хэвээрээ байна гэсэн үг. Мод ургамлыг тарьж ургуулах, арчлах, хамгаалах гэдэг яг үүнтэй төстэй үйл явц. “Маргааш галав юүлэхийг та мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэж үг байдаг. Энэ асар өндөр хариуцлага шинэгэсэн ард түмний мөнхийн андгай. Харин манайд бол бидний сэтгэхүйгээс нилээд хөндий үг. Мод тарьж ургуулахыг нялх хүүхэд асарч хүн болгодогтой төстэй үйл явц гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Гэтэл зарим нь суулгаж хаяад л болдог мэт сэтгэхүй хэвээрээ байгаа. Нэг мод суулгаад хэдэн литр ус хийх, ямар хугацаанд усалж байх, хэрхэн арчлах нь тэр хүний хувьд нилээн будантай ойлголт. Тийм учраас л суулгасан мод маань ургахгүй байх жишээтэй. Хуш модны самрыг тарихаар хуш мод ургадаг, бидний идээд хаясан Мойлны ясыг суулгаад усалбал Монос мод ургана гэдгийг бараг мэдэхгүй, түүнийг модны үр нь гэхээсээ илүү хог хаягдал гэж үзэх нь бий. Хавар Хайлас мод үрээ хаядаг. Шарлан унаж буй түүнийг түүгээд л тарихад та Хайлас модон цэцэрлэг байгуулж чадна. Ямар их үр, хөврөл гудамжаар хийсч байна, ямар их баялаг газраар хөсөр хаягдаж байна. Өнөөдөр сургуульд ерөнхий биологийн хичээл зааж, амьтан судлал ярихаар Амебь, Шаахай, ургамал судлал ярихаар Эс, Мембрам ярьж байгаа, тэр нь аль аль нь лабораторын нөхцөлд микроскопоор олж хардаг эд. Тэгтэл хушны самар үзүүлээд тариад, мойлны яс үзүүлээд үр нь гээд заасан бол тарих ургуулахын наад захын юмыг хүүхэд сурч хоцрох байлаа. Бүхэл бүтэн экологийн боловсролгүй үе ингэж бэлтгэгдэж байна. Мод ургамал тарина, ургуулна гэдэг цөөхөн ойн инженер, сонирхогчид, хоббитай хүмүүсийн хүрэээнд эргэлдэж, бусад нь хэрэглэгчийн байр сууринаас ханддаг хэвээрээ байна. Ард түмнээ экологжуулах, соён гэгээрүүлэх нь хот тохижилтынхны үүрэг биш төр засгийн бүх шатны байгууллагын үүрэг. Амьсгалах агаар, уух усгүй болох юм бол юун алт эрдэнэс вэ. Юун машин, гар утас, компютр, интернэт бэ. Хүн хагартлаа баян болох, оффшордох, харьд зугаалах нь тийм чухал явдал уу. Эх орноо бүрэн бүтнээр авч үлдэх, түүнийгээ хайрладаг ухаанд сургах, ус агаар, газраа хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал уу ?. Бидний амьсгалдаг агаар мандлын 20 хүрэхгүй хувь нь хүчилтөрөгч атал түүнийг сэлбэж байдаг ногоон ургамлыг бий болгоход тавих анхаарал халамж нь тийм бага байгаа юм бол удахгүй бид хорт хий, угаараар амьсгалах нь үнэн шүү дээ. Хотын агаарын бохирдол гээд байгаа нь тэр хүчилтөрөгч хомсдож, угаарын хийгээр баяжсан агаарыг л хэлээд байгаа юм шүү дээ. Бас хотын агаарын найрлага, чанарыг муутгаж байгаа юм хумхын тоос. Өнөөдөр Улаанбаатарт 30 гаруй мянган га газарт 270 мянган айл амьдарч байна. Хашаа бүрт ногоон мод алга. Нийт хашааны 40 хувь нь улаан халцгай гэсэн судалгаа бий. Мөн дээр нь хашааны хоорондох замууд шороогоороо, тэгээд жилийн 4 улиралтай манай орны хувьд намар эрт болж өвс ургамал гандан шарлаж, хавар орой болж ургаж ядсаар байтал зун дуусч ногоон байх хугацаа бага, салхи ихтэй ийм оронд агаарын чанар хумхын тоосоор баяжихаас ч өөр яахсан билээ.
Иргэн хүний хувийн харицлага гэж байх ёстой. Байгууллагуудын нийгмийн харицлага гэж ярьдаг болсон шиг иргэн хүний хувийн хариуцлагыг өндөржүүлэх учиртай. Тэр айл хашаандаа 10-аас доошгүй модтой, зүлэг цэцэг ургуулсан байхыг шаардах ёстой. Зүгээр л бүх хашааг ногоон болгочихдог бол хот ногоон нөмрөг доор ороод ирнэ, улсаас нэг их хөрөнгө гаргахгүйгээр хотын орчин ой болж хувирна. Аймгийн төвүүд ч ялгаагүй. Шинээр сүндэрлэж буй суурингууд ч бас адилхан. Тэнд нэг л санаачлагатай дарга, удирдагч хэрэгтэй. Тэр “нөхөр” экологийн боловсролгүй учраас тийм юм санаачлан хийхгүй байгаа юм. Өнөөдөр 15-20 кг жимс өгдөг чацарганын суулгац байна. Аравхан буттай байхад л та бүтэн жилийнхээ жимсний хэрэгцээг хангаж чадна. Хашаан дотроо халгай, лууль шарилж өндөр өндөр гээч нь ургуулчихсан айл харшилтай, нус нулимсандаа хутгалдаад ханиагаад найтайгаад л явж байгаа. Тэгээд харшлыг нь улсаас өгчихсөн юм шиг бухимдаж явах. Бас миний хэлэх гэсэн нэг санаа. Модыг субботникаар тарьдаггүй юм аа гэж л хэлэх гэсэн юм. Мод тарих ажлыг шоудах, олон хүн цуглуулж сүр бараатай ажил хийж байгаа дүр үзүүлэх нь амьд ургамлаар тоглоод л хаяж байгаа хэрэг. Олон жилийн өмнө 10.0 мянган оюутан гаргаж мод тарина гэсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимынхны ажил тэгж бүтэлгүйтэж билээ. Тэр үйл явц миний санаанаас гардаггүй юм. Тэр олон мянган оюутан юу хийх, хийснийг нь хэн хянах, адаглаад нэг модонд хэдэн хувин ус хийснийг нь мэдэх бололцоо хүртэл байдаггүйг сануулсан ч тэд модоо суулгаж, зун нь бүгд үхсэн түүхийг би мэдэх юм. Тэгэхээр мод тарихад за яахав, нүхийг нь заалгаад ухаж болох юм, мод тарих ажлаа мэргэжлийн хүнээр л хийлгэх ёстой гэж хэлэх гээд байна.
Талхыг мэргэшсэн хүн барьдаг болохоос хүн болгон хийдэггүй биз дээ. Мод тарих, түүнийг нийтийн хэмжээнд өрнүүлэхэд айл гэр, албан байгууллага, хүн бүрийг сэтгэл зүтгэл гарган бяцхан талбайгаа өөд татахаас эхлэх ёстой. Манай зарим мод үржүүлдэг газрууд модоо хотод л өгөх, хотын гудамжинд ажил хийхийг эрхэмд үзээд ихээхэн өрсөлддөг боллоо. Талхны үйлдвэрийн талх, нарийн боовыг хотын захиргаа худалдаж авдаггүй, ард иргэд л авдаг тийм болохоор мод ургамлаа нийт иргэддээ зориулж худалдах, тэд худалдан авагч байж орчноо сайхан болгох, ажил хийж сурах анхан шатны мэдлэг нь бий болно л гэж боддог. Түүнээс биш хэн нэгэн хүний дур сонирхлын хэрэг мэт зөнд нь орхиж болохгүй ажил бол мод тарих. Олон жилийн өмнөх дурсамж. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж надад, …Ханийн буянаар Бээжинд элчин сайдын яаманд манайх хэдэн жил амьдарсан. Хятадууд мод тариад л тарьсан болгон нь ургаад л. Харин элчингийн хашаанд тарьсан бидний хэд л ургадаггүй юм даа гээд инээж байж билээ. Тэгэхэд би, … яахав нэгд та нар монгол хүмүүс, хоёрт Бээжинд бороо ордог байнга манантай байгаа. Тэр бороо манай модыг усалж байна гээд бодоод байсан байхгүй юу. Борооны ус 20 см л гүнд норгодог, харин модны үндэс 35-40 см гүнд байдаг ш дээ гэж хэлж билээ. Тэгэхээр мод тарьж сурах, ургуулах гэдэг орчин нь адилхан ч дадал заншил, мэргэшил, төрж өссөн ахуй хүртэл шаардддаг ажил болох нь тодорхой. Ургасан л бол усалсан гэдэг үг бий.