АНУ болон БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 6-7-нд Флоридад болно хэмээн хоёр улсын Засгийн газар зарласны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадын Төрийн тэргүүнтэй хийх уулзалтаа маш хүнд болно. Алдагдалтай худалдаа, ажлын байрны хомсдлыг цаашид тэвчихгүй учраас энэ уулзалт хүнд байна. Америкийн компаниуд эдийн засгаа тэлэх шинэ арга зам хайж эхлэх хэрэгтэй” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Америк-Хятадын харилцаа ойлгомжгүй байдалд байгаа. Хятадыг Америкийн доройтлын гол буруутнаар зарладаг Трамп Бээжинг зөвхөн нэг талдаа ашигтай гадаад худалдаа хийдэг, валютын луйвар, арга заль хэрэглэдэг хэмээн шүүмжилдэг.
Мөн “Нэг Хятад” бодлогыг зөрчин Тайваны Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, Бээжин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар хангалттай ажиллахгүй байна хэмээн мэдэгдсэн удаатай. Үүний хариуд Хятад “Трамп хэрвээ худалдааны дайн хийвэл Америк хамгийн их хохирох болно” хэмээн сануулж байгаа юм.