УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдэгдэл хийж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ. Ингэснээр одоо УИХ-ын Төрийн Байгуулалтын байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, түүний хүсэлтийг авч хэлэлцэх учиртай. Өөрөөр хэлбэл УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байна.
Уг сонгуульд МАХН-аас МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарын нэг нэр дэвших нь тодорхой. Харин АН-аас АН-ын ҮБХ-ы гишүүн Ч.Оюунбаатар, Японы мэргэжлийн сумогийн аварга, АН-ын ҮБХ-ы гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Д.Дагвадорж нарын нэг нь нэр дэвших бололтой. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд байсан ч хариу нь тодорхой болж байгаа аж. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр энэ асуудал яригджээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс: “Та Хэнтийд болох нь тодорхой болсон нөхөн сонгуульд нэр дэвших үү? Таны нутаг шүү дээ” гэж асуусан байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч эргэлзээгүйгээр нэр дэвшихгүй гэдгээ шуудхан илэрхийлжээ
. Э.Мягмар