Улаанбаатар, Монгол Улс, 2018 оны 6-р сарын 12 – Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох ОУСК 10 дахь удаагийн Компанийн засаглалын форумыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийн хамгаалах асуудлыг сайжруулах сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулав. Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд олон тооны төрийн өмчийн компанийг хувьчлах болсон тул ийнхүү хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ярих нь цагаа олсон сэдэв.  Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ), мөн Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (КЗХТ)-тэй хамтран зохион байгуулав.

Форумд 100 гаруй зохицуулагчид, бодлого боловсруулагчид, бизнесийн удирдагчид, компанийн засаглалын асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд оролцов. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илүү сайн хамгаалахын тулд компаниудын санхүүгийн тайлагналын ил тод, нээлттэй болгох явдал нэн чухал ач холбогдолтой гэдгийг форумд оролцсон шинжээчид онцлон тэмдэглэсний зэрэгцээ олон улсад хийгээд дотооддоо компанийн засаглалтай холбогдолтой сүүлийн үеийн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой нь гарцаагүй. Манай орны компанийн засаглалын стандартууд олон улсын тэргүүн туршлагад нийцэж байхын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад зохих хамгаалалтыг бүрдүүлж байхад бид анхаарах хэрэгтэй” гэж СЗХ-ны дарга Содномдаржаагийн Даваасүрэн хэлэв, “Компанийн сайн засаглал нь тогтвортой компаниудыг бий болгох, цаашилбал Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн тэрээр цааш нь хэлэв.

Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын бараг тэн хагасыг нь энэ оноос эхлэн 2020 он хүртэл хувьчлах төлөвлөгөөг саяхан баталсантай холбоотойгоор Монголын хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоо өсөх хандлагатай байгаа тул хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал улам чухлаар тавигдах болно.

26 жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх хугацаанд Монголын хөрөнгийн бирж асар их ахиц дэвшил гаргасан бөгөөд үнэт цаасны арилжааны дүн өнгөрсөн жилд хамгийн өндөрт үзүүлэлттэй байсан билээ. Хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ өмнөх 5 жилтэй харьцуулбал 67 хувиар өссөний зэрэгцээ гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан IPO болон хоёрдогч зах зээл дээр хувьцааг амжилттай гаргасан зэрэг цөөнгүй амжилт гаргасан болно.

Засаглалын практикийг үнэлэх, сайжруулахад дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн жишиг болох G20 / ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын зарчмуудын Монгол хэл дээрх орчуулгыг энэхүү форумын үеэр танилцуулав. Хүчтэй засаглал нь компанийн гүйцэтгэлийг сайжруулж, эрсдлийг бууруулан улмаар эдгээр компаниуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татдаг гэдгийг  судалгаанууд харуулж байна.

“Хөрөнгийн зах зээлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд бүртгэлтэй компаниудын хяналт шалгалт, зах зээлийн зохицуулалтыг чангатгах шаардлага Монгол улсад тулгараад байна. Олон улсын зарчим, стандартуудыг нэвтрүүлэх нь Монголын компаниудын дунд компанийн засаглалын соёлыг бэхжүүлнэ” хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Д. Нгуен хэлэв. Тэрээр цааш нь “Форум нь зохицуулагчид болон зах зээлд оролцогч бусад талуудад сүүлийн үед гарч байгаа асуудлуудын талаар мэдлэг, ойлголттой болох, шинээр үүсч буй засаглалын асуудлуудыг даван туулах үр дүнтэй арга хэмжээ авахад тус дэм болно гэдэгт бид итгэж байна” гэв.

ОУСК нь 2009 оноос эхлэн компанийн засаглалын үнэлгээний аргачлалыг 2013 онд боловсруулах,  жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс нэгдмэл сонирхолтой этгээдтай хийх хэлцлийг удирдах журмыг боловсруулах зэрэг компанийн засаглалын практикийг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж ирсэн билээ. Эдгээр хүчин чармайлт нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт ОУСК-иас хэрэгжүүлж буй өргөн хүрээний Компанийн засаглалын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд уг хөтөлбөрийг Швейцарийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга нарын газартай хамтран хэрэгжүүлж байна

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн