Улаанбаатар тэлж уулын амуудаар гарлаа. Социализмийн үед албан байгууллага бүр ажиллагсадаа өөрийн зусландаа 6-р сараас нүүж агаарт гаргадаг заншил тогтоод бүр хэвшчихсэн байсан. Нэг загварын, нэг л айл багтахаар авсаархан, бас эгнүүлж тавьсан тэдний журамтай гэдэг нь жигтэйхэн. Зөвхөн зуны 3 сард гардаг болохоор зуслангийн цэвэрхэн ч гэж догь, ёстой л зуслан байж. Тэгсэн одоо зуслан биш зах зээлд шилжиж, нурсан социализм зуслангаа хамтат нь залгиж, нэг үе эзэнгүйдсэн “зуслан”-ийн суурин дээр шинээр далай шиг том том хашаа хатган аль хэдийн “эзэмшигчид” нь эзэмшжээ. Хууччуул одоо энд манай байгууллагын зуслан басым гэхээс өөр ам ангайж, хуруу гозойлгох нэг ч “жодгор” алга. Бүгд капитал барилга. Мундаг том том хаусууд. Тэнд зусна гэхээсээ илүү өвөл зунгүй амьдардаг эдлэн аль хэдийн сүндэрлэсэн байна. Манайхны амьдрал бас сайжирчээ. Улсын үйлдвэрүүд, төрийн байгууллагууд, ер бүгд “албан” нэртэй байсан тэд өнөөдөр амины юм болсон болохоор авсан газар дээрээ юугаа босгох нь тэр хүний хэрэг.
Тэгээд ойн гүн рүү шигдээд орчихсон, аз жаргалтай гэгч нь амьдарч байна. Би үүнийг зөв гэж бодож байна. Манай ойн тухай хуулийн 29-р зүйлийн 1-ийн 10-д “Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглоно” гэж заасан байх юм. Манай Улаанбаатарын зуслангийн амууд бүгд ойтой, бүгд ойн сангийн газарт багтдаг. Тэгвэл тэнд барилга байгууламж барьж болохгүй нь бололтой. Тэгтэл бүгд барилгажаад, бас зарим нь бүр зөвшөөрөл, эзэмших, ашиглах, өмчлөх гэх мэт төрөл, төрлөөр нь авчихсан байдаг аж. Улаанбаатар мэт агаарын бохирдол ихтэй хотын ногоон бүс, ойролцоох уулын ой модтой амуудад байшин барилга барихгүй, ард иргэд нь тэнд очиж амьдрахгүй тэгээд хаана амьдрах болж байна. Хойч үедээ хадгалж байгаа хэрэг үү. Бидний хойч үе гэж хэн бэ. Ли юу, Жон уу. Монгол оронд ой мод бүхий эсвэл ойн сан бүхий газрууд элбэг бөгөөд ойн хуулийн заалтын үзэл санаагаар бол ой тэлж ургах нөхцлийг бүрдүүлэх үүднээс ойн захаас хадлан авч болохгүй, 100 метр газарт ямарч барилга байгууламж байж болохгүй мэт заалтууд орсон гэж боддог. Харин Хотын ногоон бүсийн ой бол хотынхонд зориулагдсан, нийслэлчүүдийн эдлэн байх ёстой. Тэр утгаар нь авч үзвэл ногоон бүсийн ойг сэргэн ургаж захаасаа тэлж байдаг байгалийн ой хэмээн ойлгох биш, ард түмэн амьдарч амт шимтийг нь мэдэрч байдаг, ахуй орчин гэж л үзэх учиртай. Тэгж хуулиндаа өөрчлөлт оруулах юмсан. Чингэхдээ хотын ногоон бүсийн асуудлыг тусд нь заагаад, ойгоос хол бай, ойн зах руу ойртвол чинь хохьчин шүү гэдэг заалтыг яаж шүү хасая даа л гэж бодох юм. Учир нь ой хүнээс хол байх тусмаа л эрсдэлтэй. Та нар мэднэ дээ. Чингэлтэйн амны эхэнд Зүрх уул гэж ямар ногоон “зүрх” байлаа. Модны хулгайчид ганц нэгээр нь зөөсөөр байгаад зах зээлийн гэх нийгмийн үед бүгдийг нь “мөлжсөн”.
Хэрвээ энэ уул эзэнтэй байсан бол яалаа гэж хаяанаасаа авахуулаад халзартлаа модоо огтлуулаад хот руу зөөлгөхсөн билээ. Зүрх уул эзэнгүй уул шүү дээ. Сүхбаатарын талбай хавиас түүнийг харуулдана гэж юу байхав. Харин хажууд нь эдлэн нь байсансан бол яалаа гэж ийм байдалд орохов дээ. Ой дотор байшиин сууцаа бариад, орчин тойрныхоо ойд эзэн болоод монгол хүн аз жаргалтай сайхан аж төрж яагаад болохгүй гэж. Дандаа “болохгүй” гэсэн хориглосон заалтууд чинь сайн юм юуг авчирсан бэ. Харин нөхөрлөлийн ой гэсэн ухагдахуун сүүлийн үед гарч ирж байгааг сайшаана. Тэр маань “нөхөрсгөөр” хуувилдан хувааж устгаж болохгүй. Түүний хажуугаар нь иргэн, айлууд ой дотор “зүгээр л нэг зүлгэн дээр” гэрээ бариад амьдрах нөхцлийг бүрдүүлэхсэн. Зуслангийн газрууд одоогоор өмчлөгдөөгүй байна. Харамсалтай нь өмч хөрөнгө, эрх мэдэлтэй нь “бүгдийг” нь хашаад авчихсан нь олны дургүйг хүргэсээр. Хэрхэн яаж өмчлөх нь харин газрын албаныхны шүдний өвчин. Өөр нэг хөндөх асуудал бол Зайсангийн ам. Нэг үе дархан цаазат уулын аманд юу ч байж болохгүй, тэнд зуслан ч байх шаардлагагүй гээд 1987-1988 онд бүгдийг нүүлгэсэн. Хотын дарга Самбуугийн Мөнхжаргалын захирамжаар Зайсан, Залаат, Хүрхрээ, Төрхурах юу юу билээ Богд уулын амуудын бүх зусланг нүүлгэсэн.
Харин харамлаж үлдээх ганц газар бол Богд хан уулын амууд байсан нь үнэн. Аль 1670-аад оны үед дархан цаазат болсон энэ уулын амыг дур мэдэн зуслан биш, орон сууц болгосон тэр бурангуй шийдвэрийг Байгаль орчны сайд байхдаа У.Барсболд гаргаж, 60 гаруй аж ахуйн нэгжид “аялал жуулчлал” эрхлэх нэрийдлээр зарсан этгээд. Тэгээд нүглээ наманчлах санаатай бурхан багшийн хөшөөг хот руу харуулан босгож, “буян” үйлдсэн. У.Барсболдын замаар баахан ачаатай тэмээ хот руу нүүж, Богд уул сэглэгдэн үлдсэн. Богд хан уулын аманд “бор гэртээ богд хар гэртээ хаан” шиг амьдрах боломжгүй. Энэ бол дэлхийн ууган дархан цаазат газар. Үнэт зүйлийг хадгалан үлдээнэ гэдэг төрийн бодлогын асуудал. Харин нэг харалган “сайд” шууд зарж эхэлсэн нь одоогийн Зайсангийн ам руу дөхсөн их нүүдэл. Хайран уул. Уулын ам болгон дуу шуу цуурайтсан байшин барилгаар дүүрч, хөл хөдөлгөөн ихсээд ирэхэд юун амьтан ургамал, ховор нандин юмс. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, хэн дуртай, мөнгөтэй, амбицтаЙ нь сайд болдог, тэр хүнд улс төрийн болоод эх орон, ард түмэн, түүх уламжлал, ёс заншил ер хамаагүй, албан тушаалаа ашиглаж өөрт хэрэгтэй бүхнийг цогцлуулж аваад, олигтойхон баяжиж аваад газрын гаваар ордог жишиг тогтоод удаж байна. Тэр У.Барсболд нөхөр хаа явна. Одоо Зайсангийн амны хамгаалалтын горимыг зөөлрүүлж, орон сууцны хороолол орших газар болгон хувиргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Тэнд У.Барсболдын байгуулсан гавьяа бол барилгын хэдэн компануудад барилга барих газар олгосонд л байгаа. Зүй нь Ойн тухай хуулинд, бас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд нийслэлийн ногоон бүс гэж юу юм бэ, тэр ногоон бүс маань Хэнтийн, Хангайн, Хөвсгөлийн ой тайга уу, ойн талын хууль дүрмээр зохицуулагдах эд мөн үү, биш үү. Манай нийслэлчүүд одоо 1,3 сая болчихлоо. Утаат хонхортоо багтахаа байлаа.
Тэгээд энэ газар ойн хуулийн заалтын дагуу 100 метр ч дөхөж болохгүй гээд байдаг, тэр ч байтугай хашаанд нь байгаа торлог, хусханы ширэнгийг ой гэж үзээд хөөгөөд байдаг энэ үйл ажилллагаа маань зөв үү буруу гэж тунгааж, үүнийг л сайд учрыг нь олохыг хичээсэн бол болох байлаа Одоо ногоон бүсийн ойд амьдарч байгаа хүмүүс ой дотор байна, “чи ойн тухай хууль зөрчсөн этгээд” гэсэн цоллогоотой айдас хүйдэстэй, хэзээ хэзээгүй нүүхийг шаардсан, хөөлгөсөн туулгасан амьтас байгааг эрхбиш харж үзэх ёстой. Намайг ой дотор зуслан байгуулчихаад түүнийгээ хамгаалах гээд улиглаад байна гэж бас битгий бодоорой. Надад ой дотор байтугай задгай талд ч ганц зуслангийн газар байхгүй. Гэр хороолол дотор нэг хашаатай л хүн. Тэгтэл ийм юмыг шийдэхгүй, атлаа тэнд байсан Дархан цаазат уулын амыг зарах. Би түүнийг шууд зарсан гэж үздэг. Тэр ч байтугай наана нь Туулын хөвөөнд байсан Богд хааныг эмчилж байсан “Эрдэнийн очир” одонтой И Тэ Жүн гэдэг солонгос эмчийн дурсгалд зориулан босгосон жижигхэн цэцэрлэгийг хөөж яаж сандаргасан гэж. Түүнийг хөөчихвөл бас зарах талбай тэнд байгаа гэнэ ээ. Одоо бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг бүрэн орхиж харж хандах эзэнгүй, нөгөө Барсболд маань сураг ажиггүй болсныг хараад энэ нөхрийг бурхан багш нь аврахгүй нь дээ гэж бодогдож байлаа. Яагаад Барсболд гээд нэг хүн рүү дайраад байна аа гэж битгий бодоорой. Ийм бурангуй юм хийсэн хүн, дархан цаазат уулын амыг зарсан, барилгажих үүд хаалгыг нээсэн хүн, дэлхийн анхны дархан уулыг дархан биш болгосон хүн, тэнд байсан буга согооноос авахуулаад бэлчиж байсан ховор амьтан ургамлыг устгасан хүн, амар амгалан, тайван жаргалтай тарвалзаад явж байх ёстой гэж үү. Адаглаад ард түмнээсээ уучлал гуйчихдаг бол бас яамай. Үгүй л байхгүй юу. Өөрөөр хэлбэл цадигаа алдсан улаан дээрэмчин шиг миний нүдэнд харагдаад байгаа учраас энэ үгийг хэлээд байгаа юм. Нэг хүний тарьсан гай хэдэн үеэрээ арилдаггүй бөгөөд түүний хор уршиг түүхэнд хараар л үлдэнэ. Үүнийг ард түмэн мэдэж хоцрох ёстой. Буянт үйлийн төлөөнөө сүү өргөж үлддэг ард түмэн минь ээ.
2 comments
Iimerhuu teneg humuus dahij bitgii turuusui
Odoo naad zuslan nereer oi dotor baishin jorlon bariad zavaaraad baigaa novshnuud chini udahgui oron suuts barina geed hamag modin ni tairaad hujaanuudad gazaraa zarna.ehneesee tegeed ehelchihlee