Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Ононтой ярилцлаа.
-Дурангийн мэс заслын нээлттэй хаалганы өдөрлөг танай эмнэлэгт боллоо. Энэ төрлийн мэс засал хэр хөгжиж байна вэ?
-Манай эмнэлэг 2000 оноос эхэлж дурангийн мэс засал хийж эхэлсэн. Одоо бол хагалгааны хүрээ томорсон. Эмэгтэйчүүдийн мэс засал, чих, хамар хоолой, хэвлийн хөндийн мэс засал,цээжний хөндийн мэс засал, дотор, элэг, цөс, нойр булчирхай,бүдүүн нарийн гэдэс гэх мэт.
Мөн өвдөгний үений дурангийн мэс засал хийж байна. Манай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хувийн эмнэлгээс юугаараа илүү, юугаараа дутуу мөн улсын эмнэлгээс юугаараа илүү, дутуу гэдгийг нээлттэй өдөрлөгөөр ард иргэдэд танилцуулсан юм. Мөн цөсний хүүдий авах мэс засал гэж юу байдаг, чулуутай цөсний хүүдийг яагаад заавал авах ёстой гэх мэт олон төрлийн зөвлөгөөг өглөө. Манай эмнэлэгт хагалгаанд орж байгаа цөсний хүүдий хагалгааны 98 хувийг дурангийн мэс заслын аргаар гүйцэтгэж байгаа.
-Мэс заслын тоо сүүлийн үед нэмэгдэж байна уу?
-Эмэгтэйчүүдийн мэс заслын хагалгааны тоо, дурангийн мэс заслаар хийгдэх хагалгааны тоо эрс нэмэгдсэн. Нийт хагалгааны 65 хувийг дурангийн мэс заслын хагалгаа эзэлж байна. Өмнө нь нээлттэй хагалгаа хийгээд том шархтай хүмүүсийг удаан хугацаанд эмчилдэг олон хоног эмнэлэгт хэвтүүлдэг байсан. Мухар олгойн хагалгаа том зүслэгтэй.
Хагалгааны дараа маш олон дэглэм баримталдаг байсан бол дурангийн хагалгаанд шилжүүлснээрээ оношлогоо сайжирсан. Үүнээс гадна булчирхайн мэс засалд дурангийн мэс засал ашигласан бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, түрүү булчирхай гээд булчирхайлаг эрхтнүүдэд мэс засал хийхдээ, тухайлбал бамбай булчирхайн хагалгаа хүзүүнд нь том сорви үлдээдэг байсан бол дурангийн мэс заслын аргаар хийснээр ямар ч сорвигүйгээр суганд нь зүсэлт хийчиж байгаа. Мөн бид таргалалтын эсрэг хагалгаа хийж байна.
Маш олон таргалалттай хүмүүс,сахарын өвчтэй хүмүүс байгаа. Тэдэнд дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүн бууруулах, хоол боловсруулах замын чиглэлийг өөрчлөх зарчмаар дурангийн хагалгаа хийж байна. Одоогийн байдлаар манайд ойролцоогоор 60-аад тохиолдлын хагалгаа орсон бүгд амжилттай.
Энэ хагалгаагаар сахарын өвчтөнүүд бүгд 100 хувь эмчлэгдэж инсулин хэрэглэдэг байсан нь буцаад эмэнд орж сахараа маш сайн бууруулсан. Сахарын өвчинтэй эм уудаг байсан бол больж, амьдралын хэвийн хэвшил рүүгээ орсон. Сахарын өвтэй хүмүүс идэж уух гээд тусгаарлагдаж байдаг бол энгийн хүн шиг болж байна. Бид сахарын өвчтэй хүмүүст ходоодны ислэгийг бууруулах хагалгаа хийснээрээ сахарын өвчинг байхгүй болгож бөөрний дутагдалд орохоос сэргийлж байна.
Сахарын өвчний улмаас бөөрний дутагдалд орж буй хүмүүсийн тоог бууруулж байгаа юм. Мөн өвдөгний үений дурангийн мэс засал хийгдэж байна. Өвдөгний үеийг солих, төвөнхийн үеийг солих мэс ажилбар мөн өвдөгний үений нөхөн сэргээх дурангийн мэс засал зэргийг хийснээрээ манай эмнэлгийн олон төрөлт хагалгааны чанар сайжирч, өвчтөнүүдэд өгөх тусламж сайжирсан.
Дурангийн мэс заслын талаар залуу эмч нарт дурангийн мэс заслын дадал зөв эзэмших, онош зөв гаргах зэрэг сургалт явуулж байна. Урьд нь манай эмнэлэг долоо хоногт нэг хоёрхон удаа дурангийн хагалгаа хийдэг байсан бол одоо өдөрт доод тал нь14 удаа, их ачаалалтай үед 16, 17 удаа хийж байна. Дурангийн мэс заслын багаж хэрэгсэл орчин үеийн өндөр хүчин чадалтай багажуудыг төслийн хүрээнд авч чадсан ч гэсэн энэ багажны ашиглалт зуун хувь биш.
Зарим нэг хүндрэлтэй асуудал нь сайн багажны хангалт муу зэрэг асуудлууд байгаа. Багажны шинэчлэлтийн стандарт жилд гурван удаа байх ёстой ч нэг удаа хийж байгаа. Мөн хагалгааны чанар, өвчтөний эмнэлэгт байх хугацаа богиносож байгаа юм. Эмнэлэгт богино хугацаагаар байна гэдэг эмнэлгээс гарч буй үргүй зардал багасч, тэр хэрээр халдварт өртөх магадлал буурч байдаг. Бүдүүн гэдэсний хавдрын хагалгааг дурангаар хийж байна. Энэ нь үр дүнтэй янз бүрийн хүндрэлүүдээс маш сайн урьдчилан сэргийлж байгаа. Бид нурууны хагалгаандаа хамгийн орчин үеийн, өнөөдөр дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслүүдийг ашиглаж байгаа.
-Сүүлийн үе хүмүүс их дэглэм барих болсон. Хоолны буруу дэглэмээс болоод хагалгаанд орох хүртлээ муудсан тохиолдол хэр байна вэ?
-Ер нь хоолны дэглэмийн талаар телевиз, радиогоор буруу мэдээлэл их явж байна, хувь хүмүүс ч буруу мэдээлэлтэй бас хоолны дэглэмийг өндөр үнээр зараад, хүмүүст идэх хоолыг нь зааж өгөөд хүмүүсийг буруу чиглэл рүү явуулж байгаа зүйл их байна.
Физиологи үйл ажиллагаа гэдэг бол анатомийн үйл ажиллагаа физиологийн үйл ажиллагаа хамтарч явагддаг дотоод шүүрлийн бодисууд нэг хэмжээгээр ялгарч байдаг процесс. Мацаг барина гэдэг дээр үеийн лам нарын дунд байсан арга хэдий ч үүнд хүн өөрийгөө бэлддэг, тусгай зориулалтын газарт хийдэг зүйл. Турахын тулд мацаг барина гэдэг маш буруу зүйл.
Хүний бие махбодид яг нэг порпорцоор ялгарч байдаг дотоод шүүрлийн бүх үйл ажиллагаануудыг савлуулдаг. Хүний амтлах, үнэрлэх, харах, мэдрэхүй бүгдээрээ дотоод шүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлж байдаг. Мацаг барьсан хүн хоолны зураг, үнэр авахад шүүрэл явагддаг энэ нь асар их хэмжээний хүндрэл учруулдаг.
Бид анатомийн, физиологийн эрүүлийг хамгаалах анагаах ухааны мэдлэггүй хүмүүс өөрсдийн хэрэгжүүлсэн арга, эсвэл гадаад хэл дээр орчуулсан зүйлийг шууд монгол хүмүүст авчирч байгаа нь буруу. Үүнээс болж түгжрэл их болж, хоолны буруу дэглэмээс үүссэн хүндрэл их гарч байна. Монгол хүн зун цагаан идээ, намар ногоо будаа, өвөл мах хавар уураглаг хүнс хэрэглэх ёстой.
Эх сурвалж: Өдрийн сонин