АНУ–д амьдардаг нэгэн монгол залуу ээжийгээ хоёр өрөө байртай болгох мөрөөдлөө биелүүлж буй баярт мөч олон хүний сэтгэлийг хөглөөд байна. Магадгүй тэр бичлэгийг үзсэн маш олон хүн ээжийгээ хайрлан, ээжийгээ хэрхэн баярлуулах тухайгаа бодсон байх. Ийм сайхан сэтгэлээр биднийг баясгасан залуутай та бүхнийг уулзуулж байгаадаа баяртай байна.

Дөрвөн жил сурдаг сургуулиа гурван жилд төгсчихөөд дараа жил нь ангийнхандаа хичээл зааж цалин авдаг байсан

-Мундаг залуу, сайн хүү гэж олон хүн таних болсон таны нэр алдар хэн бэ? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Лхагвасүрэнгийн Болор-Эрдэнэ гэдэг. Хөгжмийн багш мэргэжилтэй. Одоо АНУ–д ажиллаж, амьдарч байна.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Би хоёр дүүтэй, нэг эгчтэй.

Аав нь багад нь нас барсан гэж сонссон?

Манай аав намайг найман настай байхад өнгөрсөн. Өөрийг чинь монголчууд их зөв хүмүүжилтэй залуу гэж харах болсон.

-Найман настай эцгийгээ алдсан хүүхэд зөв хүмүүжилтэй болж болдог юм байна гэдгийг олон хүн харлаа шүү дээ?

-Би үүнийгээ төрөлхийн ухамсар гэж боддог. Би аавыгаа өнгөрснөөс хойш бие даагаад ажил хийгээд эхэлсэн. Хөрөө рааман дээр, бас оёдлын газар гээд есөн шидийн ажил хийж байлаа. Ингэснээрээ ээждээ бага ч гэсэн нэмэр болсон гэж боддог. Ядаж л хичээлийн хэрэгслээ өөрөө авчихдаг байсан.

Ээж маань аавыг их мундаг хүн байсан гэж ярьдаг. 1980-аад онд Украйнд уул уурхайн тэслэлтийн мэргэжлээр төгссөн хүн. Тэр үед чинь уул уурхай гэдэг сураггүй байлаа шүү дээ. Хүмүүс намайг аавыгаа дуурайсан дайчин хүн гэж ярьдаг юм.

Би бүр оюутан байхаасаа өглөө эрт таван цагт босоод сурчихсан. Одоо ч хэвээрээ. Оюутан байхдаа өглөө эрт босоод сургууль руугаа явах гэхээр автобус байдаггүй. Тиймээс байнга алхаж очдог байлаа. Өглөө эрт босохгүй болохоор ямар нэгэн юмнаас хоцорч, унтахаар амьдралаас үлдчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг их л яаруу хүн дээ.

-Ээж, аавыгаа хайрлана гэдэг бол монгол хүүхдийн онцгой зан чанар юм болов уу. Чиний үйлдэл маш олон хүний сэтгэлийг хөглөлөө. Эхийн ачийг хариулна гэж байдаггүй ч ээжийгээ баярлуулж болдог гэдгийг харууллаа?

Америкчуудыг ажиглаад байхад биднээс тэс өөр хүмүүс. Монголчууд бидэнд авах юм зөндөө байна. Учир нь бид нар ээж, аавыгаа хайрлаж чаддаг. Монгол аав, ээж нар хүүхэд нь ажилгүй болоод хүрээд ирэхэд хөөж явуулна гэж байхгүй. Америкт нэг залууг ээж аав нь шүүхдэж байж гэрээсээ явуулсан байх жишээтэй. Гэтэл монгол аав, ээж хэзээ ч ингэхгүй шүү дээ.

Би багаасаа хагас өнчин өссөн болохоор хэзээ нэгэн цагт ээждээ заавал байр авч өгнө дөө гэж боддог байсан. Аав маань амьд байхдаа найман айлын орон сууцыг худалдаж аваад, нурааж буулгаад түүгээрээ ганцхан том байшин барьсан юм. Ямар том байшин байсан гээч. Бас нутагтаа их том дэлгүүртэй, Оросоос бараагаа авчирж зардаг байсан. Даанч аав маань өнгөрснөөс хойш бид нар хэцүүдсэн. Байраа алдсан. Уг нь аав минь их мундаг бизнес сэтгэлгээтэй хүн байсан. Харин би хорин хэдхэн настай дөрвөн өөр бизнес эхлүүлээд дөрвүүлэнг нь дампууруулчихсан юм.

Ямар, ямар бизнес хийж үзсэн бэ. Яагаад дампуурсан юм бол?

-Эхлээд дүүфүүний бизнес байлаа. Дүүфүү хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн. Дараа нь веган фүүд гэж байлаа. Бас онлайн сургалтын бизнес хийх гэж үзсэн. Даанч тэр үед интернэт ховор байсан болохоор хүмүүс бараг хандалгүй дампуурсан л даа. Ингээд туршлага л үлдсэн.

-Соёлын дээд сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөн гэсэн үү?

-Сэлэнгийн Шаамарын арван жилийг төгссөн. Соёлын дээд сургуулийг гурван жилээр хөгжмийн багшаар төгссөн. Уг нь дөрвөн жил сурах ёстой боловч гурван жилийн дотор бүх хичээлээ үзэж төгсчихөөд дөрөвдүгээр курсын ангийнхандаа хичээл зааж байлаа. Ангийнхандаа хичээл зааж сургуулиасаа цалин авдаг байж билээ.

-Америк руу яагаад явахаар шийдсэн юм бэ?

Монголдоо хэд хэдэн бизнесийг хийх гэж оролдож үзээд бүтэлгүйтсэнийхээ дараа л Америк явъя гэж шийдсэн. Компанийнхаа тоног төхөөрөмжүүдийг зараад, дээр нь ээжээрээ зээл авахуулаад энд ирсэн дээ. Энд ирээд бас их олон ажил хийж үзсэн. Ирэнгүүтээ хэлний сургуульд бас сурсан. Тэгээд бодож байгаад нутагтаа өөрөө компани байгуулаад үзчихсэн туршлагатай байсан учраас Монгол руу карго явуулдаг компани дээр хүрч очоод монгол ах нартайгаа уулзаад хэлсэн л дээ.

Би танай компанийн менежментийг өөрчлөөд үйл ажиллагаа, ашиг орлогыг чинь илүү ахисан шатанд гаргаж өгье гэж хэлэхэд ах нар намайг шууд л маркетингийн менежерээр ажилд авсан. Ер нь бол Америкт анх ирсэн хэн ч гэсэн тогоо шанаганаас эхэлдэг нь үнэн.

Монголд чи УИХ-ын гишүүн байсан ч энд ирээд бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болно. Тэгээд нэг хэсэг ажиллахдаа энэ каргоны компанийнхаа бүх үйл ажиллагаа, менежментийг нь өөрчилж, шат ахиулж чадсан. За тэгээд такси барих энэ тэр гээд л олон ажил хийсэн дээ.

Стив Жобсын хэлсэн алдартай үг байдаг. “Чи ажлаасаа халагдах, эсвэл ажлаа өөрийнхөө хүсэлтээр солих хоёр чинь тэс өөр хоёр зүйл шүү” гэж. Миний хувьд би энэ олон ажлыг солихдоо халагдах биш, дандаа өөрийнхөө хүсэлтээр солиод явсан.

Ном уншилгүйгээр хэзээ ч амжилтанд хүрэхгүй

-Халагдаагүй өөрөө хүсэлтээрээ гарсан гэлээ. Үүгээр юуг хэлэх гэсэн бэ? Монголд ажиллах хүчний асуудал маш их байдаг?

-Сард сая төгрөгийн цалин авдаг хүн өөрийн хүсэлтээр ажлаа солиод дахин сая төгрөгийн цалинтай адилхан ажилд очоод орвол тухайн хүнд хөдөлмөр хийж чаддаггүй асуудал бий гэсэн үг. Харин ажиллах нөхцөл, цалингаа нэмэгдүүлэн өөр газарт шилжин ажиллаж байгаа бол тэр зөв. Жишээ нь би Америкт ирэнгүүтээ ажил хайгаад дэлгүүрт худалдагч хийхээр очсон юм.

Тэгтэл тэр дэлгүүрт арван жил тасралтгүй ажиллачихсан нэг монгол залуу байлаа. Би тэр залуугийн өмнөөс ёстой нөгөө америк залуусын хэлдгээр Ooh my God л гэмээр санагдсан. Дөнгөж 20-иодхон настай залуу гэхэд ийм байж болохгүй шүү дээ. Би тэр залууг хувьдаа дэлгүүрт худалдагч хийх хоббитой залуу гэж бодохгүй байгаа. Тэр залуу өөрийнхөө хүсэл сонирхолд хязгаар тавиад өөрийгөө өсгөж дэвжүүлэхгүйгээр миний байх ёстой газар энэ л юм байна. Би үүнээс илүү ажил хийж чадахгүй гээд сууж болохгүй байхгүй юу.

Дэлгүүрийн худалдагч хийгээд авдаг хоёр мянган доллар юу юм бэ. Олдохдоо л олдоно. Харин тэр залуугийн залуу нас дахиж олдохгүй шүү дээ. Хоёр мянган долларыг арван жил аваад явах нь утгагүй шүү дээ. Уг нь бол тэр залуу ганц, хоёр жил ажиллаад өөрийнхөө чадварыг өсгөчихөөд илүү цалинтай ажил хайж эхлэх ёстой байсан байхгүй юу.

-Одоо Америкт хийж байгаа үндсэн ажил чинь юу вэ?

-Одоо үндсэн ажил гэвэл интернэтээр нэг зүйл хийдэг. Нууц шүү /инээв/. Дэлгэрэнгүй яримааргүй байна. Хажуугаар нь ганц, хоёр хүүхдэд хөгжмийн хичээл зааж байна. Уг нь би трак буюу том тэрэг барьдаг байсан юм. Их өндөр цалинтай ажил л даа. Намайг тэр өндөр цалинтай ажлаа орхиход найзууд маань гайхсан. Гэхдээ би насаараа тракчин хийхийг хүсээгүй л дээ.

Хайран залуу насаа зам дээр өнгөрөөмөөргүй байна. Тийм ч учраас илүү мөнгө олохын тулд өнөөдөр интернэтээр ажиллаад сууж байна. Трак барих чинь хэдэн долларын цалинтай ажил байсан юм бэ. Өөрөө яг хэдэн доллартай болохыг хүсээд байгаа хүн бэ? Трак барихад сарын цалин нь багагүй доллар байсан л даа. Ер нь бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байна. Б

үр өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд хүссэн мөнгөө олмоор байна шүү дээ. Физикал ажлын эрин үе өнгөрчихөөд байна. Санхүүгийн эрх чөлөө гэдэг бол унтаж байхад дансанд мөнгө орж байхыг хэлдэг. Гэхдээ сая доллартай болчихвол хоёр сая доллартай болохыг хүснэ, таван сая доллартай болчихоод арван сая долларыг хүснэ. Юу вэ гэвэл үүнд хэт автаж болохгүй. Гэхдээ заавал хүрэхээр тасралтгүй зүтгэх хэрэгтэй.

-Өглөө бүр таван цагт босдог гэсэн. Нэг өдрийн дотор юу юуг амжуулдаг вэ?

-Өглөө таван цагт босно. Тэгээд 30 минут дасгал хийнэ. Дасгалынхаа хойноос мэдээ харчихаад интернэтээ асаагаад ажлаа амжуулдаг. Тэгээд хойноос нь фитнесдээ явна гэх мэт. Чамлахааргүй зүйлийг амжуулахыг мөч бүхэнд зорьдог.

-Өглөө 30 минут дасгал хийчихээд дахиад фитнес хийдэг хэрэг үү?

Тийм ээ. Тэгээд бас өөртөө ном унших цаг заавал гаргадаг. Яг одоо би чамтай онлайнаар ярьж байхдаа номын дэлгүүрт л явж байна. Би одоо Америкт гаднаас яг над шиг цагаачилж ирэнгүүтээ долларын саятан болж чадсан залуугийн бичсэн номыг хараад зогсож байна.

Өнөөдрийн Монголд ном уншдаггүй, ямар ч мэдлэг боловсролгүй мөртлөө томроод баяжчихсан хүмүүс зөндөө байна. Гэхдээ тэдгээр хүмүүс дандаа авилга өгч, газар ухаж баяжсан хүмүүс байгаа нь нууц биш шүү дээ. Ном уншихгүйгээр, өөрийгөө хөгжүүлж, боловсруулахгүйгээр хол явахгүй. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн бичсэн номуудыг сайн унш. Болж өгвөл бүр англи хэл дээр шууд унш гэж хэлмээр байна.

-Монголдоо Соёлын сургууль төгссөн мөртлөө англи хэлийг яаж сурсан юм бэ?

-Монголд байхдаа би христийн сүмд явдаг байсан. Тэр үед нэг америк хүнд миний зан чанар их таалагдсан учраас надад хамтарч ажиллах санал тавьсан юм. Харамсалтай нь тэр үед би нөгөө хүнтэйгээ Hello, bye гэж мэндлэхээс цааш англи хэл мэдэхгүй байсан л даа.

Тэгээд би зориглоод англи хэлийг бие дааж сурахаар шийдсэн. Хэдэн англи ном худалдаж аваад үзэж таарсан. Бага багаар англи хэл маань сайжирч эхэлсэн л дээ. Монгол дахь христийн цуглаанд ирдэг байсан тэр америк хүнд их баярлаж явдаг шүү. Америкт ирээд өдий зэрэгтэй явахад минь тэр хүний оролцоо их байсан юм.

Боломж бэлэн байж байдаггүй, түүнийг хүн өөрөө бий болгодог

-Хоёр дүүтэй гэсэн. Америк залуус болон монгол залуусын хандлага чамд ямар санагдаж байна. Ялгаа байна уу?

Аль аль залууст нь авах, хаях юм бий байх. Уг нь монгол залуус оюуны чадамж сайтай. Дэлхийд мундаг яваа монгол залуус ч зөндөө байна. Хамгийн гол нь бид нар тархиныхаа түгжээг мултлах хэрэгтэй. Тэгэхийн тулд би дахиад хэлье. Ном унших хэрэгтэй. Ном уншихгүйгээр тархиныхаа түгжээг яаж мултлах юм бэ.

Гадагшаа явж нүдээ нээх хэрэгтэй. Гадаад хүмүүстэй уулзаж, ярилцаж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй Монгол дотроо хоорондоо хэрэлдээд, нэг нэгнээ муулаад суугаад байж болохгүй л дээ. Америк залуусаас суралцах зүйл зөндөө байна.

Одоо миний явж байгаа энэ номын дэлгүүрийг л хар л даа. Ном үзээд явж байгаа хүмүүс дандаа залуучууд. Америк залуус маш их ном уншдаг. Уг нь монгол залуус дэлхийн түвшинд яригдаж, дэлхийд тэргүүлэх боломжтой. Эхнээсээ дэлхийд танигдаад эхэлсэн.

-Чиний бодлоор боломж гэж юу вэ? Яагаад үүнийг асууж байна гэвэл өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай Монголд шинийг санаачилж, хийх боломж нь хангалттай байгаа юм шиг санагддаг?

-АНУ–ын ерөнхийлөгч Дональд Трампаар жишээ татъя. Энэ хүн Ерөнхийлөгч болохоосоо өмнө ямар мундаг бизнесмэн байлаа. Тэрээр, “Би боломж нэртэй азанд найддаггүй, боломжийг би өөрөө бий болгодог” гэж хэлсэн. Монголчууд бид өвөг дээдэстээ талархах ёстой.

Ийм өргөн уудам, асар их баялагтай газар нутгийг бидэнд үлдээснийх нь төлөө. Гэтэл харамсалтай нь залуусын маань тархи түгжээтэй байна. Ном уншдаг залуус цөөн байна. Бүгдээрээ ном уншиж байж л энэ их газрын баялгийг зөв ашиглаж, хөгжиж чадна. Тэрнээс биш сар болгон хүмүүст мөнгө тараах чинь хөгжил биш шүү. Харин бизнес хийхийн тухайд Монгол, Америкийн хооронд зах зээлийн асар том ялгаа бий гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Нэг нь гуравхан сая хүнтэй, харин нөгөө нь 300 сая хүн амтай. Жишээ нь би энд нэг ном бичээд худалдаанд гаргалаа гэж бодъё. 300 сая хүний нэг хувь нь л миний номыг худалдаж авахад би долларын саятан болох боломжтой. Тиймээс энд боломж арай илүү гэж болно. Монголчуудын нэг зовлон бол нэг нь арай гэж нэг шинэ юм санаачлангуут бусад нь бүгд хуулбарладаг явдал.

Би нэг шинэ бүтээгдэхүүн хийгээд жоохон ашиг олоод эхлэнгүүт хоёр гурван газар дуурайгаад хийгээд эхэлдэг. Үр дүнд нь бүгдээрээ дампуурдаг. Гэтэл америкчууд яаж бизнес хийдэг вэ гэвэл нэг нь нэг шинэ зүйл санаачлаад амжилтанд хүрээд эхэлбэл тэр бизнесийг нь ном журмынх нь дагуу худалдаж авдаг. Эсвэл хөрөнгө оруулаад хамтарч ажилладаг. Энэ бол ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн нийгмийн л сэтгэхүй юм даа. Харин манайхан бол хулгайлах, хуулбарлахаа л боддог. Ийм болохоор л бид хөгжихгүй байна.

-Өчигдөр монголчуудыг шуугиулсан хоёр л сэдэв байлаа. Нэг нь хүмүүсийг уярааж, уйлуулсан чиний бичлэг. Нөгөөх нь ёс суртахууны зөрчил гаргасан хоёр гишүүнийг авч үлдсэн асуудал? Чи интернэтээр бүхнийг үзэж, мэдэж байгаа байх. Сэтгэгдлийг чинь сонсож болох уу?

-Ойлгомжтой шүү дээ. Дургүйцэж буй ард түмний түмэн зөв. УИХ-аараа бүгд хуйвалдчихаж гэж харж байна. Ёс суртахууны хувьд болохгүй байгаа хүмүүсээ явуулах ёстой байтал сонгосон ард түмнийхээ итгэлийг эвдлээ. Энэ хоёр гишүүнийг авч үлдсэнээр УИХ-д ямар ч хүн ороод сууж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлээ. Ичих булчирхайгүй хүн УИХ -д нэр дэвшиж, гишүүн болох бараан хаалга өчигдөр нээгдсэн.

Уг нь бол бусад орны улс төрчид шиг ард түмнээсээ уучлалт гуйчихаад, дараа нь өөртөө боломжийг хүссэн бол манай ард түмэн чинь их л уяхан сэтгэлтэй, уучламтгай хүмүүс учраас ойлгох байсан байх. Гэтэл тэгсэнгүй.

-Амьдралын аз жаргал гэж чиний хувьд юу вэ? Амжилт уу, ажил уу, гэр бүл үү?

-Хүн хүний бодол өөр өөр байх. Зарим нь элэг бүтэн гэр бүл байхыг л амьдралаас хүсдэг бол үлдсэн хүмүүс нь үргэлж илүү ихийг хүсч, үргэлж илүү зүйл рүү тэмүүлж байдаг. Манай монголчуудын хувьд хоёр дахь ангилалд нь илүү багтах байх. Миний бодлоор элэг бүтэн амьдрал хамгийн аз жаргалтай амьдрал байх. Халуун ам бүлээрээ байгаа хүмүүс шиг жаргалтай хүмүүс хаа байна.

-Ном их уншдаг юм байна. Өөрт чинь ном хэр үнэ цэнэтэй вэ?

Сардаа хоёроос гурван ном уншихыг хичээдэг

– Монголоос ирж байгаа хүмүүс намайг юу авч очих вэ гэхэд би ном л гэдэг. Ном уншихгүйгээр баян болно гэж байхгүй.

-Ээждээ байрыг нь аваад өгчихсөн үү?

-Ээж маань байраа судалж, үзэж байгаа. Сонгонгуут нь би эндээс мөнгийг нь явуулна. Ээжийн минь нуруун дээрээс асар том ачаа хөнгөрлөө. Бас миний нуруун дээрээс. Тиймээс би одоо эрх чөлөөтэй болж, өөрийнхөө амьдралын төлөө алдсан ч оносон ч айх зүйлгүйгээр зүтгэх боломжтой боллоо. Өмнө нь бол ээждээ байр авч өгөхийн төлөө хөдөлмөрлөсөн гэхэд болно.

-Эхнэр, хүүхдийнхээ талаар яриач?

Монголдоо би эхнэр, хүүхэдтэй байсан. Гэхдээ асуудал их байсан учраас хоёр тийшээ болсон л доо. Зарим хүмүүс намайг эхнэр, хүүхдээ орхичихсон гэж буруугаар ойлгодог л байх. Гэхдээ таарахгүй байж хүүхдийнхээ дэргэд хэрүүл хийгээд байгаад байна гэдэг чинь өөрөө том асуудал гэж бодсон.

Охиныхоо ирээдүйд анхаарал тавьж, төлбөртэй сургуульд явуулах, янз бүрийн дугуйланд хамруулах зэргээр эндээс дэмжиж, тусалж байна. Өөрөөр хэлвэл эцгийн хариуцлагаа үүрээд явж байгаа. Гэхдээ гэр бүл маань бүтэлгүйтсэнд харамсдаг. Миний буруу их байдаг /хэсэг дуугүй болов/.

-Дасгал хийж, фитнест явдаг гэсэн. Америкчууд эрүүл мэнддээ яаж анхаарал хандуулж байна?

-Энд фитнесийн заалууд бүгд хүнээр дүүрэн. Гэхдээ тэр олон хүмүүс бүгдээрээ булчинлаг, гоё биетэй болох гээд байгаа юм биш. Зүгээр л эрүүл байхыг хүсч байгаа юм. Харин нэг асуудал харагддаг нь 300 сая хүнийг хооллоно гэдэг амаргүй. Тиймээс энд түргэн хоолны газрууд хаа сайгүй.

Энэ нь буцаад хүмүүсийнхээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин манай монголчуудын нэг том дутагдал бол махыг арай л их иддэг явдал. Ялангуяа оройн цагаар. Энэ зуршлаасаа салаад дээр нь дасгал хөдөлгөөн хийгээд эхлэх юм бол монголчууд төрөлхийн эрүүл, чийрэг бие бялдартай хүмүүс гэж хардаг. Бас утаа монголчуудыг их өвтгөж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Чиний бодлоор орчин үеийн энэ дэлхий ертөнц дээр яг юу ноёлж байгаа вэ?

Техник технологи л ноёрхож байна даа. Хиймэл оюун буюу роботуудын эрин үе ирж байна. Америкчууд энэ талаар их ярьж байна. Одоо бид цөмийн зэвсэг биш, хиймэл оюун ухаан, роботуудаас, хэт хурдтай хөгжиж байгаа энэ технологиосоо буцаад айх хэрэгтэй гэж энд хүмүүс хоорондоо ярилцаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Тусгал” Мэргэжлийн цахим сонин

By updown

One thought on “Л. Болор-Эрдэнэ: Их унтахаар амьдралаас хоцорч буй мэт санагддаг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн