Энэ өдрүүдэд дэлхий дахиныг цөмийн бөмбөгөөр айлгах болсон Умардын “агуу” удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалт болж байгаа билээ.
Дэлхийн түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэж үлдэх энэ уулзалттай холбоотой төрөл бүрийн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр хөвөрч байгаагаас хамгийн их сонирхол татахуйц нэг зүйл бол Өмнөд Солонгосын кофе шопуудад хөршийнхөө хатуу, харгис удирдагчийг кофены хөөсөн дээр зураг болгон буулгаж эхэлсэн явдал. Тус улс нь кофены хэрэглээгээрээ азид нэгдүгээрт ордог бөгөөд энэхүү шинэ, өвөрмөц үйлчилгээ кофенд дуртай өмнөд солонгосчуудад ихээхэн таалагдаж байгаа гэнэ.
Багш мэргэжилтэй Мин Жүн одоо 30 настай. Тэрээр кофег бүр хүүхэд байхаасаа өглөө бүр амтархан уусаар дасал болжээ. Өглөө гэрээсээ гараад ажлаа эхлэхийнхээ өмнөхөн кофе шопт орж нэг аяга өтгөн кофе уух нь түүний зуршил юм. Мин сүүлийн үед кофе кофены дундаас latte-г онцлон уух дуртай болоод байгаа нь уг кофен дээр Умардын удирдагч Кимийн зургийг зурж өгдөг болсонтой холбоотой гэнэ.
“Биднийг үргэлж цөмийн пуужингаар айлган сүрдүүлдэг болоод удаж байгаа энэ туучийгийн зурагтай кофег амтархан уух нь надад үнэхээр таатай санагдаж байгаа. Тэр муу биднийг цаашид үргэлж айлгана гэж бодож байгаа бол санасны гарз” хэмээн Мин Жүн нутгийнхаа нэгэн сонины сурвалжлагчид ярьжээ.
Өмнөд Солонгосын кофе шопууд эрэлт ихтэй байгаа Кимийн зурагтай latte төрлийн кофегоо дан ганц Умардын удирдагчийн зургаар чимэглээд зогсохгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард түүнтэй найрсаг уулзалт хийсэн өөрийн орны Ерөнхийлөгч Мүн Жэ Иний зургаар ч давхар чимэглэхээ мартсангүй. Харин уулзалт болж буй Сингапурт түргэн хоолны газар, ресторанууд үүдэндээ Ким Жон Ун болон Дональд Трампын зургийг өлгөж, үйлчлүүлэгчдээ татах арга хэрэглэж эхэлжээ.
Шар толгойтой Трамп, хар толгойтой Ким нарын талаар онцлох өөр нэг зүйл бол тэдний үс. Шогийн мэдрэмж нь өндөр хөгжсөн зарим хүмүүс Дональд Трампын үсийг дундат зууны уран барималтай зүйрлэх нь бий. Тэр ч байтугай түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө үсийг нь засдаг байсан хувийн үсчин нь хүртэл “Түүний толгойд хүрэх үед хүний толгойд биш, яг л урлагийн бүтээлд хүрч буй мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн ярьсан удаатай.
Харин Кимийн хувьд тэрээр өөрийн өвөө, Умард Солонгосын ард түмний амьд домог, шүтээн нь болсон Ким Ир Сэнтэй адилхан харагдахын тулд удирдагч болсноосоо хойш үсээ зориуд ингэж засуулдаг болсон юм. Түүний үсийг хэн, хэрхэн засдаг талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй ч олон улсад нэр хүндтэй өндөр зэрэглэлийн үсчид үсийг ингэж засахын тулд дор хаяж нэг цагийн ажиллагаа орно хэмээн тодотгосныг хэлэх хэрэгтэй.
Хоёр удирдагчийн уулзалт маргааш манай цагаар өглөөний 9:00 цагт Сентоза арлын “Капелла” зочид буудалд эхлэх юм. Уулзалт эхлэхээс өмнө амжиж Ким, Трампыг эх орондоо очиж Пхеньян хотод айлчлахыг албан ёсоор урьсан байна. Түүхэн уулзалт эхлэхээс өмнө олны анхаарлыг татаж буй өөр нэг асуудал бол хоёр удирдагч энэ өдрүүдэд яг ямар сэтгэл зүйтэй байгаа вэ гэдэг асуулт юм.
Тэгвэл энэ асуултад улс төрчдийн сэтгэл зүйг судалдаг мэргэжилтнүүд дараахь хариултыг өгч байна. Хоёр удирдагчид хоёуланд нь сэтгэл зүйн хувьд төстэй талууд байгаа нь энэ хоёр хүн хоёулаа их хэмжээний эд баялаг дээр туйлж өссөн баян айлын хүүхдүүд юм. Үүний дээр хоёр аав нь хоёулаа өрөвдөж хайрлахыг мэддэггүй хатуу, харгис хүмүүс байсан гэдгийг дэлхий нийт мэднэ.
Трампын аав хүүгээ “Бизнесийн хатуу ширүүн ертөнцөд хэзээ ч битгий бууж өг. Өрсөлдөгчөө боломж таарсан газар нь нам дар” гэдэг сургаалиар өсгөсөн бол Ким Чен Ир мөн адил Ким Жон Уныг “Нам дар. Битгий өрөвдөж хайрла. Битгий бууж өг” гэдэг үзлээр хүмүүжүүлснийг энэ өдрүүдэд мартаж болохгүй гэнэ.
Гэсэн хэдий ч дэлхийн түүхэнд яруу тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ уулзалтаар хэлэлцэгдэх асуудлууд олон улсын дипломат харилцааны жам ёсоор аль хэзээний урьдчилан шийдэгдсэн тул маргааш зөвхөн хоёр удирдагч бие биетэйгээ нүүр тулан ярилцаж, сонжиж үзэх төдийхнөөр хязгаарлагдахыг үгүйсгэхгүй. Учир нь бусад гол асуудлуудыг хоёр талын дипломатчид урьчдилаад тохиролцчихсон байгаа хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Хэрвээ Дональд Трампын зөрүүд, давилуун, Ким Жон Уны хэт хардамтгай, гөжүүд зан гэнэтхэн хөдөлчихгүй бол шүү дээ.
Эх сурвалж: Independent, Google