УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар “гэм буруугүй” гэв үү?

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх” саналыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. Үдээс хойших хуралдаанаар Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн Д.Гантулга:
“Д.Гантулга миний нэр төр, алдар хүндэд зохион байгуулалттайгаар халдах мөн зохион байгуулалтайгаар заналхийлэх дарамтлах үйл ажиллагаа явагдсан. Энэ бүгдийг би нотлохын тулд аль болох мэдээлэл, баримтуудыг гаргаж өдий хүртэл явж байгаа. Энэ байдлаараа цаашид хуулийн хяналтын байгууллагуудад шалгуулж үнэн мөнөө тогтоолгоно” хэмээжээ. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат үг хэлэв. Тэрбээр
“Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Намайг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй. Би дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч хуулийн байгууллагаа хүндэлсэн. Хэдий намайг олон түмэн сонгосон ч гэсэн жирийн иргэнтэй л би адилхан. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад хийлгүйгээр дуудсан цаг хугацаанд нь очиж байсан“ гэв.