Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо.
Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм.
Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.
“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ.
Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.