Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн оршин суугч иргэн 65 настай эрэгтэй О халиар түүж яваад ор сураггүй алга болжээ. Онцгой байдлын алба хаагчид түүний цогцосыг өчигдөр 12:34 цагт олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иргэн О нь энэ сарын 6-нд 18:00 цагийн орчимд аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн “Булагт” гэдэг газар алга болсон бөгөөд эндээс зүүн урд зүгт 2 км-т амь насаа алдсан байдалтай олджээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн есөн иргэн, нийт 19 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр алга болсон газарт нь нэгжлэг явуулсан юм.