Сүүлийн үед хүмүүс мацаг барих, цагаан хоолтон болох зэргээр эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Яаж мацаг барих талаар фэйсбүүкийн группүүд нээгдэж, сургалт сурталчилгаа ч их хийгдэх боллоо.
Харин цагаан хоолтон болж ходоод, гэдсээ эрүүлжүүлэн, турахыг хүссэн хүмүүст нэг том зовлон байгаа нь Улаанбаатар хотод цагаан хоолоор үйлчилдэг ресторан, кафе гарын арван хуруунд багтахуйц дэндүү цөөхөн байдаг явдал. Нийслэл хотын хаа сайгүй байх баар, ресторан, лоунж, кафе, цайны газруудын алинд нь ч ялгаагүй зориулалтын цагаан хоолны цэс байдаггүй нь “Хэрэв чи цагаан хоолтон бол үдийн цайны цагаар гэртээ хариад тэр цагаан хоолоо хийж ид” гэж хэлэх мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Бид эхлээд Улсын их дэлгүүрийн ойролцоо байх энэ хавьдаа хүн хамгийн их цуглардаг нэгэн кафед орж суугаад зөөгчөөс нь “Танайх цагаан хоолоор үйлчилдэг үү” гэж асуухад өөдөөс агшаасан цагаан будаа, нийслэл салат хоёрыг санал болгосон юм. Тус газрын хоолны цэсэнд үүнээс өөр цагаан хоолтон хүн идчихээр нэг, хоёрдугаар хоол, зууш аль аль нь байхгүй ажээ.
“Танайх яагаад цагаан хоол хийдэггүй юм бэ” гэсэн асуултад зөөгч охин “Хүмүүс дандаа махтай хоол иддэг шүү дээ. Би яаж мэдэх юм. Манай захирал мэднэ” гэж хариуллаа. Ингээд бид нэлээд сураглаж, хайсны эцэст нийслэл хотод хамгийн олон сүлжээтэй, хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэх нэгэн цагаан хоолны ресторанд орлоо.
Яваад ороход дөрөв, тавхан ширээ тавьсан цомхон, даруухан тохижилттой энэ газрыг ресторан гэж хэлэхэд стандарт нь арай биш санагдсан юм. Ханан дээрээ “Дэлхийн хамгийн ухаалаг, хамгийн алдартай хүмүүс бүгдээрээ цагаан хоолтон. Тиймээс та ч бас яагаад байж болохгүй гэж” хэмээн англиар бичээд холливудын одод, алдартай улс төрчдийн зургийг өлгөсөн энэ газар хоол идэхээр орж ирэгсдийн дийлэнх нь байнгын үйлчлүүлэгчид нь байдаг бололтой.
Зөөгч болон тогоочтой нь дотно яриа өрнүүлэнгээ нимбэгтэй ус, ногоон цай зэргийг ууж, хоолоо хүлээн суух аж. Анх удаа ресторанд нь орж ирсэн биднийг төдийлөн ойшоохгүй байгаа бололтой. Зөөгч охин байнгын үйлчлүүлэгч нартайгаа ширээ ширээн дээр нь очиж элдвийг хамж шимэн ярилцаж, хорь орчим минут хүлээлгэсний эцэст сая нэг юм менюгээ авчирж өгөнгөө “Манайх цагаан хоолны ресторан шүү дээ. Махтай хоол гарахгүй. Хоол захиалах юм уу” хэмээн шууд тулгасан өнгөөр асуудаг байгаа.
Хоолоо захиалчихаад хүлээж суух хооронд орчин тойрноо сайтар ажиглавал хананд өлгөсөн зурагтыг дэлхий даяар энхтайван, хайрыг сурталчилдаг гэх нэгэн эмэгтэй өөрийн сургаалийг шавь нартаа дамжуулан ярьдаг гадаадын телевизийн суваг дээр тохируулсан байлаа. Байнгын үйлчлүүлэгч бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр зурагтанд тулж суучихаад тэр эмэгтэйн яриаг их л идэвхтэй сонсох аж.
Тэгснээ эмэгтэй нь эрэгтэйдээ хандаж “Багшийн энэ яриаг чи анхааралтай сонсоод л байгаарай. Дандаа хүнийг хайрлах, зөв хүн байх талаар зөв юмнууд ярьж байгаа биз дээ” хэмээн хэлэх сонсогдоно. Уг эмэгтэйг нэгэн төрлийн шашны урсгалыг үндэслэж, улмаар азидаа төдийгүй дэлхий даяар хэдэн сая дагалдагчтай болсон хүн гэдгийг интернэтээс төвөггүй хайгаад уншиж болно.
Бидний анхааралд өртсөн өөр нэг зүйл бол зөөгч текэн дээрээ Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга номыг тавьжээ. Шар буурцагны будаатай, хоёроос гурван төрлийн ногоотой хуургаа нимбэгтэй усаар даруулж идчихээд тооцоогоо хийгээд гарахынхаа өмнөхөн “Чи Орифлэймийн бүтээгдэхүүн зардаг юм уу” гэж асуутал “Та сонирхож байна уу. Дуртай бүтээгдэхүүнээ худалдаж авч болно шүү. Манай бусад салбарт ч гэсэн байгаа” гэлээ.
Цагаан хоол захиалж идсэний дараа анх орж ирэхэд минь үл тоомсорлож, үл хүндэтгэж угтан авсан зөөгч охины ааш их л эелдэг сайхан болчихсон “Манайхаар дахиж үйлчлүүлээрэй. Бүтээгдэхүүн худалдаж авах бол ирээрэй” хэмээн инээмсэглэсээр үдсэн юм.
Ингээд хоёр цаг гаруй цагаан хоол олж идэх санаатай хийсэн аялал маань дуусахад цагаан хоолтон болохыг хүссэн боловч шантраад бууж өгсөн нэг найзын маань хэлсэн “Зовлон их бий. Нэг бол гэртээ цагаан хоолоо хийгээд хоолны саванд уудлаад авч явах болдог. Эсвэл хотод тоотой хэдхэн байдаг цагаан хоолны газрын аль нэг рүү нь үдийн цайны цагаараа замын түгжрэл дунд бөглөрч таглараад явах хоёр сонголтын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог” хэмээн ярьсан нь өөрийн эрхгүй бодогдсон юм.
Хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулж, ядаж л зуны дулаан улиралд цагаан хоолтон болохыг хүсч байна. Харамсалтай нь нийтийн хоолны газрууд, мөн цагаан хоолны ресторан гэсэн тодотголтой газруудынх нь бодит байдал нэг иймэрхүү. Нэг бол агшаасан будаа, нийслэл салаттай цагаан хоол хэмээн санал болгож, эсвэл амар тайван хоол идүүлчихгүй ямар нэгэн шашны урсгал, сүлжээний бүтээгдэхүүн сурталчлаастай. Байнгын үйлчлүүлэгч биш хэмээн гадуурхаастай.
Бодит байдал, орчин нөхцөл нь ийм байхад цагаан хоолтон болно гэдэг тийм ч амар зүйл биш шиг санагдсан шүү. Хэдэн жилийн өмнө зүүн өмнөд азиар аялж явахад Малайз, Тайланд, Сингапур улсуудад нэгээс хоёр километр алхаад л заавал нэг юм уу хоёр цагаан хоолны газар тааралдаж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй байх аа.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
8 comments
eldeb habdaraas angijrah ganzhan arga bol nogoo chagaa idej mahnaas angijirch eryyl mendeen bodoh heregtei,mah idsenees bolj bidnii setgelgee amitan alah dontoi boljee!yuch hamaagyi alna gedeg yg amnaas ni salahaan baij amidral deer hyn hyneech alsaar baina!bid mahnaas garzgaaya?Ylaan zys yzsen ard tymen zaasaa l zys yzne?…amitaniig alahaas byzahgyi bagaas ni honi teheereh argad syralzyylna!ene bol hamgiin tom hargislal baina.zeb amidrah yhaand syralzazgaaya!
za tenegt novshiin setguulch uhaantai anitani, mongol hun mahaa idej chono shig l amidarna, ter tsagaan hoolton aziin sureg yamaa ruugaa yav, poshel ti nahui, mongolchuud hezeech tsagaan hoolton bolohgui
Малаа Монголд цагаан хоолтон болвол үхэнэшүүдээ
Энд сэтгэгдэл бичсэн 2 хүний бичиг үсгийн боловсрол үнэхээр хэрэг алга. Монгол бичгийн дүрэм олж уншиж судлаад, хуулан бичиг, цээж бичиг хийж, ном уншиж өөрийгөө хөгжүүлмээр юм. Ийм оюуны хоосролд орсон байдлаас болж бид хөгжихгүй байгаа гэдгийг хүн болгон ухаараасай.
Мах идвэл ухаантай хүн болно. Ногоо идвэл мал болно.ногоо идээд төлөг болбол бол.
мах бол уураг тархинд хамгийн сайн. АНУ болон Европт алцгеймэр эхэсч байгаа шалтгаан нь мах бага иддэгтэй холбоотой.Эртний хүмүүс гал гаргаж сураад мах шарж иддэг болсноос хойш уураг тархи нь хөгжсөн гэдэг юм билээ шүү
Mongolchuud shig aimshigiin idej uudag mangas shig humuus zundaa yadaj hodood gedsee amraaj bh heregteishudee. dotor erhten ni eruul, hoollolt ni zuw eko bol umhiiruhgui l yum bgaan. Gahai nohoi shig ideshtei udur shunugui hiweestei yaj umhii unergui bhiinmbe,yaj aris us chini saihan bhweedee. Sain yum zaawal zoliostoi l bdag bizde.
erguu mongolchuud haldvart uvchtei 60 say malaa yaj daldruulah yum bol