Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Лари Пэйжийг технологийн сонирхолтой туршилтууд хийж, хөгжүүлэх дуртай нэгэн гэдгийг дэлхий дахин андахгүй мэддэг болсон. Тэгвэл Лари Пэйжийн үүсгэн байгуулсан өөр нэгэн компани болох Kitty Hawk-ын авьяаслаг инженер залуус нисдэг машины туршилтыг амжилттай хийж байгаагаа олон нийтэд зарлалаа.
Хэдийгээр нисдэг машины туршилтыг дэлхий дахинд өөр хэд хэдэн компани хурдацтайгаар хэрэгжүүлж байгаа ч Kitty Hawk-ын инженерүүдийн зохион бүтээсэн “Flyer” буюу нисэгч нэртэй энэхүү машин нь ямар ч механик жолоодлого, хүний оролцоогүйгээр өөрөө автоматаар газраас хөндийрөн нисч, бас газарт буудгаараа ижил төрлийн өрсөлдөгчдөөсөө давуу талтай юм.
Энэ долоо хоногийн эхээр олон нийтэд танилцуулсан уг автомашиныг зохион бүтээгчдийн нэг Kitty Hawk компанийн гүйцэтгэх захирал Себастьян Трун уг гайхалтай машиныг хамгийн анх унаж үзсэн хүн болжээ. Тэрээр шинэхэн төмөр хүлгээ хөлөглөн газраас дээш 50 орчим метрийн өндөрт бүтэн цаг гаруй нисч, туршилт хийж үзсэндээ тун ч сэтгэл хангалуун байгаагаа “Flyer”-ийг олон нийтэд танилцуулах ёслолын арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.
“Үнэхээр гайхалтай байсан. Намайг шинэхэн моделийнхоо зөөлөн суудал дээр суув уу үгүй юу манай залуусын зохион бүтээсан арван ширхэг хүчирхэг сэнс бүхий хөдөлгүүр нэгэн зэрэг асч, би яах ийхийн зуургүй тэнгэр өөд дүүлэн ниссэн. Өчнөөн олон жилийн турш би өөрийн гараар автомашинаа жолоодон ажил, гэрийнхээ хооронд явдаг байсан бол энэ удаад гараа ганц ч хөдөлгөлгүйгээр яг л шувуу шиг нисч чадлаа” хэмээн Себастьян Трун сэтгэл догдлон ярьсан юм.
Энэ мэтчилэн дэлхий даяар хэд хэдэн технологийн компани өөр өөр төрлийн нисдэг машинуудыг амжилттай туршаад байгаа боловч энэ төрлийн автомашиныг хэрхэн, яаж олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх нарийн учир начраа зохион бүтээгчдийн нэг нь ч өнөөдрийг хүртэл олж чадаагүй байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь хүн болгон нисдэг машин худалдаж аваад дур зоргоороо агаарт дүүлэн нисээд эхэлвэл газар дээр замын хөдөлгөөнийг зохицуулдаг шиг агаарт гэрлэн дохио байршуулах уу гэдгээс эхсүүлээд олон асуултад хэн ч хариу өгч чадаагүй л байна.
Дээр нь агаарт нисч буй нисдэг машинууд хоорондоо мөргөлдөж аваар хийвэл ямар дүрмээр, яаж зохицуулах уу гээд нисдэг хөлгүүдийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө амжиж шийдэх олон асуудал бий. Гэвч нисдэг автомашиныг хөгжүүлэгчдийн зарим нь дэлхийн том хотуудад өч төчнөөн нисдэг тэрэг агаарт чөлөөтэй нисээд, хоорондоо мөргөлдөхгүй болоод л байгаа шүү дээ.
Бид машиндаа аваар ослоос урьдчилан сэргийлэх нэмэлт ухаалаг төхөөрөмжүүдийг суулгаж өгөхөө мартаагүй хэмээн өөрсдийн санаачилсан төслийг өмөөрөн хамгаалж байгаа юм. Юутай ч бусад өрсөлдөгчдөөсөө хол илүү давуу талтай бас нэгэн шинэ нисдэг машины туршилтыг интерпренер залуус амжилттай хийж чадлаа. Цаашид өөр ямар технологийн гайхамшгийг хүн төрөлхтөнд танилцуулахыг харах л үлдэж.
Эх сурвалж: BBC, Google
1 comment
za enyyniig Mongold nebterbel been alaan garchee!dyremgyi bydyyleg Mongoloos l hol baigaasai!!!