Гишүүд ажлын 85 хоног үргэлжилсэн намрын ээлжит чуулганд 34 удаа суух ёстой байсан. Энэ хугацаанд байнгын болон дэд хороо 149 удаа хуралдаж бие даасан 22 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 175 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 15 хууль, гэрээ конвенц соёрхон батлах тухай гурван хууль, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус баталсан байна.
УИХ-ын Тамгын газраас гаргасан албан ёсны тайлан мэдээнээс харвал чуулганы хугацаанд гишүүд ямар үүрэг оролцоотой ажилласан нь тодорхой харагдана. Тодруулбал, чуулганы хуралдаанд хамгийн олон удаа суугаагүй гишүүнээр Б.Наранхүү дахин дархлагдав. Тэрээр 34 удаагийн хуралдааны 24-т нь суугаагүй байна. Түүний араас хамгийн залуу гишүүн Д.Гантулга 20, О.Содбилэг 19, Д.Эрдэнэбат 17, Б.Жавхлан 15, С.Жавхлан, Г.Тэмүүлэн, Сумъяабазар, Б.Энх-Амгалан нарын гишүүд 14, Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ, С.Батболд 13 удаа хуралдаа суугаагүйгээрээ удааллаа. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүд сонгогчдын өмнө хүлээсэн үүргийнхээ талыг нь ч биелүүлээгүй гэсэн үг. Түүнчлэн гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөөтэй зэрэг шалтаг шалтгаан гараагүй мөртлөө хурлаа ор тас тасалсан цөөнгүй гишүүн бий. Тухайлбал, С.Батболд, Д.Гантулга, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, О.Содбилэг, А.Сүхбат нарын гишүүд гурав, Ж.Батзандан хоёр, С.Жавхлан 11, Б.Наранхүү 12, Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар таван удаа тасалсан байх жишээтэй.
Харин 76 гишүүний 50 гишүүн ямар нэг байдлаар гадаад томилолтоор явжээ. Чуулганы хугацаанд Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Баттөмөр, Ц.Гарамжав, Б.Жавхлан 6-8 удаа гадаад явж бусдыгаа манлайлсан байна.
Эх сурвалж: www.polit.mn