Өнгөрсөн долоо хоногт Германы парламент дахь хэт барууны үзэлтэй намын тэргүүн Александер Гауландыг нуурын усанд сэлж байхад хувцсыг нь хулгайлжээ. Түүний хагас нүцгэн хотыг гудамжаар алхаж яваа зураг Германы сошиал сүлжээнд тархсан байна. 77 настай хууль тогтоогчийн өмд, цамцыг хулгайлсан этгээд зугтахдаа “Нацистууд усанд орох эрхгүй!” гэж хашхирсан нь ямар сэдлээр ийм үйлдэл хийснийг нь харуулж байгаа гэнэ.
Гауланд дэлхийн хоёрдугаар дайны үед Германыг засаглаж байсан нацистуудыг хэзээ ч олны өмнө өмгөөлж байгаагүй. Гэхдээ тэр өнгөрсөн үеийн алдаандаа Германчууд уучлал гуйхаа болих хэрэгтэй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард тэр хэвлэлд “Францчууд эзэн хаанаараа бахархдаг, Британичууд Нелсон болон Черчиллээрээ бахархдаг. Тэгвэл бид яагаад дэлхийн хоёр дайнд Герман цэргүүдийн олж авсан амжилтаар бахархах эрхгүй гэж?” хэмээн ярьж байв.
“Манай иргэд тэрхүү 12 жилийн түүхэн үйл явдлын төлөө гэмших хэрэггүй. Өнөөдрийн хүмүүстэй ямар ч холбоогүй шүү дээ” гэж Гауланд хэлж байжээ. Түүнийг ингэж ярьснаас арваад хоногийн дараа Гауландын тэргүүлсэн Alternative for Germany нам сонгуульд гурав дахь хамгийн их санал авсан улс төрийн хүчин болж, Нацистуудын үеэс хойш анх удаа үндсэрхэг үзэлтнүүд Германы парламентад орж ирсэн юм. Тэр бас Германд муслимуудыг хориглохыг уриалж, “Герман паспорт эзэмшсэн хүн бүр Герман биш” гэж хэлж байжээ.
Гауландын халаасанд гэрийн түлхүүр нь байсан тул тэр Потсдам хотын гудамжаар нэлээд хол нүцгэн алхаж, цагдаагийн хэсэг дээр очсоныг олон хүн гэрчилсэн байна. Германы хэвлэлүүд болон сошиал орчинд Александер Гауландын хувцсыг хулгайлсан хүнийг зөвтгөсөн утгатай бичлэгүүд хөвөрсөөр байгаа юм.
Эх сурвалж: The Washington Post