Нийслэлд гэр хорооллын 217 мянган өрх бий. Эдгээр өрх нь агаар, хөрсний бохирдол үүсэх нэг тэргүүний шалтгаан гэдэг. Төрөөс гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, яндангийн тоог цөөлөх, дээрх айлуудыг орон сууцжуулна хэмээн зорилт тавин ажиллаж байгаа. “Тэнхлэг зууч” компанийн гаргасан судалгаагаар өнөөдөр зах зээлд нийлүүлэх шаардлагатай 14 мянган орон сууц байна. Харин орон сууц нэн яаралтай авах хүсэлтэй 8000 гаруй өрх бий. Товчоор хэлвэл орон сууцны эрэлт ийм байна гэсэн үг. Зах зээлд 5000 гаруй орон сууц эрэлтээсээ илүү байгаа юм. Үүнийг мэргэжлийнхэн нийлүүлэлт илүүдсэн гэж нэрлэдэг. Иргэд орон сууц худалдан авах хүсэлтийг санхүүгийн боломжгүй байхад төрөөс барилгын компаниудыг дэмжин олон орон сууц барьсан нь ийнхүү нийлүүлэлт “хахахад” хүрээд байгаа. Түүний оронд иргэдийн амжиргааг дээшлүүлж, орон сууц авах санхүүгийн боломжтой болгох нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй байсан тухай мэргэжлийн хүмүүс хэлдэг.  

Тэгвэл Барилга хот байгуулалтын яам, Орон сууцны корпораци, Монголын ипотекийн корпораци, хамтран орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг гаргажээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн, тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэрэн нар мэдээлэл хийлээ.

Одоогоор нийслэлд орон сууц м.кв нь дунджаар 1.6 сая төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн онд эдийн засаг өссөнөөр барилгаас бусад салбар сэргэсэн нь тус салбарт эерэгээр нөлөөлж байгааг энэ үеэр хэллээ. Яамны зүгээс судалгаан дээр тулгуурлан ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулахын тулд зээлийн урьдчилгаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай гэнэ.

Ингэхдээ ипотекийн зээлийн эргэн төлөлтийг буцаагаад орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд олгоё гэсэн байр суурьтай байгаа аж. Тус яамнаас ипотекийн зээлийн урьдчилгааг 25%, хүүг 8 % болгон бууруулах санал гаргасан байдаг. Энэ хүрээнд Сангийн яам, Монголбанктай хамтран судалж үзэхэд “боломжгүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тиймээс эхний ээлжинд орон нутаг, хотын зах орчмын хороололд ипотекийн зээл олгохдоо “Урьдчилгааг 25 %, хүүг 7 % болгож бууруулаач” гэсэн хүсэлт тавьжээ.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “БНСУ-аас 500 сая ам, долларын хөнгөлттэй зээл авах асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг агаар, орчны бохирдолыг бууруулахад зарцуулах бөгөөд урт хугацаанд хэрэгжих төслүүд буюу орон сууцны хороолол барихад зарцуулна. Улаанбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд ипотекийн зээл, инженерийн дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй.

БНХАУ-аас авах 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар бололцоо бүхий гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбоно. Бага дунд орлоготой иргэдээ яаж орон сууцжуулах уу, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал дээр Засгийн газрын бодлого төвлөрнө” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-“Орон сууц хэт үнэтэй байгаа тул бага дунд орлоготой иргэд худалдан авах боломжгүй байна” гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байнга өрнөдөг. Үнийн асуудал дээр салбарын яам ямар бодлого баримталж байна вэ?

-Орон сууцны дундаж үнэ м.кв нь 1.6 сая төгрөг байгаа. Үнэ буулгах асуудал нь үндсэн карказ, аюулгүй байдалтай холбоотой учраас хамаагүй механикаар хандаж болохгүй. Харин барилгын дотоод засал чимэглэлтэй холбоотойгоор үнэ буулгаж болно. Дотоод засал чимэглэлээс шалтгаалан барилгын компаниуд үнээ 20-30 % нэмж байгаа. Иргэд санхүүгийн боломжиндоо тааруулан засал чимэглэлийн үнэлгээг шийддэг байх ёстой.

-БНХАУ-ын буцалтгүй тусламж, БНСУ-ын хөнгөлттэй зээлээс ипотекийн зээлийг нэмж санхүүжүүлэх боломж бий юу?

2013 оноос ипотекийн зээл олгож, 3,8 их наяд төгрөг хэвлэсэн. Энэ хугацаанд 76 мянган өрхийг орон сууцанд оруулсан. Эргэн төлөлтөөс сард 25 тэрбум төгрөг орж ирж байгаа. Өнөө жилийн хувьд эргэн төлөлтөөс гадна улсын төсөв дээр 120 тэрбум төгрөг суулгаж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх гэж байна. Гадны зээл тусламж бидэнд шууд бэлэн мөнгөөр ирээд, салбар бүрт хувиарлах боломжгүй байдаг.

-Гэр хороолол руу дэд бүтэц татна гэлээ. Дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн иргэдэд амины орон сууц барихад нь зориулж хөнгөлттэй зээл олгох уу, ипотект хамруулах боломжтой юу?

-Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах гарц бол дэд бүтэц бий болгох, амины орон сууцжуулах юм. Дэд бүтцийг шууд татаж болохгүй байна. Уулын орой руу өгсөөд буусан айлуудын цахилгаан, бохирын асуудлыг шийдэх боломжгүй. Учир нь шугам хоолой тогтсон стандарттай байдаг. ЖАЙКА, Азийн хөгжлийн банк гээд манай хотын нөхцөл байдлыг удаан хугацаанд судалсан байгууллагууд хамтран “Ногоон уур амьсгалын сан”-г байгуулахаар ярилцаж байна. Уг сангаас дэд бүтэц нт шийдэгдсэн бүсэд дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууц барих, загвар зургийг иргэдэд гаргаж өгөхөөр төлөвлөж байгаа. Сангаас дээрх шаардлагыг хангасан бол 5 хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэж үзсэн.

-Ипотекийн зээлд хоёр дахь зах зээлийг оруулж ирэх үү. Анхдагч зах зээлд банкууд давамгайлаад иргэд зээлээ төлөх биш хүннд нь мөнгөө төлдөг тогтолцоо байна?

-Тийм ээ энэ асуудлыг бид ярьж байгаа. Олон улсын байгууллагатай зөвлөлдсөн. Манай улсыг эрхзүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэсэн. Энэ асуудлыг удахгүй ажил хэрэг болгоно. Харин иргэдийн шүүмжлээд байдаг зээлийн нөхцөлийн тухай банктай мөн хэлэлцэж байгаа. Одоогийн арилжааны банкны нөхцөлөөр иргэд ипотекийн зээлээ төлөхдөө хүүгээ түрүүлж төлөөд, үндсэн зээл нь хасагддаггүй. Тиймээс хүү, үндсэн төлөлт нь зэрэг хасагддаг болно.

Б.Болор-Эрдэнэ

Үндэсний шуудан сонин

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн