Улс төр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн зарим заалтыг түдгэлзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны зургадугаар сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан байна.

Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн Цэц дүгнэж холбогдох зохицуулалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэндээ дурдсан байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close